2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Агаарын бохирдолтой агентлаг байгуулж тэмцэнэ гэв үү

 

Халаалтын улирал эхэлж, утаа гэдэг “хадны мангаа” хаалга тогшоод ороод ирлээ. Дулааны улиралд бид юу хийсэн бэ, бэлтгэл базаасан уу, 

энэ жил утаа арилахгүй юм гэхэд ядаж багасах уу гэсэн асуултад хариулт хайлаа. Төр, засаг ярьсаар, хуралдсаар, янз бүрийн бичиг баримт боловсруулсан шиг суусаар буй боловч “тулааны талбарт” хэрхэн “байлдах” тактик бэлэн болоогүй л байна. Уламжлал ёсоор олон янзын гоё юм ярьж, тэгнэ ингэнэ гэж амлаж буй.

Утааны улирал хэдийн эхэлчихээд байхад ийм байдалтай сууж байгаагаас харвал энэ өвөл улаанбаатарчууд бохир агаараар амьсгалсан хэвээр байх бололтой. Тиймээс амны хаалтаа ахиухан, эртхэн бэлдэхээс өөр арга нийслэлийн иргэдэд алга. Ямар сайндаа л холбогдох албаныхан нь хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч, утааны улирлын оргил ачааллын үеэр сургууль, цэцэрлэгийг амраах талаар ярих вэ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын хэсгийн хурал саяхан болсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй холбогдох албаныхан төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, заримых нь явцыг мэдээлсэн билээ. 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийнхэн нүүрсийг орлох түлш үйлдвэрлэх эрэлд гараад буй. Уг ажил нэлээд урагштай гэнэ. Үйлдвэрүүдээ бариад эхэлсэн. 2019-2020 оны утааны улиралд Улаанбаатар хотод шаардагдах сайжруулсан түлшийг оны ирэх есдүгээр сарын 15 гэхэд бүрэн үйлдвэрлэчихнэ гэж төсөөлжээ.

Туршилтын журмаар энэ жил Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 26 340 айл өрхийг нэгтгэн, агаарын чанарыг сайжруулах бүс байгуулах нь. Тэндхийн айлуудад нийт 80 000 тонн сайжруулсан түлш олгохоор төлөвлөжээ. Ажлынхаа үр дүнг сайн хянахын тулд тухайн бүсийнхээ агаарын чанарыг 24 цагийн турш тогтмол шалгаж, хэмжих юм байна. Энэ нь нүүрснээс татгалзаад ямар үр дүн гарсныг нотлох “гарын авлага” болох гэнэ лээ. Түүнчлэн сайжруулсан түлшийг нүүрсний үнээр борлуулах боломж бүрдүүлээд буй юм билээ.

Мөн ЭМЯ-наас хөрс, ус, агаарын чанарын үзүүлэлттэй уялдуулан нийслэлийн иргэдийн дунд амьсгал, цус, гэдэс, хавдар, харшил, хүүхдийн өвчлөлийн чиглэлээр тандалт судалгааны тогтолцоо бий болгож, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээнүүд төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд агаар дуслаар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө гаргах, амны хаалт хэрэглэж заншихыг уриалах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд үүнд лав 500-гаас дээш сая төгрөг хэрэгтэй гэнэ. Зөвлөмж, уриалга гаргахыг салбарын яам мөнгөтэй ч, мөнгөгүй ч эрүүл мэндийн байгууллагаараа дамжуулаад хийчихэж болохгүй гэж үү.

Утаа ихэслээ гэж бөөн асуудал ярьж олонд танигдсан нэгэн төрийн бус байгууллагынхан энэ жил шүүмжлээд байдаг хүмүүсийнхээ дунд орчихсон, айлуудад гэрээ дулаалах талаар сурталчилгаа хийнэ, хэдэн зуун сая төгрөг шаардлагатай гэж яриад явах жишээтэй. Энэ мэт сурталчилгаа мөн ч их хийснийг, тэр нь утааг бууруулахад маш их “тус болсон”-ыг хэдэн арван жилийн түүх харуулна.

Үүний зэрэгцээ тэдгээрийн дунд “Агаарын бохирдлын асуудал хариуцсан агентлаг байгуулна” гэсэн зорилго, төлөвлөгөө хавчуулсан нь чих дэлдийлгэм байв. Монгол Улсад агаарын бохирдолтой тэмцэх ажил л дутсанаас биш, ямар нэгэн яам агентлаг, төрийн бүтцийг данхайлгасан албан байгууллага, тэнд зүгээр суух хүмүүс лав цөөдөөгүй. Бүхэл бүтэн яам байна. Дээр нь нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар гэсэн сүржин нэртэй даржин байгууллага ч бий. Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Цаг уур, орчны шинжилгээний газар гэх мэтээр нийлж нэгдээд ажиллахад хүч дутуудахааргүй газар олон. Хэрэгтэй бүх байгууллагыг нэгтгэсэн, Ерөнхий сайдаар толгойлуулсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ч байсаар байтал шүү.

Асуудал үүгээр зогсохгүй. Агаарын бохирдлоо хэрхэн бууруулах вэ гэдгийн цаана өнөө жил 199.7 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн том тоо яригдаж буй. Мэдээж бага мөнгөөр бүтэхгүй ажил гэдэг нь ойлгомжтой боловч энэ хэмжээний мөнгөөр тоглосны дараа Улаанбаатар утаандаа улам “живчихсэн” өнгөрсөн жилүүдийн түүх давтагдах юм биш биз дээ гэх хардлага байна. Түүнчлэн энд тэндээс орж ирэх их хэмжээний хөрөнгө, хөнгөлөлттэй зээлийн сургаар ийм их ажил “өрнөв” үү гэж хардах хүн ч бий.

Нэг жишээ дурдъя. 2007-2016 онд улс, нийслэлийн төсөв болон олон улсын зээл, тусламжаас нийт 206.9 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан баримт бий. Энэ хэмжээний мөнгө зарсан хэр нь Улаанбаатарын утаа өтгөрсөн үү гэхээс буураагүйг өнгөрсөн өвөл ил тод харуулсан. Энэ өвөл ч бэлхнээ гэрчлэх нь тодорхой болоод буй. “Өмнөх засаг ийм их мөнгө үрчихээд юу ч хийгээгүй. Одоо бидэнд агаарын бохирдолд зарцуулах ямар ч мөнгө байхгүй. Мөнгө зарцуулахгүйгээр зохион байгуулалтын өөрчлөлт хийж, утааг бууруулна” гэсэн “шоу” 2016, 2017 оны заагт болж билээ. Түүнчлэн утаанаасаа шинжлэх ухаанч аргаар салах оновчтой шийдэл боловсруулах үүргийг Засгийн газраас эрдэмтдэд өгсөн. ШУА-ийнхан хэд хэдэн шийдэл боловсруулж, өчнөөн туршилт хийсэн байдаг. Гэтэл өдгөө тэр шийдэл хаачив, юу болов гэдэг нь таг чиг, сураггүй шахам боллоо.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн жил “Цэвэр агаар” төслийн хүрээнд утаа ихтэй бүсэд байрладаг эмнэлгүүдийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр бүрэн хангасан. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт агаар шүүгч суурилуулсан байна. Агаар шүүгч суурилуулсан газруудын дотоод орчин дахь тоосонцрын агууламж 13.7-29 хүртэлх хувиар буурсан үзүүлэлт гарсан юм билээ. Энэ мэтээр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаад, цахилгаан халаагуур, сайжруулсан түлшээр гэр хорооллын айлуудыг хангаад

Тэгвэл 199.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулахыг тодруулахад цахилгаан халаагуурын төсөлд, сайжруулсан зуухны татаасанд гэх мэтэд олгох болсон гэнэ. Тухайлбал, энэ оны төгсгөл гэхэд 26 340 өрхийг 80 мянган тонн сайжруулсан түлшээр хангах талаар дээр дурдсан. Мөн 41 000 айлын дулааныг цахилгаан халаагуураар шийдэх боломж бүрдэнэ. 78 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөжээ. Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд байгуулсан “Тавантолгой түлш” компанийнхан энэ онд 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм байна. Иргэдийн нуруунд ачаа нэмэхгүй байх үүднээс сайжруулсан түлшийг түүхий нүүрснийхтэй адил үнээр худалдахаар шийдвэрлээд буй бөгөөд зөрүүг нь улсаас татаас болгон өгнө. 58 тэрбум төгрөгийг татаасанд олгох болсон нь дээр дурдсан том тоонд “шингэжээ”.

Энэ мэт ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирэх оны төсөвт “алдарт” 199.7 төгрөгийг суулгаж, Агаарын бохирдлын асуудал хариуцсан агентлагаа байгуулж чадвал Улаанбаатар хотын утаа мэдэгдэхүйц буурах боломжтой гэнэ. Бүрэн арилахгүй, мэдэгдэхүйц буурна гэснийг зориуд онцлон тэмдэглэе. Бас зөвхөн нийслэлийн хэмжээнд хэмээснийг тодотгоё. Бусад аймаг, сум хэрхэх, эсэх нь тодорхойгүй. Агентлаг байгуулах ажил нь одоогоор гацчихаад буй бөгөөд УИХ-ын зарим гишүүн үүнийг маш зөв зүйтэй ажил гэж үзээд, дэмжиж, болгож бүтээх талаас нь ажиллана гэж үндэсний хорооны хурлын үеэр мэдэгдсэн билээ. Агаарын бохирдлоо бууруулахын оронд агентлагаа байгуулна гээд гүйж явах вий дээ, байгаль орчныхон.

Бэлтгэсэн: М.Оч

Өнөөдөр сонин

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.