Залилах гэмт хэрэг 2018 оны эхний 9 сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1995 гэмт хэргээр буюу 2 дахин өссөн байна.
Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэргийн 450 хэрэг буюу нийт хэргийн 11 хувь нь визтэй холбоотой, 449 хэрэг буюу 11.4 хувь нь гар утастай холбоотой, 336 хэрэг буюу 8.6 хувь нь автомашинтай холбоотой, 278 хэрэг буюу 7.1 хувь нь цахим ашиглаж, 75 буюу 1.9 хувь нь ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж, 49 буюу 1.2 хувь нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглаж,17 буюу 0.4 хувь нь тендер авч өгнө гэж тус тус залилсан байна.
Сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлттэй зээл авахад зуучилна, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал: Пирамид тогтолцооны аргаар мөнгө босгож залилсан гэмт хэрэгт 14,000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр өртөж хохирсон байна.
Залилах гэмт хэргийн суурь шалтгаан нь иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ шаардлагыг гэмт этгээдүүд ашиглаж байна.
Богино хугацаанд өндөр ашиг олох бизнест хамтран ажиллах санал тавьсан байгууллага, хувь хүний эрх бүхий байгууллагаас өгсөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчинтэй зөвшөөрөл, байгаа эсэхийг лавлах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авах, төрийн үйлчилгээг хууль дүрэмд заасны дагуу авах, холбогдох хууль эрх зүйн актыг судалж шийдвэр гаргаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
24news.mn