Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Өнөөдөр таны ойр дотны хэн нэгэн хохирогч болсон уу. Та түүнд хэрхэн туслахаа мэдэхгүй байвал дараах зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай.
Юуны өмнө та хохирогчийг ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, шийдвэрийг хүндэтгэн үзэж, зоригжуулж, аюулгүй байдалд нь анхаарал тавьж байвал энэ чинь л таны зүгээс хохирогчид үзүүлэх үнэт “тусламж дэмжлэг” юм. Иймд та:
- Эмэгтэй юу хэлэх гээд байгааг сонс. Түүнд “сал” гэж тулгаж өмнөөс нь шийдвэр битгий гаргаарай. Та санал нийлэхгүй байсан ч түүний шийдвэрийг хүндэтгэ.
- Тэр таны найз, дүү, эгч, дотны хүн бөгөөд таныг өөрт нь тусална гэж нууцаа дэлгэж байгаа. Тэрээр таньд ярихдаа маш их хүч зарцуулж байгааг ойлго.
- Хэн ч ялангуяа хамгийн дотны хүн болох нөхөр/хамтран амьдрагч, найз чинь дарамтлах ёсгүй гэдгийг ойлгуулаарай.
- Өөрийгөө хамгаалахад нь тусалж түүнд болон хүүхдэд аюултай байж болзошгүй болохыг сануулж, эс тэгвэл байдал улам дордоно гэдгийг хэлж итгүүлээрэй.
- Гэмтэж, бэртсэн зургаа авахуулах боломжтой эсэхийг тодруулж магадгүй хэзээ нэгэн цагт баримт хэрэгтэй болж болохыг сануулаарай.
- Та түүнээс асуулт асуухдаа шүүмжлэн буруутгах, тулган шаардахаас болгоомжилж зөв үг, асуулт тавих нь чухал шүү.
- Эмэгтэйг хуулийн, сэтгэлзүйн зөвлөгөө авахаар цагдаагийн байгууллага, хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахад нь байнга хань болж хамт яваарай.
- Хэрэв та өөрөө дагуулж явж чадахгүй бол цагдаагийн шуурхай дуудлага 102, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 107, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх 96490505 утсанд хандаарай.
24news.mn