Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 7568 зам тээврийн осол бүртгэгдсэний 693 нь буюу 10-аад хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь шөнийн цагаар гарсан тоо судалгаа байна.
Шөнийн цагт хурц гэрэлд гялбасан үед хүний нүд 2-4 секунд хугацаанд харах чадвар нь эрс буурдаг бөгөөд энэ хугацаанд 80-120 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл 44-133м замыг туулахдаа тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь замын эвдрэл саад эргэлт, мал, хүн болон тээврийн хэрэгсэл зэргийг богино хугацаанд харж чадаагүйгээс үүдэн зам тээврийн осол эндэгдэл болох томоохон шалтгаан болдог байна. Хэрэв орон нутаг хот хоорондын замд гэрлийн гялбаанаас үүдэн осол гарвал тухайн агшинд холын гэрлээр гялбуулаад, зөрж өнгөрсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага шийтгэл хүлээлгэх боломжгүй, эзэн холбогдогчгүй зам тээврийн осол аваар болоод өнгөрөх төдий. Харин гялбасных нь хохь болоод өнгөрдөг нь харамсалтай.
Иймд Замын хөдөлгөөний дүрмийн биелэлт болон хөдөлгөөнд оролцож буй хүн бүрийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд “HAS SYSTEM” тээврийн хэрэгслийн автомат гэрэл шилжүүлэгч төхөөрөмжийг монгол залуус зохион бүтээжээ. Тус төхөөрөмжийг Эрдэнэт хотод эхний ээлжинд 14 машинд суурилуулан 2 жил орчим туршаад байгаа бөгөөд туршилтанд хамрагдсан жолооч нар HAS SYSTEМ төхөөрөмжид ихээхэн ам сайтай байгаа аж.