Энэ удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт тус Байнгын хорооны гишүүдээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, холбогдох яамдын сайд нар, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл оролцов.
Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн парламентчдын бүлгийн Азийн бүлгийн дарга, Австралийн парламентын бүлгийн гишүүн Уоррен Энтшээс Монгол Улсын Их Хуралд хандаж “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн парламентчдын бүлэг”-т нэгдэхийг уриалсны дагуу УИХ-ын нэр бүхий 17 гишүүн нэгдэж, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийг 2018 оны 02 дугаар сард УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан байгуулсан юм.
Тус лобби бүлгийн ахлагч, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.
Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Номхон далайн бүсийн 37 орноос Монгол Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгд багтаж байгааг дурдаад манай улсад жилд шинээр 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг 16-44 насны залуучууд эзэлж, жилд дунджаар 250 гаруй хүн нас барж байгаа нь тун харамсалтай тоон үзүүлэлт болохыг онцолсон.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 200 ортой Сүрьеэгийн клиникийн эмнэлэг нийслэлийн хүн ам олноор төвлөрсөн, хотын төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгоод байгаа аж. Мөн тус эмнэлэгт нэг өвчтөн 3-4 сарын хугацаагаар хэвтэж эмчлүүлдгээс орны эргэлт удаан, халдвар авсан бүх өвчтөнийг тусгаарлан эмчлэх боломжгүй, ачаалал ихтэй, хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, нөхцөл байдал ийм байгаа учир сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс сүрьеэ өвчний эмнэлзүйн хэлбэр, халдвар хяналтын олон улсын стандартад нийцсэн “Сүрьеэгийн эмнэлэг”-ийн барилгын зураг төсвийг хийхэд шаардлагатай санхүүжилтийг нэн даруй шийдэх нь зүйтэй байна гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотын төвөөс зайдуу, ой модтой, нийтийн тээврээр очих боломж бүхий гурван га газар барилга барих газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж, барилгын ажилд шаардагдах төсөв, хөрөнгийг 2019 оны улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн эхэнд онцолсон.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сүрьеэгийн өвчлөл өнөөдөр цөмийн аюулын эрсдэл, дэлхийн дулаарлын дараа гуравдугаарт бичигдэж байгааг мартаж болохгүй хэмээлээ. Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч үүний цаана гурав дахин их хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байгааг Ерөнхий сайд дурдаад сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах асуудалд онцгой анхааран ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.
Тухайлбал, эдгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тархалтыг бууруулж, халдварыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилготой захирамжийг Ерөнхий сайдын хувьд гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.
Сүрьеэгийн эмнэлгийн багтаамж, ор хүрэлцэхгүй, нөхцөл хүнд байгааг үндэслэж юуны өмнө эмнэлгийн зургийг бэлэн болгох, цэвэр агаартай эрүүл орчинд эмнэлэг барих гурван га газрыг шийдвэрлэх талаар зохих албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна.
Түүнчлэн сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр ажиллах мэргэжлийн эмч, мэргэжилтний тоог нэмэгдүүлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэж ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөөд байгаагаа хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Сүрьеэ өвчний талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.
Хүн амын дунд сүрьеэгийн халдвар идэвхитэй тархаж, эмзэг бүлгийн хүн амын дунд төвлөрч, тархалтын түвшин эмч нарын илрүүлж байгаа түвшингээс даруй гурав дахин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсоныг тэрбээр онцолсон. Хүүхдийн сүрьеэгийн болон сүрьеэгийн хавьтлуудын дунд өвчлөл нэмэгдэж, зарим сургууль, албан газруудад дэгдэлт хэлбэрээр гарч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байгааг мөн тэмдэглэсэн юм.
Сүрьеэгийн эмчилгээний амжилт, эдгэрэлт жил дараалан буурч, улсын хэмжээнд 2012 онд 85,8 хувь, 2015 онд 85,1 хувь, 2016 онд 84,5 хувь болсон нь сүрьеэтэй өвчтөн эмчилгээ тасалснаас үүдэлтэй, сүрьеэгийн өвчлөл нас баралт буурахгүй байгаа нь ядуурал, ажилгүйдэл, хүн амын өсөн нэмэгдсэншилжилт хөдөлгөөн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чанартай холбоотой хэмээн дэд сайд сайд хэллээ.
Тэрбээр, "Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлж, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппарат, оношлуураар үе шаттайгаар хангах, олон эмийн дасалтай сүрьеэгийн эмчилгээний зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх иж бүрэн явуулын үйлчилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, сүрьэгийн тусламж, үйлчилгээнд диспансерийн хяналтын тогтолцоог бүрэн нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах, сүрьеэтэй иргэдийг эмчлэх, сэргээн засах болон хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв байгуулж ажиллуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.
Манай улсад сүрьеэгийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд ажлын байранд сүрьеэгийн халдвар авах, сүрьеэгээр өвчлөх, сүрьеэгийн улмаас нас барах тохиолдол дөрөв дахин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Сүрьеэгийн эмч, сувилагч нарын 84.3 хувь нь сүрьеэгээр өвчилсөн байна.
Өнөөдрийн байдлаар сүрьеэгийн 59 эмчийг нэмж бэлтгэх, цаашид үргэлжлүүлэн бэлтгэж байх хэрэгцээ шаардлага байгаа аж. Казахстан, Киргизстан зэрэг улсуудад сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд ижил түвшний эмч нарын цалингийн 190 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нар 220 хувиар илүү хэмжээний цалин авч, сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилтанд хүрчээ. Үүнтэй холбоотойгоор сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 175 дугаар тогтоол батлагдаж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс 450 гаруй эмч мэргэжилтнүүд нэмэгдэл цалингаа авч эхэлжээ. Цаашдаа сүрьеэгийн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмчийг богино хугацаанд түргэвчилсэн байдлаар бэлтгэхээр төлөвлөж буйг дэд сайд дурдаад 2018-2020 онд дутагдалтай байгаа эмчийн 80-85 хүртэл хувиар улсаас зардлыг даан, нөхөж, тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлнэ гэж үзэж байгаа гэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүрьеэгийн халдвараас сэргийлэхийн тулд хүүхдүүдэд зөв дадал, хэвшлийг эзэмшүүлэх нь хамгийн чухал хэмээн тэмдэглэн хэлсэн. 2017 онд 0-18 насны 743 хүүхэд сүрьеэгийн халдвар авсаны 150 нь цэцэрлэгийн, 322 нь ЕБС-ийн сурагч, 271 нь их, дээд сургуульд суралцагчид байжээ.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 1416 цэцэрлэгийн 517 нь эмчтэй бол ерөнхий боловсролын 796 сургуулийн 478-д нь эмч ажиллаж буй аж. Өндөр төлбөртэй хувийн 146 сургуулийн 28 нь л эмчтэй байгааг сайд онцлоод сүрьеэ болоод бусад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд цэцэрлэг, сургууль бүр эмч, мэргэжлийн тогоочтой болох, хүүхдийн хоолны илчлэгийг тооцсон шинэ стандарт нэвтрүүлэх, цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.
Түүнчлэн сайд эрүүл мэндийн хичээлийн зөв хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байгааг дурдаад энэ бүхнийг цогцоор нь шийдэж байж хүүхдүүдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, мөн урьдчилан сэргийлэх боломж бий болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Сүрьеэгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, 429 дүгээр хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав “Хорих анги дахь сүрьеэ өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
24news.mn