Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр болно. Прокурорын зүгээс үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу өнөөдөр тэднийг батлан даалтад гаргах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, С.Баяр нь тулуй өвчнөөр, Ч.Сайханбилэг нь мэс заслаар эмчлүүлж байна.
Сануулахад, АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.
Б.Анир
24news.mn