2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад ажлын байран дахь эрсдэлт болон сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эрүүл мэндэд нь өвчин эмгэг үүсэхийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ. 

Тиймээс хүнд үйлдвэр уурхайн салбарынхан мэргэжлийнхээ онцлогоос хамаарч өвчин эмгэг үүсгэх өндөр эрсдэлтэй ажлын нөхцөлд ажилладаг юм. Тухайлбал их дуу чимээтэй орчинд ажилладаг ажилтан сонсгол хамгаалах хэрэгсэл бүрэн, тогтмол хэрэглээгүй, ажил олгогчоос бүрэн хангагдаагүй,  чанар шаардлага хангахгүй, ажилтан суурь сонсголын эмгэгтэй ажилд орсон зэргээс шалтгаалан харилцан адилгүй мэргэжлийн шалтгаант эмгэг үүсдэг байна.

Манай улсад 2018 оны эхний 11 сарын байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад нийт 3236 өвчтөн бүртгэлтэй хянагдаж  байна. Энэ онд 47 хүн шинээр мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгосон байна. Тус эмнэлгийн хийсэн судалгаагаар Мэргэжлээс шалтгаалсан өвчин нь салбарын онцлогтой уялдаад эрэгтэйчүүдийн өвчлөл эмэгтэйчүүдээс 90 хувиар илүү, харин насны хувьд ажил хөдөлмөрлөх ид насны буюу 40-49 насныхан эзэлж байна.

Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн та ажлын байран дээрээ ямар химийн бодис, ямар эрсдэлт хүчин зүйлтэй харьцаж ажиллаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Мөн ажлын байран дээр хэрэглэгдэж буй багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавих, өөрийгөө учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх мэдлэг боловсрол, мэдээлэлээр хангагдаж,  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудад суралцаж байх нь зүйтэй.  

Эдгээрээс үндэслээд ажилтан хүн зөвхөн өөрийн эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал хангахад шаардагдах хууль эрх зүй, дүрэм журам зааврын хүрээнд ажилтаны эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөл, ажлын байраар хангаж, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.