2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
АЭХ бүх шатны тэргүүнээ 98 мянган гишүүдийнхээ саналаар тодруулна

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль энэ сарын 5-аас эхэлж нэр дэвшигчдээ зарласан.  Тэд энэ удаагийн сунгаагаа “Сэтгэлийн хүч” хэмээн нэрийдэж 21 аймаг 9 дүүргээр өртөөлж нэр дэвшигчид нийт эмэгтэйчүүддээ  үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхлээд байна. Анхны чуулга уулзалт Ардчиллын өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж наран мандах нутаг Дорнод аймагт үргэлжлэв.

Орон нутгийн холбоодын гишүүдийн ирц 100 хувьтай, сонгууль амжилттай явагдаж Хэнтий, Дорнод аймгийн Холбоод тэргүүнээ сонгожээ. Тэдний дараагийн өртөө Сүхбаатар аймаг юм. Дахин сануулахад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан нар өрсөлдөж байгаа бөгөөд аймаг, нийслэл, 9 дүүргийн шат шатны холбоод ч мөн тэргүүнээ сонгоно. Сонгуулийн нэгдсэн дүн ирэх 11 дүгээр сарын 5-нд гарах юм.

Сонгуульт аянаа “Сэтгэлийн хүч” хэмээн нэрийдэх болсон нь нарийн учиртай гэнэ. Улс төрд, улс эх орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал вэ гэвэл тэд бүх зүйлд сэтгэлээ зориулж ажиллаж чаддаг. Эмэгтэйчүүдийн  сэтгэл хүчтэй байж тэдний дуу хоолой нийгэмд илүүтэй хүрнэ. Хамгийн гол нь, энэхүү сонгуульт аяны зорилго нь хэн нэгнийг даргаар сонгохдоо биш нийгмийн сайн сайхны төлөө, шударга бус зүйлтэй тэмцэхийн тулд эвлэлдэн нэгдэж, эмэгтэйчүүдийнхээ манлайллыг, урам зоригийг сэргээн хүчээ нэгтгэхэд чиглэсэн гэдгийг тус холбооноос онцолж буй юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.