Эх орон бидний орон гэр. Орон гэрээ өөдтэй өнгөтэй байлгахын тулд зөвхөн өрхийн тэргүүнээсээ юм шаардаад өөрсдөө зүгээр суувал тэр айл дэвжиж дээшлэхгүй. Бүгд хичээж хөдөлмөрлөж баймаажин сая айлын дайтай явна. Улс гүрэн үүн лүгээ адил.
Хэрэв Монгол Улсыг нэг өрх гэртэй зүйрлэвэл одоогоор тийм ч шилдэг сайн өрхийн тэргүүнтэй айл лав биш. Иргэд нь хайр халамж нэхэж гар тоссон, бэлэнчлэх сэтгэлгээ нь бүр дадал зуршил болтлоо хэвшчихсэн, аливааг сөрөг талаас нь эхэлж хардаг иймэрхүү дүр зурагтай.
Гэхдээ хүн бүрийн хүчин зүтгэлийг улсынхаа хөгжилд хөтлөх гарц гаргалгаа бий. Тэр бол иргэддээ боломжийг нь нээж өгөх явдал. Хайр халамж, өглөг бол боломж биш. Харин хүн өөрийгөө бүтээлч байдлаар хөгжүүлэх тэр орчинг бий болгож өгөхийг боломж хэмээн харж болно. Үүнийг нэг талаас Soft infrastructure буюу зөөлөн дэд бүтэц гэж ч хэлж болох байх. Боломжийг бүтээх нь хүчирхэг бөгөөд оюунлаг төрийн нэг шинж болой. Боломж гэж тийм ч эрээд олдохгүй эрдэнэ, сураад олддоггүй сувд биш, гар хүрэх газарт байдаг гэх юм билээ.
...Танилын маань оюутан залуу арцны үндсээр янз бүрийн сийлбэр хийдэг. Сүүлийн үед чулуу ясаар гоёл чимэглэлийн зүйл урлах болсон. Урин дулааны улиралд борлуулахад асуудалгүй. Музей, зочид буудалд байх дэлгүүрдэд тавихад жуулчид хуу хамчихдаг. Канадын нэг иргэн бүр захиалга өгч хэд хэдэн сийлбэр хийлгэжээ. Тэрбээр сийлбэрчин залууд интернет худалдааны eBау сүлжээгээр арилжаа хийхийг зөвлөжээ. Гэтэл цахим төлбөр буюу PayPal дээр очоод гацчихжээ. Учир нь Монгол улсын банкуудыг найдваргүй гэж үздэг учир РауРal-аар Монголд төлбөрөө хүлээн авах боломжгүй.
Монголчууд өнөөдөр Amozon, Alibaba гээд дэлхий нийтэд түгэн тархсан цахим худалдааны сүлжээгээр дамжуулан худалдан авалт хийхээс гадна тэнд бараа бүтээгдэхүүнээ байрлуулах боломжтой. Гэтэл энэ бүхэнд мөнөөх л цахим төлбөр Pay Pal-аар Монголд мөнгө хүлээн авах боломжгүй байгаа нь хаалт болдог. Хэрэв тэр боломж байсан бол монголчууд өнөөдөр бие даан дэлхий дахинд худалдаа арилжаа хийж өөрийгөө өрөөлтэй хамт болгоод байх бүрэн боломжтой. Харин банкны орчноо эрүүл саруул, найдвартай болгож, PayPal мэтэд гарц нээж өгөх нь төрийн үүрэг, иргэддээ олгож буй боломж нь тэр. Монголд гадны банк оруулж ирэх хүсэмжлэлийн нэг шалтгаан энэ.
...Монголын зах зээл жижигхэн. Энэ хэрээрээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн өртөг зардал их шингээдэг, үнэ өндөртэй. Хэрэв олноор үйлдвэрлээд илүү гарсныг нь гадаад зах зээл дээр гаргаж чадвал үнэ буурна, валютын дотогшоо чиглэсэн урсгал бий болно. Их бага нь хамаагүй, хамгийн гол нь дотогшоо чиглэсэн урсгал бий болж, гольдрол нь зөв байх ёстой. Гэтэл бараа бүтээгдэхүүнээ хэрхэн яаж гадаад зах зээлд гаргах, хэнд яаж хандах, экспортын шат дамжлага, төлбөр тооцоо, шалгуурын талаар ойлголт мэдлэг бидэнд хомс. Гэтэл төрийн байгууллагууд үүнд нь туслаж экспортлогч импортлогч хоёрыг холбоод гүүр нь болж өгвөл боломж тэр. Үйлдвэрлэгчиддээ энэ талын сургалт явуулж болно. Өөрөөр хэлбэл боломжийг нь нээж өгч байна гэсэн үг.
Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Иргэдийнхээ энэ мэт идэвхи оролцоог дэмжээд боломжийг хангаж өгөх нь төрийн үүрэг баймаар. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг чинь нэг талаасаа энэ биш гэж үү.
Монголд оюуны нөөц бол бүрдчихсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Үнэндээ манайд хамгийн хямдхан хэрнээ боломжит судлагаа, техник технологийн шийдлийг боловсруулж чадах хүмүүс нь эрдэмтэд маань. Гэтэл төр засаг нь ч тэр, аж ахуйн нэгжүүд нь ч тэр энэ их боломжийнхоо дээгүүр давж хараад байдаг. Гадны орнуудын томоохон компаниуд шинжлэх ухааны байгууллагадаа тодорхой чиглэлээр судалгаа шинжилгээний захиалга өгөөд үүнийхээ зардлыг санхүүжүүлдэг. Судлаачдаа дэмждэг. Шинэ, шилдэг бүхэн ингэж төрдөг аж. Төр бодлого төлөвлөлтийнхөө хүрээнд тодорхой сэдэв, шийдлээр судалгаа шинжилгээний захиалга өгч болно. Үүний үр дүнд шилдэг бренд, шийдэл бий болно. Энэ бол маргах аргагүй үнэн. Шинжлэх ухааны салбарынхандаа ийм боломж олгоё.
Боломж ба санхүүгийн чадавхийг төвлөрүүлэх нь
Даяарчлагдсан дэлхий ертөнцөд улсын дайтай хөгжихийн тулд Монголд шийдэх асуудал дэндүү олон. Ардчилал, зах зээл хэмээх нийгмийн шинэ харилцаанд шилжээд 30 шахам жил өнгөрлөө. Хэрэв зөв бодлого зохицуулалт, эх оронч сэтгэлээр хандвал ийм хугацаанд улс орон яаж хөгждөгийг бидний сайн мэдэх БНСУ, Сингапур, Кувейт, манай урд хөршийн хөгжил бэлхэнээ харуулна.
Харин бидний монголчуудын хувьд эдүгээг хүртэл хэрүүл тэмцэлтэй, хөгжил, амьжиргааны түвшингээр бусдаас хол хоцорчихоод байгаа нь гашуун үнэн. Хоцорч яваагийн шалтгааныг хөрөнгө мөнгөний хомсдол хүрэлцээ гэсэн тайлбар дагалддаг. Гэхдээ энэ бол шалтаг болохоос шалтгаан бус.
Нэг үеэ бодвол Монгол Улс мөнгөтэй болсон. Улсын төсөв тэрбум, бүр сая төгрөг гэсэн нэгжээр хэмжигдэж байсан нь саяханы явдал. Эдүгээ төдөн их наяд гэсэн том тоогоор яригддаг болсон. Энэ бол бага мөнгө биш, хэрхэн яаж зарцуулахаас их зүйл хамаарна. Яагаад энэ их мөнгө үр өгөөж муутай бана вэ. Гол чухал асуудал шийдэлдээ улсын төсвийн хөрөнгө хүчний боломжоо төвлөрүүлж чадаагүйтэй холбоотой. Төсвийн хуваарилалтыг бүхий л салбарт тугалыг нь турааж эхийг нь эцээхгүй гэсэн сэтгэлгээгээр чимх чимхээр цацаж ирсэн нь төсвийн зарцуулалтын өгөөжийг бууруулсаар ирлээ. Тийм болохоор монголчуудын ярьдагаар аманд ч үгүй, хамарт чүгүй гэдэгтэй утга уялдаа нэг. Өөрөөр хэлбэл санхүүгийн боломж хүчээ төвлөрүүлж чаддаггүй, тарааж тарамддаг.
Жишээлбэл, нэг жил нэг том асуудалд хөрөнгө хүчээ төвлөрүүлж бүрэн шийдээд явсан бол ядахнаа 10 том асуудлын ард гарчихсан, өдийд тэндээсээ ногоон мөнгө саагаад сууж байхгүй юу. Тухайлбал, төмөр зам, баруун бүсийн усан цахилгаан станц, төмөрлөгийн үйлдвэр, нефть боловсруулах болон зэс хайлуулах үйлдвэр гэхчлэн. Ингэж санхүүгийн болон бодлогын хүч боломжоо нэгэн цэгт төвлөрүүлж, ингэхдээ шинэ цагийн шилдэг техник технологиор шийдээд явдаг байвал жил бүр засмал замаа засах гэж хэдэн тэрбумыг газарт булахгүй. Өртөг шингээгүй эрдэс бүтээгдэхүүнээ хямд үнээр экспортлохгүй. Аль эсвэл хоёр хөршөөсөө эрчим хүч импортлохгүй, шатахууны хэрэглээ хангамжаараа бусдаас бүрэн хараат суухгүй байлаа.
Төсөв, хөрөнгө санхүүгийн боломжийг ингэж амсуулах маягаар тараан хуваарилснаараа бүтээгч хүчийг нь тарамдуулахын зэрэгцээ эдийн засгийн өгөөж хишгийг нь бууруулж, товчхондоо бол боломжоо зовлон бэрхшээл болгосоор өдийг хүрлээ.
Үнийн өсөлтийг эрэлтийг нэмэгдүүлж бууруулах боломж бий
Өнөөгийн Монголын нийгмийн тулгамдсан нэг асуудал үнийн өсөлт. Үнийн өсөлтийн “үхлийн тойрогт”-оо эргэлдсээр байна. Нэг хэсэгтээ л энэ тойргоос гарч чадахгүй биз. Гэхдээ энэ бас бидний хүсэл зоригоос шалтгаална.
Үнэ буурах нэг боломж нь импортыг хязгаарлаж дотоодын үйлдвэрлэлэлээ дэмжих явдал. Гэвч үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй хэмээн гоочилдог. Энэ ч бас үнэний хувьтай. Үндсэндээ зах зээлийн багтаамжаас шалтгаалсан үнэ л дээ. Урд хөршийн хэдэн зуун сая хүнд зориулж үйлдвэрлэх, 3 сая иргэнтэй Монголын зах зээлд гаргах хоёрт үнийн өдөр шөнө шиг хол ялгаа бий.
Гэхдээ үнийг бууруулах гарц бас бий. Тэр бол төр болон хэрэглэгчдийн зүгээс хэр хэмжээндээ нийцсэн эрэлт үүсгэх явдал юм. Үндэсний үйлдвэрлэлээ дамжинэ гэдэг чинь л энэ шүү дээ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах боломж бий болгож байгаа нь энэ. Эрэлт дагаж үнэ өсдөг гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд нөгөө талдаа бараа бүтээгдэхүүний өртөг зардлыг багасгаж, энэ хэрээрээ үнийг хямдруулдаг.
Төрийн байгууллагууд худалдан авах ажиллагааны хүрээндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих их боломж бий. Эрэлтийг дагасан үйлдвэрлэлийн өсөлт нь цаагуураа үнийн бууралтыг дэмждэг гэдгийг санах учиртай. Эдийн засгийн эргэлт, эргэх холбоо ийм зүй тогтолоор өрнөдөг.
П.Булган
24news.mn