Хэд хоногийн өмнө сураггүй алга босон гэгдэж байсан 13 настай хүү нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-нд энэ сарын 23-ны өдөр ирж хамгаалалт, үйлчилгээнд хамрагдаж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 29-ний өдөр ирүүлсэн байна. Иймээс энэхүү эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан 13 настай хүү О энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага ирсэн. Хүүг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид ар гэрийнхний хамт хайж байсан юм.
24news.mn