Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж Токиогийн “Ничидо” төв галерейд үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэрбээр үзэсгэлэндээ 20 гаруй бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байгаа аж. Түүний уран зургуудад Фүжи уулыг дүрсэлжээ. Их аварга 2015 онд зураач С.Заяасайхантай хамтран уран зургийн анхны бүтээлээ “Гинза” галерейд дэлгэж байжээ. Энэ үеэр түүний нэг бүтээлийг 100 мянган ам.доллараар борлуулж, Монголын хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд зарцуулсан байна.
Харумафүжи Д.Бямбадорж энэ удаагийн үзэсгэлэнгээс олсон орлогоо Монгол Улсад байгуулж буй “Шинэ Монгол” сургуулийнхаа бүтээн байгуулалтад зарцуулах аж. Тэрбээр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Монгол Улс бол миний эх орон, Япон улс бол миний хоёр дахь эх орон. Энэхүү сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлыг дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн. Энэ сургууль нь Япон маягийн боловсролыг монгол хүүхдүүдэд эзэмшүүлж хоёр орны цаашдын харилцаа хөгжил дэвшилд бага ч гэсэн нэмэр болох гүүр байх болно” хэмээжээ. Их аварга Харумафүжи бүтээлийнхээ дээжээс Японы их аварга Кисэносатод бэлэглэж бусад бүтээлээ дуудлага худалдаагаар худалдаж “Шинэ Монгол” сургуулийнхаа санд хандивлах аж.
Г.Ням
24news.mn