2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
"Хоёр машинтай л болж замын хөдөлгөөнд оролцохоос.."

Энэ зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудал яригдаж, иргэдээс санал асуулга авахаар болсон. Гэтэл өчигдөр уг санал асуулгын дүн гарсан эсэх нь тодорхойгүй байхад шууд зуны цагийн хуваарьт шилжүүлж, иргэд долоо хоногт хоёр удаа автомашинаараа зорчих эрхээ хязгаарлуулжээ.

Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх тул энэ хугацаанд долоо хоногийн таван өдөр хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.

Ийнхүү Замын цагдаагийн гүүрэн гарцны барилгын ажилтай холбоотойгоор нийтдээ найман газарт түр зам гаргахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд долоо хоногт хоёр удаа ажил, гэр ойрхон нь явгарч, хол нь автобусдаж, эсвэл таксидах сонголттой нүүр тулжээ.

Тодруулбал, бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин, мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах аж. Түүнчлэн хөл хөдөлгөөн ихтэй Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг баасан гаригт амраахаар тооцоолсон байна. Ингэхдээ бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Замын цагдаагийн байгууллагын мэдээлснээр“Иргэдийг үргэлж автомашинаар зорчих шаардлагыг тавьсаар ирсэн. Өвлийн улиралд автомашингүй байх хэцүү ч зуны улиралд бол явганаар, дугуйгаар зорчих боломжтой учраас хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Угтаа өнөөдөр монголд дугуйн зам байгаад, тэр нь хотын нэг захаас нөгөө зах хүртэл саадгүй дардан байдаг бол иргэдийн ихэнхи нь унадаг дугуйтай байх байлаа. Үгүй ядхад нийтийн тээвэр нь аюулгүй байдал, өнгө үзэмж, хүрэлцээ хүртээмжээрээ сайн байдаг бол уг шийдвэрийг эсэргүүцэх шаардлага алга.

Гэтэл дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах саналаа иргэдээс хүртээмжтэйгээр ч аваагүй байж ийм шаардлага тавих нь хэр зүйд нийцэх вэ? Уг шийдвэртэй холбоотойгоор нэгэн иргэн “Улсдаа татвараа бүрэн төлөөд, ажиллаж амьдрах гээд ядаж байхад хоёр өдөр зорчих эрхээ хязгаарлуулж амьдармааргүй байна. Хоёр, гурван машинтай дарга нарт л энэ шийдвэр нөлөөлөхгүй болохоос жирийн иргэд бидэнд хүнд тусч байна” гэж бухимдсанаа илэрхийлсэн байв.

Угтаа анх дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлж байхад нийслэлийн авто замуудын түгжрэл багасаж байсан. Харин одоо бол хот нягтарших тусам замын түгжрэл ихсээд буй. Ийм үед дээрх санал, шийдвэр бол бас л хөрөнгө мөнгө үрсэн л ажил болно. Замаа засаж, сайжруулж болно. Гэхдээ бүх зүйлийг хязгаарладаг сэтгэлгээнээсээ салж, өөрөөр шийдэж сурмаар санагдах юм.

Г.Хулан

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.