2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
2019 оны нэгдсэн төсвийн зураглал

Улс төр улсын төсвөөр амьсгалах үе ирж байна. Өмнөх долоо хоногт Засгийн газар 2019 оны улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төсөв бол ирэх онд монголчуудын  орлого зарлага, олж гээхийг харуулах толь юм. 2019 оны улсын төсвийн төсөөллийг бүхэлд нь “Онцгой” хэмээн тодотгож  болно. Учир нь 2020 оны сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт ажил хэрэг болох уу, агаарт замхрах уу гэдгийг  2019 он шийднэ. Товчхондоо бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр зэрэг нийгмийн шийдлүүд рүү  “хүч хаясан” төсөв юм.

Ирэх жил эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг зорилтот түвшинд буюу 8 хувьд барих, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах зорилтыг энэ төсөв агуулж байна.

Төсвийн орлогын нэмэгдсэн 2,4 их наядыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Төсвийн хар зургаас харвал улсын нэгдсэн төслийн орлогыг 2018 оноос даруй 2,4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж,  9 их наяд 676.5 тэрбум төгрөг  байхаар тооцжээ. Энэ нь ДНБ-ий 27.4 хувь болж байгаа юм. Уг нь төсвийн төсөөллөөр бол ирэх жилийн  орлогыг энэ жилийнхээс 1,0 их наядаар их буюу 8,2 их наяд төгрөг байхаар тооцож байсан билээ.

Ирэх онд уул уурхайн салбарын орлого 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ

Орлого ахиухан орж байвал хаана хаанаа хэрэгтэй. Гэхдээ 9.6 их наяд гэдэг бодит хөрсөн дээрээ хэр биелэх боломжой вэ гэдгийг гишүүд шүүн тунгаах биз.  Сангийн сайдын мэдэгдснээр ийм хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэх нь “Чанга” хэмээн тодотгосон ч  хэрэгжих бүрэн боломжой гэсэн. Тиймээс төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа гэх.

Төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ... Харин яаж?

Төсвийг бүрдүүлдэг уг сурвалж, ус ундрага нь татвар. Энэ намрын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байгаа хуулийн нэг нь Татварын багц хууль. Намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ онцгой ач холбогдол өгч байна” хэмээн тэмдэглэсэн. Тэгэхээр орлогын үүдийг нээж байгаа нэг  эх сурвалж шинэ хуулийн зохицуулалт байх магадлалтай. Гэхдээ энэ нь татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бус харин бааз суурийг нь өргөжүүлэх тухай юм. Тодруулбал,татварын ачаалал ирэх онд 23.6 хувь байхаар байгаа бөгөөд энэ нь дэлхийн дундаж/25%/-аас  бага байгаа юм.  

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчилж байгаа бөгөөд энэ нь төсвийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх өөр нэг боломж хэмээн нэрлэж буй.

2019 онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд уул уурхай урьдын адил голлох үүрэгтэй хэвээр байх нь. Тухайлбал, ирэх онд уул уурхайн салбарын орлого 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ. Энэ нь төсвийн нийт орлогын 27.1 хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Тухайлбал, нүүрс болон зэсийн экспортоос тус бүр 1,3 их наядыг төвлөрүүлнэ. Уул уурхайн салбараас төсөвт орох орлогыг ингэж 1,3 их наядаар  шууд нэмэгдүүлэх шалтгаан нь ирэх жил нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэх зорилттой уялдаж байна. Үүний тулд гаалийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөжээ.

Төсөвт 2019 онд нүүрс тонн нь 75.9, зэсийн баяжмал 6222 ам доллар байхаар тус тус тооцсон нь  нэлээд “даруухан” төсөөлөл харагдаж байгаа юм.

Зарлагын реформ ба урсгал зардал

2019 оны төсөв урьд өмнө байгаагүй их хэмжээний зарлагатай байхаар байна.  Нийт дүнгээрээ 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байх юм. Энэ нь төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ.

2019 онд Засгийн газрын он дамжсан урт хугацаат дотоод үнэт цаасны үндсэн төлбөрт 222.1 тэрбум төгрөг, гадаад хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрт 310.4 тэрбум төгрөг, арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн үндсэн төлбөрт 541.4 тэрбум төгрөг, нийт 1.1 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр төлөвлөжээ.

Төсвийн зарлагын дийлэнх хэсэг нь урсгал зардалд зориулагддаг. Нэгдсэн төсвийн нийт урсгал зардал 2019 онд 8,228.3 тэрбум төгрөг байх юм байна. Урсгал зардлын бүтцийг аваад үзвэл  цалин хөлсөнд 2.2, бараа үйлчилгээнд 1,7 их наяд гэхчлэн үргэлжилнэ.

Засгийн газар ирэх жил зарлагын реформыг хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хүрээнд улсын төсвийн хуваарилалтыг жигд тэгш болгох, норм нормативыг шинэчлэх юм.

Мөн тээвэр шатахуун, халаалт, гэрэл цахилгаан, интернет, шуудан холбоо, бичиг хэрэг, эд хогшлын зардал болон гадаад томилолтын зардал зэргийг 2018 оны түвшнээс нэмэгдүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа нь сайн хэрэг.

2019 оны төсвийн зарлагын тодорхой хувийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар тооцжээ. Үүнд, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, тэдний цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр, мөн бүх төрлийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж  119.5  тэрбум төгрөгийг тус тус хуваарилж байна.

Урьдчилсан байдлаар 2019 онд төрийн албан хаагчдын тоо 2100 хүнээр нэмэгдэхээр байна. Энэ нь голдуу багш, эмнэлгийн ажилтнууд бөгөөд эдгээрийн цалин хөлсөнд 60 тэрбум төгрөг шаардлагатай.

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны II улирлын байдлаар 21.1 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр хүлээгдэж буй ДНБ-ний 58.9 хувь байна. 2019 онд Засгийн газрын он дамжсан урт хугацаат дотоод үнэт цаасны үндсэн төлбөрт 222.1 тэрбум төгрөг, гадаад хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрт 310.4 тэрбум төгрөг, арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн үндсэн төлбөрт 541.4 тэрбум төгрөг, нийт 1.1 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр төлөвлөжээ.

Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд  төсвийн барометрүүд УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэрхэн яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй. 

 Эдгээрээс гадна Ирээдүйн өв сангийн хуримтлал үүсгэх, төсвийн хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог өргөжүүлэх,  орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэхчлэн олон шинэлэг шийдэл заалт төсөвт орон зай эзэлж байгаа бөгөөд энэ тухайд дараа дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Улсын төсвийн орлого зарлагыг нийтэд нь хуйлруулж мэдэх эрсдэлтэй хүчин зүйл гэвэл одоогоор ам долларын ханшийн чангаралт бөгөөд ирэх оны төсвийн төсөөлөлд нэг ам долларыг 2280 төгрөг байхаар тооцож оруулаад байгаа юм.                                                                           

 Ирэх оны төсвийн зарлагыг тоймловол иймэрхүү.

  М.Нэргүй

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.