2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хандив хавтгайрвал бэлэнчлэх сэтгэлгээний бэлээхэн загвар болж хувирна

Хэдхэн хоногийн өмнө монголчууд  тусламжийн гараа сунгаж Б.Анхболд гэх залуугийн амьдралыг сэвхийтэл өргөөд өглөө. Нэг ч гэсэн хүний амьдралд ингэж гэрэл гэгээ гийж байна гэдэг сайн хэрэг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шиг,   энэ л жишгээр Б.Анхболдын гэр бүлийг хувь тавилан нь шагнав.

Мөн эхнэрээ алдаад нялх хүүхдүүдтэйгээ өнчрөн үлдээд байсан М.Батмөнх, н.Гантулга гэх хоёр хүн сайхан сэтгэл Монголчуудынхаа буянаар хоёулаа байранд ороод амжив.

Монголчуудын дийлэнх нь байгаагаа барж ядаж, халгиж цалгисан баячууд биш. Гэхдээ сэтгэлээрээ баян хүмүүс. Ядарч зүдэрч байгаа нэгэндээ илүүчлэх дуртай. Нэг л дуу дуугаа авалцсан бол цааш нь давалгаалчихна. Бусдад буян болох гэсэн хүмүүсийг хол ойр гэлгүй холбож өгдөг нь цахим орчин. Энэ орчинд “Нэг амь нэг сэтгэл”, Халуун сэтгэл”, “Сэтгэлийн бэлэг” гэхчлэн сайхан нэртэй хандивын аянууд өрнөж байсан нь санаанд  тодхон байна.

“Зэрлэг капитализм” гэж нэрлэгдээд байгаа Монголын өнөөгийн нийгмийн доторхи хамгийн эерэг хандлага, зөөлөн хөг эгшиг бол бусдад буян болох гэсэн эрмэлзэл бөгөөд энэ нь хандив тусламжийн үйл ажиллагаагаар  илэрдэг. Ер нь бусдад буян болно гэдэг хүний амьдралдаа үүрэх ачааных нэг хэсэг, зорилго хүслийнх нь салшгүй нэгэн салаа мөчир байдаг аж. Дэлхийн хэмжээний  тэрбумтнуудын жишээнээс үүнийг анзаарч болмоор.

“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн “Мелинда ба Билл Гейтсийн сан” сүүлийн 20 жилийн дотор 35 тэрбум ам.долларыг буяны үйлсэд хандивласан бол дэлхийн тэргүүлэх баяны нэг  Уоррен Баффет  бүх хөрөнгийнхөө 98 хувийг буяны үйлсэд зориулахаа мэдэгдээд бана. Энэ хоёр эрхэм хамтарч “Өглөгийн тангараг” нэртэй буяны байгууллага байгуулсан бөгөөд 70 гаруй тэрбумтнууд энд нэгдээд буй.

Ерөөс халамж, хандивын аль аль нь бие хүний бэлэнчлэх сэтгэлгээг өдөөж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгох тэр зүй ёсны тэмүүлэл шаардлагыг хүчгүйдүүлээд байна уу даа гэж бодогддог үе бий.

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг эхнэр Присила Чантайгаа хамтран буяны томоохон ажил хийдэг, 2015 онд охин Максаа төрсний дараа хожмын нэгэн өдөр Фэйсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг сайн үйлсэд хандивлахаа мэдэгдсэн.

Манай урд хөршийнхэн гэхэд өнгөрсөн жил 500 тэрбум юанийг хандив буяны үйлст зориулсан гэх мэдээлэл байна. “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жак Ма буяны үйлс эхлүүлэхээр компанийн бүх албан тушаалаа орхихоо мэдэгдээд буй.  Энэ мэт жишээ олон байна. Гэхдээ дандаа дэлхийд нэрд гарсан олны танил хүмүүсээр жишээ татлаа.

Монголынхоо  хөрөнгө чинээтэй хүмүүсээс жишээ татахсан гэж хичээсэн боловч 14 ажилчиндаа байр бэлэглэсэн “Өгөөж”-ийн  С.Түмэнгэрэлээс өөр сэтгэлд торолзож, санаанд буусан нь үгүй. Мартсан байж мэднэ. Тийм бол хүлцэл өчсү.

Харин хоёр идэж хоосон хонохгүй яваа монголын олон мянган жирийн иргэд  ядарч зүдэрсэн нэгэндээ тусламжийн  гараа сунгахаас хэзээ ч цааргалж байгаагүй.  Магадгүй, өгч чадаагүй ч өгөх хүсэлтэй яваа гэдэгт эргэлзэх зүйл алга.  Ийм хүмүүсийн эхлүүлсэн буяны давалгаа олон арван хүний  амьдралыг өөрчилж, орох орон оочих аягатай болгож өгсөн. Олныхоо тусламж дэмжлэгээр өвчин зовлонгоосоо салж, эрүүл саруул болсон өдий төдий хүн бас бий. Олны дэм оломгүй далай гэгч энэ ажгуу.

Хандив тусламж бол өргөн утгаараа нийгмийн маш чухал салбар. Сайн дурын хандивлагчдын буянаар Монголын төр цөөнгүй иргэнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадсан гэдэг нь маргаангүй үнэн. Энэ өнцгөөсөө хандив, тусламж нийгмийн халамжинд том дэм дэмжлэг үзүүлдэг болох нь харагдаж байна. Хандивлагчид нийгэмд хүчтэй нөлөөлж чадах нэг шалтгаан нь энэ болой.  Монголчууд “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусла” хэмээн ярилцдаг. Хандив тусламжийн мөн чанар, логикийг тун оновчтой илэрхийлсэн үг шиг санагддаг.

Дээр өгүүлсэн бүхэн асуудлын нэг тал.  Харин нөгөө талаасаа хандив хавтгайрвал бас бэлэнчлэх сэтгэлгээний бэлээхэн загвар болж хувирах магадлалтай. Аар саархан шалтгаанаар олон нийтээс хандив хүссэн хандлага гуйлт цахим орчинд хаа саагүй тааралдах болсон нь алгаа тосч байгаад л асуудлаа шийдүүлчих амар хялбар арга нь хандив болсон гэж харсаных биш биз.

Ерөөс халамж, хандивын аль аль нь бие хүний бэлэнчлэх сэтгэлгээг өдөөж, өөрийн  хүч хөдөлмөрөөр амьдралаа босгох тэр зүй ёсны тэмүүлэл шаардлагыг хүчгүйдүүлээд байна уу даа гэж бодогддог үе бий.  Хувь хүн хэн ч бай амьдралын өмнө өөр өөрийн орон зай, хамааралдаа хариуцлага хүлээж ачаа үүрч явах ёстой. Хүн болж төрснийх нь том шалгуур, амьдралын амт энэ мөн. Аливаа юм хоёр талтай. Хандив үнэхээр сайхан харагддаг. Гэхдээ энэ сайхан өнгөний цаана бас хүсээгүй үр дагавар дагалдаж байгаа нь энэ бэлэнчлэх сэтгэлгээ билээ.

Дэлхийн тэр том хандивлагчид хөрөнгө мөнгөө үр хүүхэддээ үлдээж болох ч яагаад тэгж буяны үйлсэд зориулаад байгааг анзаарч үзэх хэрэгтэй.  Тэдний хувьд үр хүүхдээ  эрүүл саруул өсгөж, сайн боловсрол, мэргэжил эзэмшүүлсэн. Энэ л хангалттай. Одоо харин тэд өөрийнхөө хүч хөдөлмөр оюун ухаан, хичээл зүтгэлээрээ хоолоо олж идэж, хожмын амьдралаа бүтээх учиртай. Ингэж олсон амьдрал илүү үнэ цэнэтэй.  Философи нь ийм. Биднийхээр бол бэлэнчлэх сэтгэлгээнээс тойруулж байгаа нь энэ.

Хувь хүн хэн ч бай амьдралын өмнө өөр өөрийн орон зай, хамааралдаа хариуцлага хүлээж ачаа үүрч явах ёстой. Хүн болж төрснийх нь том шалгуур, амьдралын амт энэ мөн.

Хандив ихэвлэн хувь хүнд хандаж байна. Харин үүнтэй зэрэгцэн нийгмйн сайн сайхны төлөөх хандив хамт явж баймаар. Тухайлбал, эрүүл мэнд боловсролын  салбарт зориулсан хандив хожим хойно массыг хамарсан эерэг өөрчлөлт авчрах сайн талтай.  Жишээ нь, Билл Гейтс  хэдэн жилийн өмнө нано бэлгэвч бүтээх судалгааг санхүүжүүлж байсан. Одоо тэр нь хэдийнэ хэрэглээнд гарсан гэх мэдээлэл байна. Байгаа мөртлөө байхгүй мэт мэдрэмж төрүүлдэг энэ бэлгэвч гарснаар хэрэглээ өсч үүнийг дагаад бэлгийн замын халдварт өвчин багасч,  ХХ зууны тахал гэгддэг ДОХ-ын халдварын тархалтыг бууруулна гэж байна.

Марк Цукерберг Цахиурын хөндийд 400 сая ам долларын хандив оруулж, шинжлэх ухааны томоохон төслийг санхүүжүүлж байгаа бөгөөд үүний үр шим нийт хүн төрөлхтөнд хамааралтай.

Энэ мэт хөгжлийн зорилтот хандивыг  Монголд илүү нутагшуулах хэрэгтэй байна.

 

М.Нэргүй


URL: http://www.fact.mn/365220.html 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.