2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Өвөл цахилгаан саатвал хот дөрвөн цагийн дотор л хөлдөнө

Өнгөрсөн бямба гарагт ДЦС-IV дээр гарсан ослын улмаас нийслэл хот, зарим аймаг цахилгаангүй болсон нь ойрын хэдэн жил тохиолдоогүй гэнэтийн түгшүүр байлаа. Манай улсын эрчим хүчний нөхцөл байдал ямархуу байгааг энэхүү осол харуулсан юм. Цаашид иймэрхүү ноцтой саатал учирвал үйлдвэр, албан байгууллагууд хэр бэлтгэлтэй байна вэ. Хэрэв жавар тачигнасан өвлийн хүйтэнд цахилгаан саатвал бид хэр удаан тэсэх бол гэсэн асуулт олон хүний сэтгэлийг чилээж буй. Эдгээр асуултад хариулт олох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.Осол орой гарсан бол “Сүү” ХК 100 саяын алдагдал хүлээх байжээ.

Цахилгааны саатал томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Бямба гарагт болсон ослыг хохирол багатай давах гэж үндэсний үйлдвэрүүд янз бүрийн л арга хэрэглэсэн байна. Тухайлбал, “Мах импекс” компани дэргэдээ жижиг станцтай учраас тог тасарснаас хойш 10 минутын дараа нэмэлт эх үүсвэрт холбогдож, үйл ажиллагаагаа жигдрүүлжээ.

Тус компани зөвхөн бямба гарагт амардаг. Амралтын өдөр тог тасарсан учраас харьцангуй гайгүй өнгөрсөн гэнэ. Хэрэв ажлын өдөр таарсан бол хүндрэл гарах байсан гэдгийг компанийн эх сурвалж мэдээллээ. Харин нийслэлийн сүү, сүүн бүтээгдэхүүний 79 хувийг дангаараа хангадаг “Сүү” ХК-ийн тухайд эрсдэл ойрхон байж. “Өглөөгүүр тог тасарсан нь бидний аз. Учир нь энэ үеэр сүүгээ цуглуулаад хөдөөгүүр явж байдаг юм.

Хэрэв оройн цагаар, үйлдвэрлэл ид өрнөж байх үед цахилгаан тасалдсан бол хамгийн багадаа 100 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байсан” хэмээн компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга ярилаа. Үйлдвэрийн цахилгааны хэрэглээ маш өндөр. Үүнийг давж ажиллах генератор тавина гэхээр олон тооны байх шаардлагатай.

Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нөөц эх үүсвэр дутагдалтай байдаг.

Тиймээс цахилгааны саатал гарсан үед нэмэлт эх үүсвэр ажиллуулдаггүй болохыг тэрбээр учирласан юм. АПУ компани энэ үеэр зайлшгүй ажиллуулах шаардлагатай үйлдвэртээ нэмэлт төхөөрөмж суурилуулж, бусдыг нь түр зогсоожээ. “Манайд автомат генераторууд бий. Гэхдээ мэдээж бүх үйлдвэрээ ажиллуулж чадахгүй.

Тиймээс хүргэлттэйхэсгүүддээ ажиллуулдаг юм. Үйлдвэрээ нэг зогсоовол дахиад жигдрэх гэж бараг хоёр хоног болдог. Энэ бол ганц удаагийн асуудал биш. Өмнө нь цахилгаан гэнэт тасалдах тохиолдлууд гарч л байсан. Үйлдвэрийн хувьд цахилгааны асуудал том эрсдэл хэвээр байна. Хохирлын хэмжээг хараахан тооцож гаргаагүй байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг ярьсан юм.

Харин үндэсний агаарын тээврийн МИАТ компани өөрсдийн дэд станцтай учраас цахилгааны саатлын улмаас үйл ажиллагаа нь доголдоогүй гэдгийг хэвлэл мэдээллийн ажилтан нь тайлбарлав. 

ХАЛААЛТ ИРЭХ ХУГАЦАА ХОЁР ХОНОГООР ХОЙШИЛЖЭЭ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн шуурхай удирдлага, горим тохируулгын албаны дарга М.Ууганбаярын хэлж буйгаар ид хүйтний үед эрчим хүчгүй болвол нийслэл дөрвөн цаг л тэсэх аж. Тэрбээр “Цахилгаан тасарвал станцын усыг халаадаг насос мэдээж зогсоно. Усны температур өвөлдөө 100, одоогоор 80 орчим градусын халуун байгаа.

Өвлийн ид хүйтний үеэр ус хөртлөө дөрвөн цаг болно. Энэ хугацаанд л арга хэмжээ авч, асуудлыг шийдэх боломжтой” гэв. Айл өрхүүдийг дулаанд холбох ажил ид өрнөж байсан боловч ослын улмаас халаалт товлолт хугацаанаас хоёр хоногоор хойшилж байна. Мөн иргэдийн өдөр тутам үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрүүдэд нөөц эх үүсвэр дутагдалтай байдаг аж. Тухайлбал, “Миний сүлжээ” дэлгүүрийн дэмжих албаны дарга Б.Нэргүй “Манайх сүлжээ дэлгүүр бүртээ нөөцийн мотортой.

Гэхдээ 1-3 цагийн хугацаанд л эрчим хүчээр хангах боломжтой. Зарим салбарт цахилгаан их орой ирсэн учраас тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн. Гэхдээ хохирлын хэмжээг эцсийн байдлаар гаргаж амжсангүй. Цаашид нөөц эх үүсвэрээ нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Мотор биш бүр том генератор авах шаардлагатай гэж үзэж байгаа” гэсэн юм.

ЭМНЭЛГҮҮД ТОГ ТАСАРСАН ҮЕД 8-72 ЦАГ АЖИЛЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

Өнгөрсөн долоо хоногийн цахилгааны гэмтэлд эрүүл мэндийн салбарынхан барьц алдсангүй. Тухайлбал, яамны харъяа 16 үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа есөн эмнэлэг бүгд нэмэлт генератор ажиллуулж, хүндрэлийг даван туулжээ.

Гуравдугаар шатлалын томоохон эмнэлгүүдэд 10-18 генератор бий.

Энэ үеэр нийслэлд 28 эх амаржсан бол нэгдүгээр эмнэлэгт бүдүүн гэдэсний, гуравдугаар эмнэлэгт бөөрний хагалгаа хийж байсан ч цахилгааны нэмэлт эх үүсвэр ашиглан хагалгааг амжилттай дуусгасан байна.

“Эмнэлэг бүр тог хураах нөөц үүсгүүртэй байдаг. Үүнийгээ ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулаагүй. Тог тасарвал 4-5 секундын дотор ажиллаад эхэлдэг. Улсын төв эмнэлгүүд гурван өдрийн хугацаанд нэмэлт эх үүсвэрээр ажиллах хүчин чадалтай.

Харин дүүргийн эмнэлгүүдэд байдал янз бүр. Ерөнхийдөө 8-72 цаг ажиллах гамшгийн төлөвлөгөө байдаг” хэмээн ЭМЯ-ны олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбарлав. 

ЗГМ: ТОДРУУЛГА

Ц.Даваасүрэн: ХУУЧИРСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ДАРУЙ ШИНЭЧЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ

ДЦС-IV-т гарсан ослын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд эрчим хүчний бие даасан системтэй болохын тулд усан цахилгаан станцуудаа хурдан барьж, Амгалан болон ДЦС-III-г өргөтгөх шаардлагатайг онцлов. Энэ бүгдийг хурдан хийхгүй бол ДЦС-IV дээр ганц осол гарахад Монголд тэр чигээрээ системийн доголдол үүсэх эрсдэлтэйг сануулсан юм. Сэтгүүлчдийн асуултад салбарын сайд хэрхэн хариулсныг товчлон хүргэе. 

-ДЦС-IV дээр гарсан ослыг бүрэн засварлаж дууссан уу?
-Ослоос болж хоёр генераторт гэмтэл гарсан. Яг одоогоор гурван генератор ажиллаж байгаа. Болж өгвөл орой тийшээ дөрөв дэхийг нь ажиллагаанд оруулна. Мөн ДЦС-IV дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажил эхэлж, ОХУ-аас мэргэжилтнүүд ирээд байсан. Харамсалтай нь ослоос болж энэ ажил удааширч байна. 

-Ослоос болж хэдий хэмжээний хохирол учирсан урьдчилсан тооцоо гарсан уу?
-Үүнийг тодорхойлоход түвэгтэй л дээ. Жишээ нь, цахилгаан тасарснаас болж үйлдвэрлэл нь тодорхой хугацаагаар саатсан газрууд байгаа. Их, бага хэмжээгээр хохирол учирсан нь тодорхой. 

-Тэгвэл зөвхөн ДЦС-IV-т хэдий хэмжээний хохирол учирсан бол?
-Станц дээр гарч буй засвар үйлчилгээний зардал нэг их өндөр биш. Яагаад гэвэл ямар нэг үндсэн тоног төхөөрөмж эвдэрснээс болж энэ осол гараагүй. 

-Хүйтний улирал эхлэхээр эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэнэ. Ер нь ДЦС-IV-ийн аюулгүй үйл ажиллагааг цаашид хэрхэн хангах вэ?
-Техникийн хувьд шинэчлэх шаардлага байгаа учраас ОХУ-аас мэргэжилтэн авчирч, засварын ажлаа яг эхэлж байтал ийм асуудал гарлаа.

Тиймээс өвлийн ачааллыг давахын тулд түр зогсоохоос аргагүйд хүрсэн.

Одоо өвлийн өндөр ачаалал өнгөрч, дулаан орсны дараа генераторуудаа шинэчлэх ажлыг хийхгүй бол болохгүй. 

-Дахиж ийм осол гарахгүй гэх баталгаа байна уу?
-Гаргахгүйн төлөө л ажиллах ёстой. Хэрэв хүйтний улиралд тохиолдсон бол Улаанбаатар тэр чигээрээ хөлдөнө. Сая ОХУ-ын нөөцийн шугамаас эрчим хүч авч байж сэргээлээ. Хэрэв Оросын шугам байгаагүй бол энэ байдал хэдэн ч цаг үргэлжлэхээр байлаа.

-Цахилгаан станцуудыг засварлахад хэр их хөрөнгө шаардлагатай вэ?
-ДЦС-IV-ийн хуучирсан генераторуудыг солиход 90 сая ам.доллар хэрэгтэй. Харин ДЦС III-ыг өргөтгөх төсөл 300-400 сая ам.долларын хэмжээтэй. Дандаа хуучирсан тоног төхөөрөмж ашиглаж байгаа учраас эдгээр шинэчлэлийг даруй хийхгүй бол болохгүй. Гэхдээ саяын осол үүнээс болоогүй юм шүү. Энэ бол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. 

-Буруутай ажилтныг олж тогтоосон уу. Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Буруутай этгээд нь нэг монтёр байна лээ. Гэхдээ үйлдвэрийн аюулгүй байдал хариуцах гол хүн нь ерөнхий инженер шүү дээ. Цаашдаа төрийн өмчийн компаниудыг яамны мэдэлд авах нь зөв. Одоо осол аваар гарлаа гэхэд бүгд яам руу хандаж байна. Гэтэл тэр компанийн удирдлагыг томилдог, чөлөөлдөг, санхүү төсвийг нь баталдаг бүх эрх мэдэл төрийн өмчийн хороонд байдаг.

Тиймээс яам хариуцлагаа хүлээе, харъяа компаниудаа салбартаа авъя, ТУЗ-ийн гишүүдээ томилъё, мэргэжлийн баг бүрдүүлье гэж яриад байгаа юм. Манай салбарын өчнөөн мянган хүн ажилгүй байна. Гэтэл төрийн өмчийн хороо янз бүрийн нөхдийг авчраад томилчихдог. Энэ байдлыг цэгцлэх ёстой. 

БАЙР СУУРЬ
Ослын үеэр харилцаа холбооны операторуудын үйл ажиллагаа доголдох вий гэсэн айдас, эргэлзээ олон нийтэд байсан юм. Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци оператор компаниудын нэмэлт эх үүсвэр бага байгаа тул харилцаа холбоо доголдож болзошгүйг анхааруулсан. Тиймээс энэ талаар компаниудаас тодруулсан юм. 

“Мобиком” корпорацийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг: ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭДИЙ Ч ХУГАЦААГААР ХЭВИЙН ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

-Улаанбаатар хотод байгаа манай сүлжээ дамжуулах бааз станцууд тухайн шийдлээсээ хамаарч нарны болон дизелийн генераторын нөөц үүсгүүртэй.

Бид нэмэлтээр дизель генераторын түлшний нөөцийг 12 цаг болгож нэмэгдүүлсэн.

Дата төв дээр олон улсын стандартын дагуу эрчим хүчний гурван эх үүсвэрийн нөөцтэй байдаг тул хэвийн үйл ажиллагаагаа хангасан.

Иймэрхүү эрсдэл хэзээ ч гарч болзошгүй тул бүгдийг нь тооцоолдог. Үйлчилгээний салбарууд ч гэсэн дизель генераторын эх үүсвэртэй тул үйлчилгээ хэвийн явагдсан. Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн зүгээс биднээс асуугаагүй мэдэгдэл гаргасан.

Тиймээс мэдэгдэлд дурдсан зүйл манай нөхцөл байдлыг төлөөлөхгүй гэж ойлгож болно. Аль ч улс орны хувьд үүрэн холбооны салбар иймэрхүү онцгой байдлын үед хамгийн найдвартай үйлчилгээ үзүүлэх ёстой.

Хүмүүс үймэлдэж сандарсан үедээ хамгийн түрүүнд гар утсаар бие биетэйгээ холбогддог, ямар нэг аюул, аваар болон онцгой байдлын мэдээлэл авах шаардлагатай байдаг тул манай байгууллага бүх үйлчилгээг хэвийн үзүүлэх бүхий л стандартыг хангаж ажилладаг.

Үүрэн холбооны үйлчилгээг хэдий хугацаанд үзүүлэх шаардлагатай байна тэр болгонд л үйлчилгээгээ хэвийн явуулна.

Skytel компанийн Технологи хариуцсан дэд захирал Ч.Даваажамц: ЗАРИМ ДЭД СТАНЦ 4-8 ЦАГИЙН НӨӨЦ ТЭЖЭЭЛТЭЙ

-Үүрэн холбооны операторуудын хувьд эрчим хүчний хомсдолоос болж төвлөрсөн болон дэд станцуудад хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй байдаг. Skytel компанийн хувьд саяын осол харьцангуй гайгүй өнгөрсөн.

Гэмтэл гарсан даруйд бид бүрэн бүрэлдэхүүнээр онцгой горимд шилжиж ажиллаа. Хэрэв удаан үргэлжилсэн бол сүлжээний хүртээмжтэй байдал багасах эрсдэл өндөр байсан.

Тухайн дэд станцууд дээр 4-8 цагийн нөөц тэжээл байдаг.

Тиймээс зангилаа болон дата төвүүд хэвийн ажиллаж болох ч орон нутаг болон нийслэл хотын захаар сүлжээний хамрах хүрээ багасах, хязгаарлалт үүсэх магадлалтай. Харин дата төвийн хоёр давхар эрчим хүчний оролт аль аль нь давхар унаж, генераторын эх үүсвэрт автоматаар холбогдсон.

Ер нь маш эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.Генераторын эх үүсвэр дууслаа гэхэд систем бүр дээр цэнэгээр ажиллах тохируулга бас бий. Мэдээж хохирол тодорхой хэмжээгээр гарсан.

20 гаруй цэг эрчим хүчний хязгаарлалтад өртөж, саатал гарсан. Гэхдээ одоогоор энэ бүгдэд эдийн засгийн тооцоо хийж үзээгүй байна. Аваар осол, гэнэтийн үед мөрдөх дотоод журам бий. Энэ осол хамгийн гэнэтийн, өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа.

Засгийн газрын мэдээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.