2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
60 км-ийн цаадах наадах ялгаа буюу 5:600

Хичээлийн шинэ  жил эхэлж буй өдрөөс зарим нэг тоо баримт чих дэлссэн нь анхаарал татав. Гэхдээ энэ бол сургалтын чанар хүртээмжтэй холбоотой гэхээсээ илүүтэй засаг захиргааны хуваарилалт, хүн амын байр байршилтай түлхүү хамааралтай мэт.

Тухайлбал, энэ хичээлийн жилд Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн нэгдүгээр ангид ердөө 5-хан хүүхэд элссэн тухай мэдээлэл цахим орчинд цахилж байна. Гэтэл үүний нөгөө талд нийслэлийн 84 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид шинээр 600 хүүхэд элсэн суралцаж байгаа ажээ.

Мэдээж Улаанбаатар,  хөдөөгийн нэгэн сумын сургууль хоёрт хол ялгаа байж болох ч үүнээс  олон зүйлийг анзаарч болмоор.

Сэргэлэн сум нийслэлээс 60 гаруйхан км, аймгийн төвөөсөө 20 хүрэхгүй км зайтай. Албан ёсны тоо мэдээллээс харвал тус сумын сургууль өнгөрсөн хичээлийн жилд 18 багш, аж ахуй болон гэрээт 11 ажилтан, нийтдээ 30 шахам албан хаагчтай ажиллажээ. Гэсэн хэрнээ энд тухайн хичэээлийн жилд 1-9 дүгээр ангид ердөө 75 хүүхэд суралцаж байв. Харин тус сургуулийн захирлын хэлснээр 300 хүүхдийн багтаамжтай сургуульд эдүгээ  дөнгөж 60 гаруй хүүхэд суралцаж байна. Энэ бол дундаж хоёр ангийн л хүүхдийн тоотой тэнцэнэ. Эндээс ямархан дүр зураг харагдаж байна вэ гэхээр нэг багшид дунджаар 4 хүүхэд ногдож, 7 хүүхдийн дунд аж ахуй эрхэлсэн нэг ажилтан ажилладаг гэсэн үг.

Тэгэхээр Сэргэлэнгийн багш нар гэж жаргачихсан “гарууд” байна аа гэж зарим нэг нь чичилж эсвэл бүр ийм цөөхөн сурагчтай сургуулийг татан буулгавал зохино гэхчлэн санаа оноо гарч мэдэх юм. Харагдах өнцөг нь ийм ч үүний цаана хүүхдийн сурах эрх гэж зөвтгөх том шалтгаан байгаа. Нэгэнт дунд сургууль гэсэн зэрэглэл зиндаа нь байгаа болохоор тэнд хүүхдийн тооноос үл хамааран хими, физик, математик, гадаад хэл гэхчлэн төрөлжсөн хичээлийн багш нар нь бас ном журмаараа ажиллах үүрэгтэй. Цөөхөн хүүхэдтэй гээд багш нарынх нь цалин хөлс, барилга байшингийнх нь зардлыг танаж хасах аргагүй. Гэхдээ л үүний цаана үргүй зардал урсаж байгаа нь тодорхой.

Сэргэлэн сум 1900 орчим хүн амтай. Манай улсын ихэнх сум хүн амын хувьд иймэрхүү жишигтэй. Харин Сэргэлэнгийн хувьд аймаг, нийслэлтэй хаяа дэрлэн шахуу оршдог учраас эцэг эхчүүд хүүхдээ аймаг, нийслэлийн сургуульд урвуулж, харин төрөлх сургууль нь ийн “эзгүйрч” үлддэг байна.

Хэрэв эх орны аль нэг хязгаар нутгийн сургуулийн тоо толгой, багш сурагчдын бүрэлдэхүүн иймэрхүү дүр зурагтай байвал үүнийг гоочилж өөнтөглөөд байх зүйлгүй. Учир нь хязгаар нутгаа эзэнтэй, эзэмшилтэй уугуул суугуул иргэдтэйгээ байлгах нь  өргөн утгаараа үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болно.

Харин энэ мэтийн аймгийн төвөөсөө саахалтын зайтай сум Монгол улсад цөөн биш. Тэр бүгдэд Сэргэлэнгийн сургуулийнх шиг дүр зураг давтагддаг байж мэднэ. Сумын сургуулиас илүүтэй аймаг хотын сургуулийн сургалт чанартай гэсэн ойлголт монголчуудын толгойд нэвт шувт шингэсэн байдаг. Энэ утгаараа  сумын сургуулиа шоовдорлож, хаяа залган орших аймгийн төвөө бараадуулна.

Ер нь ганц сургууль  гэлтгүй. Эрүүл мэнд, эмнэлгээс эхлээд төрийн бусад үйлчилгээ илүү том төвлөрсөн газар руу урсч таарна. Иймэрхүү засаг захиргааны нэгж гэсэн нэрнээс цаашгүй, хүлээх үүрэг, үүрэх хариуцлага багатай сумд байсаар байна.

Засаг захиргааны нэгжийн хуваарилалт газар нутгийн хувьд хэт жижигссэн, байршил нь оновчтой биш байгаа нь дээрхи Сэргэлэнгийн сургуульд шинээр нэгдүгээр ангид орж буй 5 хүүхэд, нийслэлийн 84 дүгээр сургуулийн 600 хүүхдийн тооны харьцаанаас анзаарагдана. Мөн хүн амын хэт төвлөрөл үүсч, бүс нутгийн жигд хөгжил орхигдсоны горыг тодоос тод сануулж байна.

Ядмагхан төсвөө улам ядууруулах  нэг шалтгаан нь энэ засаг захиргааны нэгжийн оновчтой бус хуваарилалт болоод байгаа юм.  Сэргэлэнгийн сургуулийн хичээлийн жилийн нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. Цаашид энэ мэт сумдыг яах ёстой талаар төрийн тэргүүн нэгийг бодож, нөгөөг төлөвлөж байгаа гэж найдъя.

1921 оноос өмнө Монгол улс 4 аймаг, 2 хязгаар, 129 хошуутай байсан түүхэн баримт бий. Харин өнөөдөр 21 аймаг, 330 сумтай  байна. Тэр бүгдэд төрийн үйлчилгээний том бүтэц байдаг ч зарим хэсэг нь иймэрхүү дундуур ачаалал, дулимагхан үүрэгтэй байсаар байна. 

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/289f670e4

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.