2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой

Ийм гарчигтай нийтлэлийг Монголын Эдийн засгийн анхдугаар чуулганд санаа нэмэрлэх үүднээс судлаач Р.Эрхэмбаяр 2010 оны хоёрдугаар сард буюу Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө гаргаж байжээ (“Зууны мэдээ” сонин, 2010.02.08., № 32).

Оюутолгойн асуудал бүх нийтийн анхаарлын төвд ахин орсон энэ үед бид эл нийтлэлийг уншигчдынхаа сонорт хүргэж байна.



Тулгамдсан асуудлаа зөв шийдвэрлэх нь аливаа улс,үндэстний хөгжил,  дэвшлийн үндэс. Үүнтэй маргах хүн бараг гарахгүй биз. Тэгвэл  энэ цаг үед тулгамдсан асуудал хэвээр байгаа Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд анхаарал хандуулахыг хүсч байна. 

Үүнийг уншаад олон хүн гайхаж таарна. Яагаад гэвэл гэрээг нь нэгэнт байгуулсан тул Оюутолгойн асуудал шийдвэрлэгдсэн, тэгэх тусмаа бүр эргэлт буцалтгүй шийдэгдсэн гэдэг ойлголт гадаадад ч, дотоодод ч түгээмэл үүссэн. Нарийндаа энэ ойлголт өрөөсгөл, тэр ч байтугай  аюултай үр дагавартай төөрөгдөл  юм.

Бороогийн ордын 40 гаруй тн алтаа бусдад зүгээр өгч цөлмүүлсэн харамсаад баршгүй гашуун туршлагаасаа монголчууд бид олон жилийн халуун яриа, ширүүхэн тэмцлийн эцэст сургамж авч нэгэн дүгнэлт хийсэн. Юу вэ гэвэл, Оюутолгойн ордоо ингэж үрэн таран  хийхгүй шүү, ёстой л долоо хэмжиж нэг огтолно шүү, дахиад алдах эрх байхгүй шүү гэх үндэсний хэмжээний ойлголцол, зөвшилцөлд хүрсэн билээ.

Гэтэл эрх баригчид үүнийг үл хайхран сурсан, дадсан захиргаадалтын аргаараа Хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн намар байгуулчихсан. Оюутолгойг Монголын эдийн засгийн хөгжлийн зүтгүүр биш, харин “том Бороо” болгож хувиргах, бүр түүнээс хэмжээлшгүй их хор уршгийг алс хэтдээ тарьж дагуулах эхлэлийг үнэн хэрэг дээрээ тавьчихав. Хэн нэг нь субъектив сэдэлтээр гэрээнд таагүй хандаад байгаадаа бус, харин объектив утгаар ингэж үзэх олон янзын үндэслэл оршсоор буйг эрхбиш ялгаж салгаж ойлгоно буй за.

Эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүгээс өмнө нь анхааруулан хэлж  байсан зүйлс үйл явдлын өрнөлтөөр батлагдаж эхлэв. Үүний нэгэн жишээ нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Оюутолгойн төслийн техник,эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-ийг шаардлага хангахгүй байна хэмээн 2009 оны 12дугаар сард буцаасан явдал байв. 

Нөөц баялгийн тал хүрэхгүй хувийг сорчилж аваад бусдыг нь яах гэж байгааг тодорхой болгоогүй ТЭЗҮ-г хууль зөрчсөн зүйл гээд “унагаахаас” өөр зам байсангүй. Хот байгуулалт,ус,дэд бүтцийн асуудлыг ч ТЭЗҮ-д олигтой тусгаагүй нь харагдав. Гаднынхны боловсруулсан ТЭЗҮ-д монголчуудын өмч баялгийг хэрхэн дээд цэгт нь тултал ухаж олборлоод баяжмал байдлаар урагш нь түргэн зөөж гаргах вэ гэдгийг л чухалчилсан гэхэд хилсдэл болохгүй. Ийм агуулгатай ТЭЗҮ-ийг манай эрх баригчид “харанхуйгаар хүлээн зөвшөөрч”,  хууль тогтоомжоо зөрчин Хөрөнгө оруулалтын гэрээг яаран байгуулсан  нь одоо нотлогдоод байна.

Төлбөр,тооцооны аргаар ядуу буурай орнуудын баялгийг идэж хулгайлдаг шалгарсан аргачлал,практик үндэстэн дамнасан компаниудад байдаг юм, ийм замаар  монголчуудыг Оюутолгойн төсөл дээр цөлмөх гэж байна шүү хэмээн “Монголчууд үнэлгээ,тооцоо,хөнгөлөлтөөр цөлмүүлэх нь” нийтлэлдээ сэрэмжлүүлсэн (“Зууны мэдээ”,2007.05.10., №113)

Гэрээ байгуулагдаад удаагүй байхад 2,5 тэрбум долларыг гаднын компаниудад ийм байдлаар алдах гэж буй нь тодорхой болов. Ерөнхий сайд С.Батболд “Оюутолгойгоос 2 тэрбум ам.доллар алдсан гэдэг дээр санал нэг байна” хэмээн үүнийг хүлээн зөвшөөрсөн янзтайгаар УИХ-ын хуралдаан дээр мэдэгдсэн (news.mn, 2010.01.22.)

Монгол Улс, үндэстэнд үлэмж их хохирол учрах гэж буйг мэдсээр байж таслан зогсоох арга хэмжээ авахгүй орхивол энэ нь гэмт хэрэг болж хувирна. Хөрөнгө оруулалтын гэрээ хэвээр үлдвэл гадаадынхан цаашид олон арван жилийн туршид төлбөр,тооцооны янз бүрийн аргаар Монголын баялгаас маш ихийг шулж шамшигдуулна  гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ноцтой алдаатай гэрээ байгуулсны зөвхөн нэг үр дагавар нь л энэ байх юм.

Ямартай ч өнгөрсөн хэдхэн сарын дотор Оюутолгойн гэрээний “зэс” энэ мэтчилэнгээр бүр илт цухуйж эхлэв. “Булавч бултайна, даравч дардайна” гэдэгчлэн гэрээний алдаа,уршиг улам ихээр мэдрэгдэн ойлгогдохын хэрээр ард түмэн  гэрээг өөрчлөх,цуцлах шаардлагыг хүчтэйгээр тавих нь ердөө л цаг хугацааны асуудал гэж ойлгож болно.

Гэрээ нийгмийн зөвшилцлийн үр дүн мөн, биш нь  түүний агуулга,хэлбэр улс,үндэстэн,хүн ардын язгуур эрх ашигт хэр нийцэж байгаагаар тодорхойлогддог. Бүх нийтийн ойлголцол,зөвшилцлийг, тэр ч бүү хэл хууль тогтоомжийг зөрчиж байгуулагдсан аливаа гэрээ угаасаа тун явуургүй. Бүр анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тохиолдол ч бий. Оюутолгойн гэрээ  ийм урагшгүй замаар орчихсон нь монголчуудын эмгэнэл.

Боловсруулах үйлдвэрлэл хөгжилд хэр чухлыг нийтээр мэднэ. Оюутолгойн эрдсийн баялгийг дотооддоо боловсруулах нэг шат бол баяжмалаас зэс,алт,мөнгө,молибден болон бусад металлыг ялгаруулах хүч чадлыг бий болгох явдал. Харамсалтай нь, эдийн засгийг хөгжүүлэх энэхүү томоохон зорилтын хэрэгжилт Хөрөнгө оруулалтын гэрээнээс болоод маш ихээр хүндрэх төлөвтэй болчихов.

Энд би “зэс хайлуулах үйлдвэрийг ... Монгол Улсад барих,ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг” (гэрээний заалт 3.19.) гэрээ хүчин төгөлдөр болсны дараа дээд тал нь 10 жилийн дотор багтааж боловсруулах тухай хөгийн тохиролцоог онилж хэлсэнгүй. Ач холбогдлоороо зүйрлэшгүй их өөр хоёр хүчин зүйлийг онцолж ярьж байна. 

Нэгд, баялаг эзэмших эрх мэдлээ бусдад сайн дураар өгчихөж буй нь зэс хайлуулах үйлдвэрийг барих хуримтлал,санхүүжилтийн эх үүсвэрийг хязгаарлуулах,  тануулахад хүргэж байна. Дор хаяж 30 жилийн туршид ердөө 34 хувийн ногдол ашиг хүртэхээс гадна яг ямар хэмжээний ногдол ашгийг хэзээ хуваарилахыг ч шийдэх эрхгүйгээр “бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэдэг  болох нь. Хөрөнгө,санхүүжилт босгох боломжоо бусдад шилжүүлсэн монголчууд шинэ үйлдвэрлэл эрхлэн хөтлөхөд шаардлагатай  хөрөнгө,зээлийг дахиад л бусдаас гуйж гувшихад хүрэх нь. Ингэж өөрсдийгөө хохироож, хөнөөж байх ямар хэрэг байна.

Хоёрт, Оюутолгойн “баяжмалыг олон улсын зах зээлийн үнэ,стандартад суурилсан харилцан тохиролцсон арилжааны үнээр” нийлүүлэхээр гэрээнд (заалт 3.21-д) тусгасан нь зэс хайлуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ,өртөгт зайлшгүй сөргөөр нөлөөлнө. Үүний улмаас үндэсний үйлдвэрлэлийн ашиг,орлого харьцангуй буурахад хүрнэ.  Бусад оронтой жишвэл илүү өндөр үнэ,өртгөөр босох магадлалтай боловсруулах үйлдвэрүүд давхар дарамтад орж, ийнхүү бүр эхнээсээ өрсөлдөх чадвараар харьцангуй доройтно. 

Шинэ үйлдвэрлэл хөл дээрээ түргэн босч хөгжих тааламжтай нөхцөл энэ яав ч биш. Зүй нь дотоодын зах зээлийн харьцангүй доогуур үнээр, эсвэл  бүр компанийн дотоод тооцооны хямдарсан  үнээр гол түүхий эдээ авбал боловсруулах үйлдвэрлэлийн өртөг,зардал буурч ашигт ажиллагааны төвшин нь харьцангуй өндөрсдөг жамтай. Гэтэл ийм боломж гэрээнээс болоод үндсэндээ хаагдаж байна.

Зэс хайлуулах үйлдвэрээ төлөвлөж  ч эхлээгүй байхдаа хөгжлийг нь  боомилсон нөхцлийг Хөрөнгө оруулалтын гэх гэрээгээр ийнхүү бий болгох нь хэнд хэрэгтэй юм бэ? Монгол Улсын хөгжилд лав хэрэггүй. Тэгвэл гэрээг энэ байдлаар нь үлдээх хүсэл,сонирхол ямар бодлогод үйлчилж таарах вэ? Сайнаар яривал гэнэн тэнэг бодлогод, саараар яривал Монгол Улсыг  ядуу дорой байлгах, бусдын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчээр үүрд үлдээх хорлонт бодлогод л нийцнэ гэж дүгнэхээс өөр аргагүй. 
 
Оюутолгойн гэрээний агуулга улс,үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн зорилго, зорилтуудад нийцэхгүй байна гэх санал,шүүмжлэл өнгөрсөн жилүүдэд үй олон гарсан. Тэдгээрт бодитойгоор хөндөгдсөн асуудлуудыг нягталж, зөв зүйтэйгээс нь тусган авахын оронд  үл тоомсорлон басамжилж гэрээг мугуйдлан байгуулсан билээ.  Ингэснээр эрх баригчид улс,үндэснийхээ хөгжил,дэвшилд асар их түлхэц,тэтгэлэг өгөх чадавхтай Оюутолгойн төслийг хүнд байдалд оруулчихаад байна. Тэдний хувьд бол бүр гацаанд орчихлоо гэж ч хэлж болно. Хөөрцөглөсөн жүжиг,тоглоом нь яван явсаар хөнөөлт үр дагавартай шоглоом болчихов. 

Байдал нэгэнт ийм учраас Оюутолгойн гэрээг хэрхэх вэ? гэдэг асуудал хүссэн, хүсээгүй дахин тавигдаж байгааг хаа сайгүй ухаарах ёстой. Үүссэн нөхцөл байдлыг  илэн далангүй, ажил хэрэгчээр шүүн хэлэлцэх нь өнөөгийн тулгамдсан асуудал яах аргагүй мөн. Гарц,шийдэл ч уг нь бий.

Гарын үсэг зурсан хэдий ч гэрээ хараахан бүрэн хүчин төгөлдөр болоогүй байна. Гэрээнд дурдсан 10 нөхцөл хангагдсан тохиолдолд гэрээ бүхэлдээ эрх зүйн чадамжтай болох юм. Тэр болтол гэрээг өөрчлөх, эсвэл бүр болих эрх нь аль аль талд зарчмын хувьд нээлттэй байгаа. Иймд Оюутолгойн гэрээ одоогоор эргэлт буцалтгүй болоогүй байна. Гэхдээ гэрээтэй холбоотой аливаа маргааныг Лондонгийн Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болчихоод байгаа нь тун ноцтой нөхцөл байдал юм. 

Гэрээг өөрчлөх асуудлыг энэ гэрээг тохиролцож байгуулсан хүмүүс бодитойгоор тавьж,шийдвэрлэж чадахгүй нь тодорхой. Гэрээнд өөрчлөлт оруулахгүй, ямар ч алдаатай байсан одоо хамаагүй, эргэлт буцалтгүй болсон гэх байр суурийг шинэ тэргүүнтэй Засгийн газар баримталж буй мэт байгаа нь  үүнтэй ч холбоотой байж мэднэ.

Ийм нөхцөлд УИХ асуудлыг өөр дээрээ татаж аваад зөв зүйтэйгээр шийдвэрлэх нь зохимжтой төдийгүй амин чухал боллоо. Хуулиа баримтлавал УИХ гэрээг авч хэлэлцэх үүрэгтэй гэж ойлгогдож байгаа. Нөгөөтэйгүүр УИХ өмнө нь гаргасан зарим нэг шийдвэрээ өөрчлөөд ажиллахад болохгүй гэх газаргүй. Бүх эрх мэдэл нь парламентад байна, одоо улс,үндэстнийхээ хувь заяа,эрх ашгийг дээдлэн улс төрийн зориг гаргах л үлджээ.

Ер нь цөөн албан тушаалтны ноцтой алдаа,завхралын хамаг гай,балгыг улс орон,ард түмэн олон арван жилээр үүрэн амсаж хувь заяа,амьдрал ахуйгаараа хохирох нь хэр зөв бэ? гэх асуулт хурцаар тавигдаж байгаа юм. Ямар ч алдаатай байсан одоо гэрээг сайжруулахаас өнгөрсөн гэх байр суурьтай байгаа хүмүүс дээрх асуултад юуны өмнө хариулт өгөх учиртай.

Одоогийн Хөрөнгө оруулалтын гэрээ нь хамгийн гол чухал зүйл,заалт дээр өмнөх жилүүдийн,тухайлбал 2007 оны гэрээний агуулгаас дээрдэж чадаагүйг хэлэх хэрэгтэй. 

“УИХ-ын 76 гишүүн бүрт (хандаж) хоёр зүйл хэлмээр байна. Нэгд, ийм нөхцөл,болзолтой гэрээг боловсруулж тохиролцсон хүмүүст нь шууд буцаах хэрэгтэй. Мөн улс,үндэстнийхээ эрх ашгийг хөсөрдүүлсэн гэрээг зөвшөөрч үеийн үед мартагдахааргүй, дааж давшгүй лай, нүглийг өөр дээрээ сайн дураараа бүү хураагаарай... Ийм гэрээг байгуулбал үндэсний хөгжлийн бодлогод маш хүнд цохилт болно. Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ цөлмүүлэхэд хүрнэ. Ер нь цаашид хөгжлийн бодлого энэ тэр гэж ярих, хөтөлбөр зохиох явдал утга учраа алдана шүү...” хэмээн 2007 оны гэрээний төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж байснаа санаж байна (“Ардчилал”,2007.07.02.,№78, “Хөрөнгө оруулах биш, хөрөнгөө соруулах гэрээ байна”).  

Бараг гурван жилийн өмнөх санаа,дүгнэлт огтхон ч хуучраагүй, ач холбогдлоо алдаагүй байгаа нь Оюутолгойн гэрээнд өнгөрсөн хугацаанд  дорвитой ахиц,дэвшил гараагүй болохыг харуулна. 

Иймд Монгол Улсаа хөгжүүлэх бодол,яриагаа ажил хэрэг  болгоё гэж үнэнхүү эрмэлзэж байгаа бол хүнд байдалд орчихоод байгаа Оюутолгойн гэрээгээ өөрчилж сайжруулахад анхаарвал яасан юм бэ, монголчууд аа. 

Р.Эрхэмбаяр
2010.02.05

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.