2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭГ Л БИШ БАЙНА

 

Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө нэмсээр. Өдгөө сая гаруй хүн амтай дундаж хот болсон Улаанбаатарт маань нэг асуудал толгойны өвчин болж байна. Энэ бол нийтийн тээврийн асуудал. Өнгөрсөн жилүүдэд  нийтийн тээврийн салбарт олон өөрчлөлт  гарсан. Ололттой, амжилттай тал байсан ч  сөрөг талууд ч бас байлаа.

Олон улсын жишгийн дагуу ухаалаг картаар мөнгөө төлж, социализмын үеийн мөнгө хураагчийг халсан нь олны талархлыг хүлээсэн. Гэвч нийтийн тээврийн зогсох цагт өөрчлөлт орсноор хотын захын хороололд амьдардаг иргэдийн хувьд халаасандаа дор хаяж 5000 төгрөгтэй явахгүй бол гэртээ харьж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. 
Тодруулбал, хотын компанийн нийтийн тээврийн автобуснууд өглөө 06:30 минутаас эхний гараа, оройн сүүлийн гараа 21:10 минутанд эцсийн цэг дээрээс зогсолт хийдэг. Энэ нь тээвэрлэлтийн гэрээгүй Стандартын шаардлага хангахгүй, насжилтаар хасагдсан Микроавтобус хулгайгаар 21:30 минутаас хойш бүх гэр хорооллын чиглэлд нэг чиглэлд хол ойроос шалтгаалж 1500-2000 төгрөгөөр үйлчилдэг шинэ жишиг тогтооход хүргэж байгааг тэд хэлж байна. 
“Нийслэлийн иргэд АВТОБУСГҮЙГЭЭС болж МИКРОАВТОБУСанд сууж зам тээврийн осол аваарт их өртөж байгаа. Иймд төрийн захиргааны байгууллага НИСЛЭЛИЙН иргэдээ осол аваараас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж ажиллахыг хүсэж байна. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн компаниуд хотоос сар, улирал бүр нөхөн олговор, хөнгөлөлт авдаг байж нийслэлийн иргэдээ өглөө, оройд маш их хохироож байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээсэй”  хэмээн бухимдсан иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна. 

Иргэдийн зүгээс нийтийн тээврийн автобуснуудын оройн эцсийн зогсолтыг 00:00 цаг хүртэл явуулдаг болгох саналтай байгаагаа хэлж байна. Том оврын автобусны учир дутагдалтай орон зайг нөхөж буй микроныхны талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна. 
Тээвэрлэлтийн шаардлага хангахгүй микро автобусны үйлчилгээ, соёл гэдэг юм огт байхгүй нь өнгөрсөн хугацаанд хийсэн нийтийн тээврийн шинэчлэлийг муухай харагдуулж буй. Ингээд зогсохгүй хамгийн гол асуудал бол  иргэдийг шулж байгаа явдал юм. Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс 500 төгрөг байх ёстой. Албан ёсоор ийм тариф тогтоосон. Гэтэл энэ тарифыг микроныхон зөрчиж, дур зоргоороо тариф тогтоож, иргэдээс хүссэн мөнгөө нэхдэг болжээ.  Одоо 19:00 цагаас хойш бол 500 төгрөгийн үнэ гэж бараг байхгүй болсон. Жаахан хол зайд бол оройдоо 1000, цаашлаад 1500 төгрөг нэхдэг. Үнэндээ микроныхон нийтийн тээврийн үйлчилгээг там болгож хувиргаж байна.  “Тэдэнд нийтийн тээврийн үйлчилгээний ачааллаас хуваалцсан гэдэг ганцхан л магтаж, сайшааж болохоор зүйл бий. 
Гэхдээ бид л нийтийн тээврийн үйлчилгээнээс хуваалцаж байгаа гэдгээрээ түрий барьж, иргэдийг хохироож, хэтэрхий их даварсан. Өргөж суулгачихаад өшиглөж буулгах нь холгүй байдаг. Зорчигчдоо зодсон тохиолдол ч олон бий. Ийм байхад микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасахад яах вэ дээ. Одоо арай өөр арга хайх цаг болсон. Том оврын автобусныхаа тоог нэмье. Орой үдэш явах цагийг уртасгах гээд шаардлагатай арга хэмжээг авмаар байна” хэмээн нийслэлчүүд халаглаж сууна.   
Б.Сансар
olloo.mn

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.