Монгол Улсын хувьд эдийн засгийн гадаад орчин таатай байгаа талаар Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Энхбаяр онцолжээ. Тэрбээр "Бидний хувьд эрдэс түүхий эдийн гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийг анхааралтай ажиглах шаардлагатай болдог. Тэгвэл өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна. Хөршийн эдийн засаг сайн байх тусам манай улсын экспорт тогтвортой байна гэсэн үг" гэжээ. Тэгвэл Хятадын ДНБ эхний улиралд өмнөх оны мөн үеэс 6.8 хувь өссөнийг Дэлхийн банкнаас мэдээлэв.
Эдийн засгийн салбар дахь сүүлийн үеийн сайн мэдээ гэвэл манай голлох экспорт болдог зэсийн үнэ ханш өсч эхэлсэн тухай юм. Өнөөдөр улбар метал улсын төсөвт оруулах орлогын хэмжээгээрээ нүүрсний дараа орж байгаа.
Зэсийн үнэ одоогийн байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн нь 7015 ам.долларын үнэ ханштайгаар хаагдсан тухай өчигдрийн мэдээлэл байна. 2018 оны нэгдүгээр сард зэсийн үнэ 7100 ам.долларыг давж байсантай харьцуулахад энэ нь буурсан хэдий ч ерөнхий зургаараа бол үнэ тогтвортой байгаа юм. Гэхдээ 7015 гэдэг бол өмнөхөөсөө өссөн үзүүлэлт юм.
2018 оны эхээр судлаачдын прогноз 7077 - 6060 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 6658 ам.доллар/тонн байна гэж төсөөлж байв.
Зэсийн үнэ өссөнтэйгээр холбоотой Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану “ Монгол улсын эдийн засгийн өсөлтөд ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлт, тэр дундаа экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөлттэй байхын сацуу ханш нь өнгөрсөн оныг бодвол илүү тогтворжсон нь өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байна” гэжээ. Эдийн засагт боломж гарч байгааг сануулсан энэ үг монголчуудад хаяглагдаж байгаа болохоор бид түүхий эдийнхээ үнийн өсөлтийн циклийг оновчтой, сүйхээтэй ашиглах шаардлагатай болж байна гэсэн үг.
Оны эхний байдлаар Оюутолгой уурхайн зэсийн агууламж багассан гэх мэдээлэл бий. Тухайлбал, зэсийн гарц 14.3 хувиар буурсан тухай “Turquoise Hill Resources” компаниас мэдээлсэн. Тус компанийн тухайд 2018 онд 125-155 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэхдээ Оюутолгойн уурхайн зэсийн агууламж бага зэрэг буурсан ч олборлох алтны хэмжээ хоёрдугаар улирлаас эхлэн нэмэгдэнэ гэсэн тооцоололтой байна. Тодруулбал, эндхийн алтны гарц 20 хувиар нэмэгджээ.
Энэ оны I улиралд “Оюу толгой” ХХК нийт 38.8 мянган тонн зэс, 42 мянган унц алт бүхий баяжмал боловсруулжээ. “Энэ нь хүлээж тооцож байсантай дүйцсэн" гэж Turquoise Hill Resources-ийн гүйцэтгэх захирал Жефф Тайгесен онцолсон байна.
Зэсийн үнэ ханш ингэж өгсөж эхэлсэн нь улсын төсвийнхөө тодорхой хэсгийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлдэг Монголын эдийн засагт сайны дохио болон ирж байна.
Ойрын өдрүүдийн зэсийн ханш байгаагүй өндөр үзүүлэлттэй байгаа ч цаашид хэр тогтовортой байх бол гэдэг дээр шинжээчид таамаглал дэвшүүлж байна. Гэхдээ тэд ханш буурлаа ч гэсэн түр зуурын шинжтэй байх болно гэсэн дүгнэлтийг хийж байгаа юм.
Зэсийн үнэ ханш өсөх шалтгаан нь зах зээлд нийлүүлэлт саатах эрсдэл өндөр хэвээр байгаатай холбоотой гэжээ. Түүнчлэн Хятад улс хаягдал зэсийн импортод хориг тавьж магадгүй байгаатай холбоотой гэж ANZ банк мэдээлжээ.
Манай урд хөршийн тухайд зэсийн хамгийн том хэрэглэгч юм.
М.Нэргүй
24news.mn