Автотээврийн үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Техникийн хяналтын үзлэгийн 3 төвийг Стандарт, хэмжил зүйн газраас автотээврийн болон авто үйлчилгээний байгууллагуудыг баталгаажуулах чиглэлээр итгэмжилсэн билээ. Автотээврийн салбарт анх удаа итгэмжлэгдсэн тус мэргэжлийн байгууллага нь Монгол Улсын хууль дүрэм, журам, стандартад нийцүүлж, автотээврийн салбарын хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах хууль эрх зүйн орчноо ийнхүү бүрдүүлээд байна. Энэхүү ажлыг мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл гарган гүйцэтгэсэн дээрх төвүүдийн ажилтан, албан хаагчдад тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран болон удиридлагууд “Итгэмжлэлийн гэрчилгээ”-г хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ. Тэрээр “Ийнхүү автотээврийн салбарт итгэмжлэгдэж байгаа анхны мэргэжлийн байгууллага болж, мэргэжлийн түвшинд стандартын дагуу, иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үндэс суурь тавигдлаа. Ингэснээр байнгын хяналтан дор салбарын үйл ажиллагаанд баталгаажилт, тохирлын үнэлгээг хийж хэрэгжүүлэх хууль зүйн орчин албан ёсоор бүрдэж байгаа бөгөөд бидний цаашид хэрэгжүүлэх уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл болж байна” хэмээн онцлон хэллээ.
Итгэмжлэлээ гардаж авах үеэр Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн менежер А.Батчулуун “Автотээврийн салбарт судалгаа, эрдэм шинжилгээ, тохирлын үнэлгээ хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий манай төв дэд бүтцийн бусад салбарууд дундаас автотээврийн салбарт тохирлын үнэлгээний бүх чиг үүргийг хэрэгжүүлсэн анхны мэргэжлийн байгууллага болоход зөв удирдан зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн удирдлагууд болон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье” хэмээн хамт олноо төлөөлөн үг хэллээ.
24news.mn