Хичээл сургууль эхлэх энэ үед дээрмийн хэрэг гаарч байна. Сэрэмжлүүлэг болгох үүднээс өчигдөр орой өөрт нь тохиолдсон золгүй явдлын талаар нэгэн хүн цахим хуудсанд сэрэмжлүүлэг бичжээ.
Тэрбээр “Шөнө орой таксинд суухдаа дугаарыг нь заавал харж, эсвэл хэн нэгэнд хэлж сууж байгаарай. Өчигдөр шөнө их айхтар зүйлтэй учирлаа. Модны 2-ын “Grand Hill” зочид буудлын урд замаас урдаа нэг хүнтэй хувийн таксинд суулаа.
Би ч гэсэн оюутан байхдаа таксинд явж байхдаа нэг найзаа хань татаж явдаг л байсан юм. Юм бодолгүй утсаар ярингаа хаашаа явахаа хэлээд ороод суучихлаа. Тэгээд утсаар яриад явж байтал гэнэт машин нь зогсоод хоёр талын арын хаалгаар 20 орчим насны 2 залуу орж ирээд хутга тулгаад дуугуй явахгүй бол ална шүү гэж байна.
Тэгээд Дэнжийн 1000-ын уулын амруу хар эрчээрээ явлаа. Явах зуур нэг этгээд нь миний халаасыг ухаад надад байсан бүх юмыг минь гаргаад ирлээ. Утасныхаа локыг тайл гээд тайлуулчихлаа.
Жолооны үнэмлэхийг минь буцааж өгж байна. Тэнэг болтол нь зодоод үлдээнэ гэж ярьцгааж байна. Камергүй газраар яваарай гэж жолоо барьж байгаа нэгнээ шамдуулж байна.
Өдөр болгон шахуу хүн аваачиж дээрэмддэг мэргэшсэн дээрэмчид байна.
Би маргааш тоглолттой, тайзны хүн, толгой түрүү нүүрэнд минь битгий цохиорой, авч болох юмнуудыг минь аваад яв гээд үнэн учраа хэллээ.
Нийт 1.5 сая орчим төгрөгний савхи, утас, бэлэн мөнгө гээд өөрт байсан бүх юмаа л өглөө. Уулан дээр очсны дараа машины дугаараа харуулахгүй гээд шуудайгаар дугааруудаа далдалчихлаа. Үнэхээр багийн тоглолт сайтай хамт олон байна билээ.
Намайг цохиж нүдсэнгүй. Нэг тамхи асааж үлдээгээд давхиад алга болсон. Араас нь зам уруудаад алхаж байхдаа миний оронд эмэгтэй хүн байсан бол яанаа л гэж бодлоо.
Өөр хүн тэдний хохирогч битгий болоосой. Хувийн таксинуудыг хориглож, такси компаниуд нь л ажлаа сайн хиймээр юм байна. Энэ үйл явдал 10-20 минут орчим л үргэлжилсэн байна” гэжээ.
Тиймээс орой үдшийн цагаар таксинд суух гэж байгаа бол найдвартай такси үйлчилгээ үзүүлдэг таксинд суухыг анхааруулж байна.
О.Сайхан
Оллоо.mn
24news.mn