АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ирэх сард уулзахаар болсон билээ. Тэгвэл энэхүү түүхэн уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газраар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот тооцогдож байгаа аж. Уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах хувилбарыг Вашингтон илүүд үзэж байгаа гэсэн утгатай мэдээллийг “CNN” агентлаг өнөөдөр цацлаа.
Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэгт багтсан албаны эх сурвалжаас авсан гэх тайлбартай “CNN”-ийн мэдээлэлд энэ талаар дурдсан байна. Тодруулбал, эх сурвалж “Ким Жон Ун уулзалт хэлэлцээрийг Пёньянд зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэвч уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулах илүү тохиромжтой хувилбар байгаа” гэж хэлсэн хэмээн мэдээлжээ.
CNN агентлагийн цацсан уг мэдээлэлд “Уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахыг Монголын өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар хүлээн зөвшөөрч, нээлттэй хандаж байгаа.Тус улс хоёр хөршөөсөө гадна БНАСАУ, БНСУ, Япон, АНУ-тай бүгдтэй нь сайн харилцаатай байдаг” хэмээн онцлон дурдсан байв.
24news.mn