Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас зарласан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд шалгарсан бүтээлийг хүргэж байна.
ТЭД МЭДЭЭЛЛИЙН БОРООН ДУНД ШҮХЭРГҮЙ ЗОГСЧ БАЙНА
Цаг хугацаа шиг хөврөх хүмүүсийн урсгалд нэгдэхээр нэгэн ээж ажил руугаа яаран гарлаа. Түүнийг үдэн хоцрох нэг нас хүрсэн үү, үгүй юу гэмээр хүү дүрс нь холдох ээжийгээ цонхны цаанаас томруулж харахаар гараараа зүүм хийж үзнэ. Тэр мэдрэгчтэй утсан дээр гараа ийнхүү хөдөлгөхөд аливаа дүрс наашлан харагддагийг бяцхан оюундаа хэдийнэ мэддэг болжээ. Технологи хэмээх ойлголт яах аргагүй бага балчир настанаас эхлэн насанд хүрэгчдэд хүртэл амьдралын нэгэн хэвшил болж, иддэг талх, уудаг ус лугаа адил хэрэглээний түвшинд хүрсэн байна. Яг өнөөдрөөс зургаан жилийн өмнө миний нэгэн ярилцагч, программист надад “Интернэт бол архив юм. Тиймээс цахим орчинд эерэг дурсамж үлдээхийг хүсвэл болгоомжтой харилцах хэрэгтэй” гэж хэлсэн нь тодоос тод сонсогдож байна. Харин энэ амьдралдаа хэзээ ч интернэт хэрэглэж үзээгүй настай аав минь “Та нар тэр фэсэнбөөк гэдэг юман дээр бүх амьдралаа дэлхийн өмнө дэлгэх ямар хэрэг байдаг юм. Хүнд чинь бусдад хэлэх юм хэлэхгүй юм, харуулах зүйл, харуулахгүй зүйл гэж байна” хэмээн хэлдэгт гаднаа инээдэг ч дотроо нэгийг бодож явдаг билээ.
Үнэхээр ч нийгмийн орчноос гадна цахим орчин гэдэг цоо шинэ ертөнц бидэнд маш зах хязгааргүй эрх чөлөөг олгосон ч эргээд тэр хэмжээгээрээ эрх чөлөөгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг мөнхийн асуултыг дагуулсан юм. Хамгийн харамсалтай нь эерэг, сөрөг мэдээллийг хайр найргүй шаагин орох “бороо”-н дунд бяцхан үрс минь “шүхэр”-гүй зогссоор байна. Дэлхийд секунд тутам 18 хүн цахим гэмт хэрэгт холбогддог байна. Тэдний 34.6 хувийг хүүхдүүд эзэлдэг ажээ. Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн 20-иод хувийг 13-17 насны хүүхдүүд бүрдүүлдэг. 5-12 дугаар ангийн сурагчдын 47 хувь нь хоёр ба түүнээс дээш аккаунт хаягтай гэсэн судалгаа байдаг. Тэд цахим орчин дахь хараа хяналтгүй, эмх замбараагүй хэрэглээнээсээ шалтгаалж хувийн нууцаа алдах, гэмт хэрэгт оролцох, бусдын доромжлол, дарамтанд өртөх, хүний наймааны золиос болох өндөр эрсдэлтэй байдаг. Хэн нэгний хийсэн жигшүүрт үйлдэл, хов жив, садар самуун зэрэг ертөнцийн муу муухай холилдсон мэдээллийн энэ ширүүн бороонд таны хүүхэд ямар ч хамгаалалтгүй оюун бодлоороо хордож байгаа юм биш биз. Тэднийг хамгаалах шүхэр болох эцэг эххаана явна вэ? Саяхан даа, ноён Цукерберг Конгрессын хороонд бүтэн таван цаг байцаагдан суухдаа өөрөө ч цахим орчинд хувийн мэдээллээ алдсанаа хүлээн зөвшөөрч байсан. Зөвхөн манай улсад төдийгүй хүн төрөлхтөн даяараа интернэтийг хазаарлах, зах хязгааргүй цахим орчинд зүг чигтэй явахыг эрмэлзэж байна. Харин та бидний үүрэг бол энэхүү хязгааргүй орон зайд үр хүүхдээ чиглүүлэх “луужин”, мэдээллийн борооноос хамгаалах “шүхэр”, оюун санааны “дархлаа” нь болж байх ёстой юм.
ЦАГАА ОЛЖ ХАЙРЛААГҮЙ ТЭД МИНЬ ЦАХИМ ЕРТӨНЦӨД ӨӨРСДИЙГӨӨ “АЛДАЖ” БАЙНА
Одоогоос хоёр жилийн өмнө би Францад ээж хүн болов. Хүүхэд маань суудаг болж, улмаар мөлхөж, тэнтэр тунтар алхаж эхэллээ. Цаг мөч бүрт анхаарал шаардан, таван минут ч тайван утсаар яриулдаггүй охиноо би таблетаар хуурдаг болсон юм. Өдөрт олон цагаар хүүхэлдэй үзүүлсэнээс шалтгаалж тэрбээр удалгүй хөшиж хөөрөн, цус нь өтгөрч, өвдөв. Яг энэ цаг мөчид Сингапур дахь хятад найз маань “Чи бол зүгээр нэг ээж биш. Чи бол үндэснийхээ итгэлийг хүлээсэн ээж (national hope mommy)” гэж хэлснээр миний ертөнцийг үзэх үзэл тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Тэгээд эргэн тойрноо хартал Европт хүмүүс цагийг цахим орчинд төдийлөн зориулдаггүй болохыг мэдлээ. Тэд далайн эрэгт биеэ ээж, хүүхэдтэйгээ элсэн байшин босгож, амьтдын хүрээлэн орж, уралдааны машин босгож энэ дэлхийд амьдарсан шиг амьдарч байв. Эндэхийн эрдэмтэн судлаачид эцэг эхүүдэд хандан 0-2 насны хүүхдүүдэд цахим орчинг хориглох, 2-5 насны хүүхдүүдэд өдөрт 1-ээс бага цаг, 5-18 насны хүүхдүүдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэхийг зохимжтой гэж зөвлөдөг. Үүнээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл цахим орчинд хүүхдээ алдах, тэднийг кибер тоглоомонд донтох эхлэлийг тавих, интернэтийг зүй бус соёлгүй ашиглах гол шалтгаан бол эцэг эхийн хангалтгүй хайр, амьд биш харилцаа юм. Эцэг эх цаг наргүй хөдөлмөрлөж, цалингаараа хүүхдээ бусдаас дутаахгүй амьдруулахыг үүрэг гэж эндүүрдэг. Ярилцах, хайрлах, хамтдаа аливаа шинэ зүйлийг хийж турших зэрэг олон арга барилаар цахим орчинд бус гэр бүлийн орчинд хүүхдийг сэтгэл дүүрэн байлгах бүрэн боломж байна.
Жишээлбэл Спикер группийн бүтээсэн Bossblock программ нь тухайн компьютерийг ашиглах хугацаанд 10 минут тутамд дэлгэцийн зургийг авч хадгалдаг тул хүүхдүүд садар самууныг сурталчилсан вэбсайт руу орохгүй байх хяналтыг бүрдүүлдэг байна. Энэ мэтчилэн эцэг эх, насанд хүрэгчид интернэтээр хангагч байгууллагатайгаа гэрээ байгуулахдаа зүй зохисгүй контент хандалтыг хязгаарлаж болох юм. Үр хүүхэд тань өрөөндөө орж, компьютер ширтэн суугааг өөрт тань садаа болохгүй, амар амгалан байна хэмээн ташаа ойлгож болохгүй. Бяцхан хүү, охин тань тоглоё хэмээн гуйхад төвөгшөөн ундууцаж, утсаараа тоглуулан хуурч огтхон ч болохгүй юм. Та бидний цагаа олж хайрлаагүй хайрыг тэд цахим ертөнцөөс эрж үгүйлж байна.Интернэтийг сурч хөгжих, мэдээлэл олж авах орчин хэмээн олонхи нь боддог. Гэвч зохисгүй интернэт хэрэглээ нь эсрэгээрээ олон цагийг хүүхдээс булааж, сурч хөгжих боломжийг нь устгаж байдаг. Хамгийн аюултай нь тоглоомонд донтох, олон цагийн цахим тэнүүчлэлээс улбаалж эрүүл мэндээрээ маш олон хүүхэд хохирч байна.
Энэхэн хорвоо дээр хүн бүр давтагдашгүй бодь гал ертөнц байдаг. Хүнд эрхэмлэж явах үнэт зүйл, нэр төр, бусдад дэлгэх ёсгүй хувийн нууц байх ёстой. Тийм үнэлэмжтэй байснаар хүн өөрийгөө, өрөөл бусдыг хүндэтгэдэг. Интернэт бол ялгаагүй л нийгмийн нэг орчин. Энэ орчинд аливаа хүн соёлтой байж, өөрийн үнэлэмжээ алдахгүй байх хэрэгтэйг эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар үр хүүхэддээ ойлгуулж, өөрсдөө ч цахим ертөнцийн талаар мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй биз ээ.
ДАГАН ДУУРАЙХ СЭТГЭЛ ЗҮЙН ӨВЧИН БА НИЙГМИЙН ХӨГЖИЛ
Хоногийн бор хоолоо олох ахуйн хэрэгцээндээ захирагдсан гэр бүл манайд олон бий. Гэтэл Шведэд аав ээж болсон шинэ гэр бүлд 480 хоногийн чөлөө олгодог ба 390 хоногт нь цалингийнхаа 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж улсаас нь олгодог. Тэд дээрх хугацааг хүүхдээ сонсоход зориулдаг. Хүүхдээ цахим ертөнцөөс хамгаалах, тэднийг хайраар дүүрэн байлгах, хэрэглээнд нь хяналт тавих эцэг эхчүүдийн ажиллаж хөдөлмөрлөж буй нийгэм нь тэгш сайхан байх учиртай. Гэтэл хүүхэд-эцэг эхийн хамтын хугацааг хязгаарласан, ахуйн хэрэгцээнд нь уясан нийгэмтэй байх нь тэдний харилцааг улам бүр холдуулж, хүүхдийг буруу дадалтай болоход хөшүүрэг болдог. Гэрэл гэгээтэй нийгмээс гэрэл гэгээтэй мэдээлэл цацардаг. Улс ядуу, нийгмийн боловсролын түвшин доогуур бол түүнээс урган гарах мэдээлэл нь сөрөг байх нь ойлгомжтой. Түүнийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авагч нь хүүхдүүд юм. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хэрхэн олон нийтэд цацах вэ гэдэгт гойд анхаарах хэрэгтэй. Ингэхээр Цахим орчинд түгээгдэж буй аливаа сөрөг мэдээлэл түүний нөлөөллөөс бага болон өсвөр насны хүүхдийг хамгаалах, тэдэнд энэ чиглэлээр шаардагдах мэдээ мэдээлэл, сургалт танин мэдэхүйн зөвлөгөө зөвлөмж өгөх нь нийгэм, хэвлэл мэдээлэл, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар гэх мэт олон талын үүрэг оролцоотой.
Цахим орчин бол бусдыг даган дуурайх асар том ертөнц. Хэн нэгний тансаг хэрэглээ, чамин ганган эдлэлийг харж, бусдын найз нөхөдтэйгөө наргин баясч буй дүр зургийг харан өөртэйгөө жиших, сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох сэтгэцийн эмгэгүүд хүүдүүдэд элбэг тохиолдож байгааг эмч мэргэжилтнүүд тогтмол ярьдаг. Бусдаас шалтгаалж амьдрах, тэднийг даган дуурайх, хэрэв тэдэн шиг байж чадахгүй бол өөртөө гутрах амьдралын буруу хэв маягт автах зам мөн л цахим орчинтой холбоотой. Үүнээс сэргийлэх нэг чухал гарц бол хүүхдийг хийх зүйлтэй байлгах, хүсэл сонирхлыг нь олоход туслах юм. Өөрөөр хэлбэл завгүй байлгах билээ. Хүүхэд залуусын сурч мэдэх, хөгжих орчинг тэлэх буюу төрөл бүрийн дугуйлан клубыг эрчимтэй ажиллуулж, хүртээмжтэй хамруулах нь чухал. Хийх зүйлтэй хүн хэзээ ч дэмий зүйлд цагаа үрдэггүй билээ. Сингапурт хүүхдүүд сургуулийн ажлаас гадна сургалт дамжаанд явж, сайн дурын ажил хийн, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлдэг. Хүүхдүүд 5-10 жилийн төлөвлөгөөтэй байдаг. Цахим орчинд хэн нэгнийг даган дуурайх, сэтгэлээр унах өвчлөлөөс хамгаалах гол арга бол хүүхдийг хөгжүүлэх явдал юм.
1996 онд анх Монголд интернэт нэвтрэн баяр хөөртэй үйл явдал хэмээн тэмдэглэж байжээ. Ердөө 20 гаруй жилийн хугацаанд интернэт хэрэглээ бидний хэрэгцээнээс давж, үр хүүдүүд минь цахим орчинд хяналтаа алдан, амьдралын баяр баясгалангаа цэцэг шиг насандаа алдаж байна гэдэг гунигтай. Цагаахан, гэгээхэн үр тань цахим амьдралд яаж явааг та нар минь нэг хараач. Зэмлэж буруутгахаасаа өмнө зүрхэндээ наан тэврээч, нүд рүү нь харж инээгээд өнөөдөр юу хийснийг нь сонирхооч. Хэчнээн их хайртайгаа хэлээд, бахархаж явдгаа ч яриач. Хамтдаа шатар тоглож, хөхрөлдөн хөөцөлдөн наадаач. Цахим ертөнцөд биш, энгийн даруу энэ амьдралдаа….
Сэтгүүлч Б.БАЯРБАЯСГАЛАН
24news.mn