Монголын өдөр тутмын сонинуудын II форумаар нийгмийн анхаарлын төвд багтаж буй 10 асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тэдгээрийн нэг " Монголын Үнэн" сонины эдийн засаг, эрх зүйн албаны дарга Д.Мөнхжаргалын тавьсан "Хүнсний аюулгүй байдал Монголд" илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хамгийн сүүлд олон нийтийн сүлжээгээр цацсан мэдээллээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын гуравдугаар дунд сургуулийн 44 хүүхэд хоолны хордлого болж, аз болоход эмчилгээний үр дүнд хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа юм байна.Иймэрхүү утга агуулга бүхий мэдээ мэдээллийг бид өдөр тутам больё гэхэд сардаа хэдэнтээ сонсдог, уншдаг боловч монгол хүний хэнэггүй зангаар нүд, чихний үзүүрт өнгөрөөдөг болсон нь нууц биш юм. Цаашилбал, үүнийг инээдэм наргиа болгож "Хонгорт аваачиж хоолонд оруулъя, Багануурт очоод бааранд дайлъя" гэдэг явган шог яриа гарч байсныг мэдэх байх. Энэ нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натри алдагдаж, хүн, малыг хордуулж, архинд хордож 10 гаруй хүн амь насаа алдсанаас улбаатай яриа боловч цаагуураа хүнсний аюулгүй байдал алдагдсаныг нэг хэсэгтээ олон нийтэд сануулж байлаа.
"ЭРСДЭЛТЭЙ" МОНГОЛ УЛС
Энэ асуудлаар өнгөрсөн онд " Хүнсний аюулгүй байдал үндэсний чуулган"-ыг Ерөнхийлөгчийн санаачлагаар Төрийн ордонд зохион байгуулж, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын Ажлын алба, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран оролцож, 21 аймгаас фермер, малчин, тариалан эрхлэгч, эрдэмтэн судлаачдын 800 орчим төлөөлөл хүрэлцэн ирсэн нь энэ асуудал ямар хэмжээнд анхаарал татаж байгааг илтгэсэн үйл явдал болсон юм. Энд хүнсний аюулгүй байдал нь зөвхөн идэж уух хоол цайны тухай хий хоосон яриа биш, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх асуудал болсныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд чуулганд оролцсон бүх хүн хүлээж зөвшөөрч, үзэл бодлоо уралдуулж байлаа. Иймээс энэ байдалд анхаарал хандуулж байна.
Юуны өмнө хүн амын хүнсний нийт хэрэглээни 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг юм байна. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс жимсгэнийн 90 орчим хувийг өмнөд хөршөөс импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд Хятадын хараат буюу эрсдэлтэйн цаадах эрсдэлтэй болсныг харуулж байгаа үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэн систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан болжээ. Түүний дотор элэг, ходоодны хорт хавдар хамгийн их буюу 53 хувийг эзэлж байгаа нь өдөр тутам хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон зүй зохисгүй, эрүүл бус хооллолттой холбоотой болохыг судлаачид тогтоосон байна.
ХҮНСНИЙ ХАНГАМЖ
Манай улсын хувьд хүнсний хангамж муугүй үзүүлэлттэй боловч экспорт, импортын зохистой харьцаа алдагдаж, импортоос хараат орны тоонд багтдаг болсон. Гуравхан сая хүн амтай, түүнээс 20 гаруй дахин олон толгой малтай, нэг сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай орны хувьд хунсний хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортоор авч байгаа нь эрсдэлт нөхцөл яахын аргагүй мөн юм. Энд нэг жишээ дурдахад, НҮБ-аас гаргасан зөвлөмжид монгол хүн жилд 147 метр буюу өдөрт 500 граммаас багагүй сүүг хүнсэндээ хэрэглэх нь зохистой гэж зөвлөсөн ч нийслэлчүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ үүний талд ч хүрэхгүй байгааг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаанд дурдсан байна. Гэтэл улсын хэмжээнд сүүний гарц болон малын тоо толгойд харьцуулснаар 470 сая тонн сүүний нөөц байгаа гэх боловч Улаанбаатар хот орчимд ердөө гуравны нэг нь эргэлдэж түүний 30 хувийг л үйлдвэрлэлийн аргаар боловсруулан хэрэглэж байна. Энэ нь 70 саяд дөхөж байгаа тоо толгой малтай Монгол Улсын хувьд дэндүү чамлалттай үзүүлэлт юм. Махны хувьд ч мөн л асуудалтай. Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар 2018 онд 27.9 мянган тонн үхрийн мах, 43.6 мянган тонн адууны мах экспортлохоор болж, хонь, ямааны маханд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэжээ. ГЕГ-ын мэдээлснээр өнгөрсөн онд манай улс үхэр, адуу, хонь, ямааны нийт 28 мянга орчим тонн мах экспортлож, 137 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Малын тоо толгой нь 70 сая дөхсөн манай орны хувьд энэ нь тийм их тоо биш боловч нийслэлдээ хэт төвлөрсөн иргэд хамгийн өндөр үнэтэй мах идэж, хүнсний ногоогоо импортоор авдаг нь хэвээрээ. Хойд, урд талд хоёр том зах зээл байвч монгол малын мах үнэд хүрдэггүй, экспорт төдийлөн дорвитой нэмэгдэж чадахгүй байгаа нь малын эрүүл мэндтэй холбоотой. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгээр энэ талын хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, Малын генетик нөөцийн тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр байгуулж, малын ерөнхий эмчийг томилон ажиллуулсан ч байдал дээрдсэнгүй. Харин ч малын шүлхий, мялзан зэрэг устаж үгүй болсон гэх өвчнүүд дахин сэдэрч, ямар гээч өвчин хуучтай малын мах зооглож байгаагаа ч мэдэхэд бэрх болоод байна.
ХҮНСНИЙ НОГООНЫ ХАНГАМЖ, ЭРҮҮЛ БАЙДАЛ
Монголчуудын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны бизнес ч эрсдэлтэй хэвээрээ байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд 21.3 мянган га-д төмс, н хүнсний ногоо тариалж, 246 мянган тонныг к хурааж авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Одоогоор 57.7 мянган тонныг хурааж авчихаад байгаа юм. Тариаланч, ногоочдын нөр их хөдөлмөрийн үр дүнд төлөвлөсөн хэмжээний хүнсний ногоог бүрэн хурааж авлаа ч энэ нь дотоодын нийт хэрэглээний 60 орчим хувийг л хангадаг болохыг ХААИС-ийн Агроэкологи бизнесийн сургуулийн багш, доктор Х.Солонгын судалгаа нотолжээ. Үүнээс гадна сонгино, сармис, лууван, манжин зэрэг ногооны 90 гаруй хувийг дан ганц Хятадаас нийлүүлдгийг судлаач илтгэлдээ дурдсан байх юм. Гэтэл тэрбум 300 сая хүнийхээ хүнсний хэрэглээг хангахын тулд хятадууд ногоог тариалахдаа химийн бордоог асар ихээр ашигладаг байна. Голландын "Эдвин ван Бёрн" пүүсийн явуулсан судалгаагаар Хятад улс 1988 онд хүнсний ногооныхоо 34 хувьд химийн бордоо ашигладаг байсан бол энэ тоо 10 жилийн дараа 72.4 хувьд хүрч, 2008 онд 87.0 хувь болсон тухай судалгаанд дурджээ. 10 жилийн давтамжтай дээрх судалгааны энэ оных хараахан гараагүй ч энэ тоо одоо буурах бус өссөн гэдэг нь тодорхой. Монгол Улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооны 2010 оны илтгэлд энэ байдлыг Хятадын албаны хүн хүлээн зөвшөөрсөн тухай дурджээ. Тэрбээр "Манай улс химийн бордоог маш ихээр хэрэглэж, түргэн ургуулсан төмс, хүнсний ногоог экспортолдог гэдгээ дэлхий нийтэд зарласан шүү дээ" гэж ярьсан байна. Үүнээс үзвэл бид эрүүл хүнс хэрэглэж байгаа гэдэгтээ итгэл төгс байхын аргагүй. Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс хамаарч цаашдаа ч улс орнууд хурдан хугацаанд ургуулж, олон сар хадгалах боломжтой хүнсний ногоо тариалахын тулд химийн бодис хэрэглэсээр байх болно гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа нь сэтгэл зовоосон асуудал болж байна. Данийн Хүнсний эрүүл мэнд, аюулгүй байдпын агентлагийн шинжээч Александр Томасеевичийн Киевт болсон Европын хүнсний асуудлаарх уулзалтад тавьсан илтгэлээс үзэхэд 2050 онд химийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний нөлөөгөөр хорт хавдраар нас барах хүний тоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэж үзжээ. Тиймээс аливаа улс орон дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дэмжиж, байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнээр иргэдээ хангахыг чухалчлах ёстой болж байна. Энэ нь хүн ам цөөтэй манай улсын хувьд улам бүр тулгамдсан зорилт болж тавигдах учиртай юм. Үүнд ялангуяа ирээдүй хойч үр хүүхдийнхээ хүнсний аюулгүй байдалд анхаарах зүй ёснй шаардлага урган гарч байна.
СУРГУУЛЬ ОРЧМЫН ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙ
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс ДЭМБ-ын техник, санхүүгийн тусламжтайгаар 2015 оны 2-12 дугаар сард "Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал"-ын судалгааг хийсэн байдаг. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох төрөл бүрийн ундаа, чихэр зэрэгт дийлэнхдээ хүнсний будагч бодис болон бусад төрлийн нэмэлт агуулсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тодруулбал, хүнсний будагч бодис тодорхойлох шинжилгээнд хамруулсан 20 дээжийн 15-д 75 хувь нь 1-4 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн байх юм. Зарим төрлийн нэмэлт бодис нь харшил, хавдар үүсгэх, хүүхдийн сэтгэцэд нөлөөлөх зэргээр сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй учир хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа хүүхдийн хоол тэжээлд хязгаартай хэрэглэх буюу бүрмөсөн таслан зогсоохыг судалгааны төгсгөлд зөвлөмж болгож байжээ. Сурагчдын ихээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний шинжилсэн дээжийн 2-9.8 хувь нь Е,coli , Ва-cillus cereu,S, зэрэг хоолны хордпого үүсгэх эмгэг төрөгч нянгаар бохирдсон, 3.6 хувь нь мөөгөнцөрийн бохирдолтой гарсны дотор бууз, хуушуур, пирожки, хот дог, бургер, ороомог зэрэг ширхгийн хоол зонхилж байсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын 98.4 хувь нь сургуулийн орчинд хоол хүнс тогтмол худалдан авдаг бөгөөд 46.5 хувь нь сургууль доторх цайны газраар, үлдсэн нь сургуулийн ойролцоох үйлчилгээний цэгүүдээр үйлчлүүлдэг болохыг тоггоожээ. Энэ нь хүүхдүүдийнхээ эрүүл саруул өсч бойжих, эрүүл хүнс хэрэглэх хэрэгцээ шаардлагад байнга анхаарал хандуулж байхыг бидэнд сануулж буй хэрэг юм.
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ТӨР, ЗАСГИЙН БОДЛОГО, ШИЙДВЭРИЙН ТУХАЙ
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.1 дүгээр заалт буюу "хүн амьд явах эрхтэй" гэсэн суурь зарчим, манай улсын нэгдэж орсон "Хүний эрхийн түгээмэл тунхаг", Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, хунсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн акт, баримтын хүрээнд бүрдэж байдаг. Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний хэрэглээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, түүнд тавих хяналт шалгалт болон хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой, амин чухал асуудал юм. Энэ нь салбарын төрийн болон төрийн бус байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, хувийн хэвшлийн идэвхтэй хүчин зүтгэл, оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан хүрээ цараа ихтэй чухал ач холбогдолтой үйл явц юм. Монгол Улс хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, үндэсний болон тодорхой салбар, чиглэлийн 10 гаруй төсөл хөтөлбөр, олон улсын байгууллага болон гадаад орны мөн тооны төслийг хэрэгжүүлсэн буюу одоо хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор баталж, 2011 оны 114 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийг 2009-2016 онд хэрэгжүүлж дууссан байдаг. Одоогоор хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл хүнс-эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Төгсгөлд нь хунсний аюулгүй байдалтай холбоотой хэдэн саналыг хэлье. Монголчууд бид "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэсэн амьдралын чухал философитой улс. Үүнийг "ургадаг алт"- үр тариа болон "газарт булсан гахай"-төмс, хунсний ногооны хадгалалт хамгаалалтад хамааруулан хэлж байгаа юм. Өнөөдөр манай газар тариалан эрхлэгчдэд үрийн будаа, нөөц улаан буудайгаа хадгалах элеватор, агуулах хангалтгүй байгаагаас гадна улсын хэмжээнд нийтдээ 180 мянган тонн хүнсний ногоо хадгалах багтаамжтай зоорь байдаг аж. Тиймээс ургацаа хураасан даруйд дотоодын үйлдвэр, хүнсний ногооны худалдаа эрхлэгчдэд бага үнээр боловч худалдан борлуулахгүй бол чанар нь муудаж, стандартын шаардлага хангахаа больж, "шатах" эрсдэлтэй тулгардаг. Манай улсын нэг хүнд ногдох жилийн хүнсний ногооны хэмжээ байнга өссөөр одоо 40.5 кг-д хүрээд байна. Гэвч энэ нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоосон физиологийн норм болох 75 кг-д хүрэх болоогүй байна. Үүнээс гадна "Хүнсний баталгаат байдал" хөтөлбөрт дурдсанчлан "Монгол хүний хүнсний хэрэглээнд мах, гурилан бүтээгдэхүүн зонхилж, эрдэс амин дэмийн гол эх үүсвэр болдог жимс, жимсгэнэ, нарийн ногоо бага хэвээр байгаа" нөхцөлд бусад илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх талаар анхаарах цаг болжээ.
Монгол Улсад хийсэн "Хоол хүнсний үндэсний тавдугаар судалгаа"-гаар хүн амын дунд зонхилон тохиолдож буй хоол тэжээлээс хамааралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаан нь "Өрхийн хүнсний баталгаат байдал алдагдсан явдал" болохыг тогтоожээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний хийсэн энэ судалгаанд монгол айл өрхийн 23 хувьд хүнсний баталгаат байдал ноцтой алдагдаж "өлсгөлөн"-гийн хэмжээнд хүрсэн бол 28 хувьд нь "дунд зэрэг" гэсэн үнэлэлттэй гарсныг дурджээ. Өөрөөр хэлбэл, хүн амын талаас илүү хувь нь чанар, шим тэжээлтэй, эрүүл аюулгүй хүнсээр хангагдах боломжоо алдсан нь бүс нутгийн хэмжээнд ч тун базаахгүй үнэлэлт авахад хүргэсэн байна. Үүнээс улбаалан хүн амын дундах аминдэм, эрдэс бодисын дутагдал харьцангуй их, хорт хавдрын өвчлөл илт нэмэгдсэн зэрэг нь Монгол Улс хүн ардынхаа хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоогоо эргэж харах, яаралтай засч залруулах цаг болсныг илтгэн харуулж байна. Манай улсад мөрдөж хэрэгжүүлж чаддаг бол аль ч салбарт, юуны ч тухай тунхагласан хууль цөөдөөгүй. Энд өгүүлж буй асуудлын хүрээнд саяхан Баяжуулсан хүнсний тухай хуулийг Д.Оюунхорол нарын гишүүд боловсруулж, УИХ-аар батлуулсан. Түүний араас Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэх сураг сонсогдоод байгаа. Гэвч бидэнд баяжуулсан ч юмуу зохицуулах үйлчилгээтэй хүнснээс илүүтэй эрүүл, зохистой хүнс л чухал байгаад хяналт тавьж, хил гаалиар шалгаж нэвтрүүлдэг Мэргэжлийн хяналтын байгууллага импортын хүнсэнд илүү анхаарууштай .
Хүнсний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн ХХААХҮЯ, МХЕГ-ын ажил бус үнэхээр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг ойлгож мэдэрч байгаа бусад салбарын яам, микро түвшиндээ иргэн, айл өрх ч оролцох, анхаарлаа хандуулах асуудал болчихоод байна. "Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй" гэж жанжин Д.Сүхбаатар хэлж байсан лугаа адил Монгол Улсын нийт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад тухайн салбарын яам, агентлаг, мэргэжлийн хяналтын байгууллага төдийгүй өөрийгөө болон өөрийн гэр бүл, үр хүүхэд, ойр дотнынхон, нийт ард иргэдээ хамгаалахад хэвлэл мэдээллийн ажилтан бидний хичээл зүтгэл, нийтлэл нэвтрүүлэг чухал үүрэг рольтой гэдгийг мартах учиргүй юм.
М.Тогтох
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
24news.mn