Хантайширийн нуруунд Хангайн нуруунаас зөөвөрлөн аваачиж, идээшүүлж буй Бэмби тэргүүтэй бугын 8 ил энэ жил хоёр нас хүрцгээв. Хоёр наст бугыг ЖИЙ гэдэг ажээ. Энэ амралтын өдрүүдээр буга нутагшуулах "Алтайн Халиун буга" төслийн гишүүн Д.Амартүвшин тэдэнд хужир хүргэхийн зэрэгцээ хашааг нь томруулж, бэлчээрийн талбайг нэмэгдүүлэх талаар анхаарсан байна. Удалгүй 7 сарын дундууржийнүүдэд агаараас хөдөлгөөнийг нь хянах төхөөрөмж суулгаад, байгалд нь тавьж, нутгийн бугын сүрэгт нийлүүлэх юм. Тэр болтол Халиун сумын Гүүбариач багийн нутаг Хойт Бэлчирийн салааны Бэх цасны ар дахь хашаандаа байх ба хашааг нь зөөвөрлөн, бэлчээрийг нь сэлгэх ажлыг ойрын өдрүүдэд хийхээр болжээ.
Энэхүү буга нутагшуулах төслийн эхний жилийн туршилт амжилттай болсон тул энэ 2018 онд мөн үргэлжилж, дахин 10 илийг Хантайширт хүргэхээр болсон юм. Өнөөдөр Улаанбаатар хотоос төслийн Н.Энхсайхан тэргүүтэй нялх ил барих багийнхан Хустайн нуруунд очиж байршив. Тэд ойрын өдрүүдэд мөн 10 ил шинээр барина.
Буга нутагшуулах, ил барих, тэжээх, эмчлэх, зөөвөрлөх, хашаа хороо болон бусад зүйлсээр хангах бүхий л ажил нутаг орноо, байгал дэлхийгээ гэсэн хувь хүмүүсийн сайн дурын идэвх санаачилгад тулгуурлаж байгаа ба энэ жил гаруйн хугацаанд нийт 130 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Өнгөрсөн зун намар Хантайширийн нуруунд ган болж, байгал цаг агаар нэн хүнд байсан ч олон хүний хичээл зүтгэл, сэтгэл эрмэлзлийн хүчээр гарз хохирол багатай давсан юм.
Ил барих албан зөвшөөрлийг Хустайн нурууны дархан цаазат газар, БОЯ-наас авсан байна. Шинэхэн барьсан илүүдээ Хустай орчимд сар орчим хугацаанд гаршуулж байгаад 1100 орчим км тээвэрлэн Хантайширийн нурууны Бэлчирийн салаан дахь хашаанд хүргэх ба түрүү жилийнхээ жийнүүдийг байгалд нь зөрүүлэн тавих юм.
Эртний их түүхтэй Хантайширийн нуруу хар модтой, халиун бугатай манай орны хамгийн баруун урд талын нутаг билээ. Сүүлийн жилүүдэд энэ уулын халиун бугын тоо толгой цөөрөхийн зэрэгцээ зам хөдөлгөөн ихэссэнээс Хасагтхайрхан, Хар Азарга болон Завхан гол гатлан Хангайн нурууны бугын сүрэгтэй нийлэх нь багасч, цус ойртон бие давжаарах байдал илэрхий анзаарагдсан юм.
Тиймээс Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач баг, Тайшир сумын Рашаант, Наран багийн нутаг дамнан орших тус нурууны халиун бугын сүргийн цус сэлбэх, тоо толгойг нь олшруулах үүднээс энэ төслийг эхлүүлжээ.
.
Зураг дээр:
1, 2. Халиун сумын Гүүбариач баг, Хантайширийн нурууны Бэлчирийн хойт салаанд байх Бэмби тэргүүт бугын жийнүүд (хоёр наст бугыг нэрлэх нэр).
3. Бугыг хариуцан маллаж буй У.Насанбатынх. Цаана нь бугын хашааны байршил харагдана.
4. Бугын жийд хүргэж буй хужир.
5. Хустайн нуруунд нялх ил барихаар очсон багийнхан нутгийн байгал хамгаалагчаас зөвлөгөө авч буй нь.
24news.mn