2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил "Чингисийн одон" олгох эрхмийг хэзээ зарлах талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас тодруулахад "Энэ жил "Чингисийн одон" олгохгүй, алгасахаар болсон" гэв. 

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос хойш нийт 11 хүнийг шагнасан байна. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ийн хүрэл медальт Н.Түвшинбайяр нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.