2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хууль бус үйлдлээрээ гаршсан гэх Р.Нямдорж, Д.Данзан нарын залгамж халаа Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар болох уу

МҮБХ одоо л нэг гольдролдоо орж урагшлах нь гэтэл үгүй бололтой. 20 гаруй жил холбоог хууль бусаар удирдаж, хамаг муу муухай бүхнийг хийж явсан Р.Нямдорж, Д.Данзан нар залгамж халаагаа үлдээгээд явах нь. МУ-ын Ерөнхийлөгчөөс ирсэн чиг үүргийн таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдан, Цэцдийн зөвлөлийг хуралдуулан, МҮБХ-ны тэргүүнийг сонгон, шинэчлэл хийхээр болсон ч Б.Сайнбаяр, Ц.Магалжав тэргүүтэй хэсэг нөхдийн амбицаас болж, эв эеэ ололцож, Бөхийн холбоонд шинэчлэл авчрах гэж байсан бүхэн талаар өнгөрөх нь.

Учир нь С.Сайнбаяр нь МҮБХ-ны тэргүүн, Ц.Магалжав нь Гүйцэтгэх захирал болох гэж амбицлан, Р.Нямдорж, Д.Данзан ах нараасаа зөвлөгөө авсан сурагтай. Тэгэхдээ бүр "Яавал та хоёр шиг энэ холбоог он удаан жил удирдаж явах вэ. Яавал холбоог өөрсдийн болгох вэ" гэж асуусан гэх. Харин ах нар нь хариуд нь 2002 оны Цэцдийн зөвлөлийг л хуралдуулах зааварчилгаа өгсөн гэнэ. Улмаар Б.Одхүү тэргүүтэй нөхдийг төлөөлөгчдийн хуралд суулган бөхчүүдийг харцаараа хөдөлгөж байгаа сурагтай. Б.Одхүүгээс бөхчүүд айдаг. Түүнийг байгаа цагт хэн ч өөдөөс нь юм хэлж, ямар нэгэн эсэргүүцэл гаргаж чаддаггүй. Үүнийг нь Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар тооцоолон, төлөөлөгчдийн хуралд Б.Одхүүг суулган, улмаар асуудлаа шийдвэрлүүлж яваа бололтой. 

Албан ёсны тэргүүнээр сонгогдоод байсан Л.Чинбат, хууль бус хурлаар томилогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар хүртэл Бөхийн холбооны шинэчлэл, бөхчүүдийн эвлэрлийн төлөө тэргүүний суудлаасаа татгалзаж, шинэчлэлийн салхи сэвэлзүүлэхийг уриалж байхад амных нь салиа нь арилаагүй шинэ залуу бөхчүүд дахин 20 жилийн хагарлыг эхлүүлэхээр гүйж явна.

Шинээр байгуулагдсан комисс энэ сарын эхээр Цэцдийн зөвлөлийг хуралдуулан тэргүүнээ сонгохоор товлосон. Мэдээж, Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар Р.Нямдорж ахынхаа хууль бусаар хуралдуулж, хууль бусаар сонгосон 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэж улайрсан байх юм. 2002 онд хуралдсан Цэцдийн зөвлөл, түүнээс гаргасан шийдвэрийг гурван шатны шүүхийн зургаан удаагийн шийдвэрээр хууль бус гэж нотолчихоод байхад заавал 2002 оны Цэцдийн зөвлөлийн хуралдуулахаар ханцуй шамлан зүтгэнэ вэ. Ямар эрх ашиг байна вэ. Ямар их амбиц вэ. 

Амбиц гэхээсээ илүүтэй ямар эрх ашигийн төлөө, ямар хууль бус үйлдлийг нуун дарагдуулж, ямар хууль бус үйлдэл хийхээр зүтгэнэ вэ.

Монгол Бөхийн өргөө МҮБХ-ны өмч байх ёстой. Гэтэл одоогоор хэний өмчид байгааг нь тодорхойгүй, Бөхийн өргөөний 5000 мк газар 2500 мк болчихоод байна. Тал нь хаачив гэдэг асуултад одоо ч иргэд хариулт нэхсээр. Энэ бүхэнд Р.Нямдорж гуай хариулт өгч чадахгүй бүлтэлзэж байгааг та хоёр сайн дүүгийн хувиар нуун дарагдуулах гэж байна уу. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" сургуулийнхан допингийн шинжилгээг авдаг. Ах дүү садан төрлөөрөө Допингийн Үндэсний төвд  "Аваргынхан" шургалчихаад допингийн бизнесийг цэцэглүүлж яваа гэх. Тодруулбал, шинжилгээний хариунаас шалтгаалж, нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нэг бөхөөс 30 сая гэхээр арван бөхөөс 300 сая, 20 бөхөөс 600 сая нэг тэрбум гээд асар их тоон дүн гарч байна. Энгийн иргэд 500 мянга, 1 сая төгрөг олох гэж ажлын боол мэт амьдарч байхад допинг гэх асуудлын дор хэн нэгэн бусдын хөдөлмөрийг шулж, хэдэн зуун тэрбумаар нь халаасалж байна. Энэ бизнесээс нь хувь хүртээд хөөрхөөн мөнгө олчихно гэж санаагүй биздээ. 

Хэрэв тийм л биш бол барилдахаас өөр ид шидгүй та хоёр юунд Бөхийн холбоог авахаар зүтгээд байна вэ. Бөхийн холбоог удирдана гэдэг чинь барилдахаас тэс ондоо. Менежмент, туршлага гээд асар их чадвар хэрэгтэй. Харин та хоёрт ямар нэгэн байгууллага удирдаж явсан туршлага бий юу. Долоо даваагүй заан болсон гэж бөхчүүд чинь жиг жуг гэлцдэг юм билээ. Түүнээс өөр гийгүүлсэн гавьяагүй байж юунд шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх гэж байгаа Бөхийн холбооны "хагарлын цэг" болохоор улайраад байгаа юм бэ. 

Хууль бусаар холбоог удирдаж байсан Р.Нямдорж хүчин төгөлдөр бус тамга тэмдэгээр Б.Сайнбаяр таныг МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар томилсон, харин хууль бус хурлаар сонгогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ц.Магалжав таныг холбооны дэд тэргүүнээр томилсон. Энэ утгагүй, хууль бус томилгооных нь хариуг нэр төр, бөхийн жудаг, хүн чанар бүх зүйлээ гээн барин барихаар шийдээ юу. Залуу хүмүүс байж ичих хэрэгтэй. Идээ бээрэндээ баригдсан Бөхийн холбоогоо шинэчлэх ажилд гар бие оролцохын оронд хэн нэгний улыг долоож, хууль бус үйлдлийг нь хаацайлах "бай" болж яваа чинь гутамшигтай харагдаж байна. 

Долоо даваагүй заан болсон гэх ярианд өртөж байгаа ч нэгэнт авчихсан "Заан" цолныхоо нэр хүндийг бодоод ч болов ичих нүүртэй байх хэрэгтэй. 

Хэн нэгний өгсөн "бэлэг"-ний хариуг барих гэж өөрсдийгөө худалдаж чадаж байгаа бол тэр өндөрлөг чинь "амттай" байж чадах болов уу. Хүн амбицтай байж болно. Гол нь тэр амбиц зөв амбиц байх ёстой. Та хоёрын гаргаад байгаа амбиц бөхдөө хайртай түмний сэтгэлийг сэмрүүлж хэдэн арван жилийн турш үргэлжилсэн хууль бус маргааныг дахин эхлүүлэх амбиц болж хувираад байна. 

Р.Нямдорж, Д.Данзан нар ашгүй нэг МҮБХ-г өгч одоо л допинггүй, найраагүй, шударга, шинэчлэлтэй Бөхийн холбоо болох нь гэтэл та хоёр үргэлжлүүлэхээр улайрч байгаа чинь арай л ёс зүйгүй харагдаж байна. 

Нүдэнд чинь зөвхөн МҮБХ-ны тэргүүн, Гүйцэтгэх захирлын суудал л харагдаад байна уу. Тэгвэл нүдээ нээ. Арай жаахан томоор харж, томоор сэтгэ. Бусдын гар хөл болж бөхчүүд рүүгээ нулимж, хууль шүүхээ дорд үзэх хэрэггүй. Залуу хүмүүсийн замын хүзүү урт шүү Б.Сайнбаяраа, Ц.Магалжаваа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.