2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хүүхэд хулгайлсан этгээд: “Миний асрамжинд байдаг охинтой адилхан тул хань татаад авч явсан”

Дархан-Уул  аймгаас таван настай гэрийнхээ гадаа тоглож байан хүүхэд алга болсон талаар бид сэрэмжлүүлэг болгон мэдээлж байсан билээ. Дархан хотоос алга болсон охин Улаанбаатар хотоос олдсон бөгөөд охиныг хугайлсан П.Батсуурь гэгч нь “Миний асрамжинд байдаг охинтой адилхан байсан тул хань датаад 2 хоног авч явсан нь үнэн” хэмээн хэргээ тайлбарласан байна. Бид эцэг эх, асран халамжлагч нарт сэрэмжүүлэг болгох зорилгоор энэхүү хэргийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.

П.Батсуурь нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоот хашааны гадна тоглож байсан 5 настай Б.Энхжинг хүүхэд гэдгийг мэдсээр байж хуурч мэхлэн авч явж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Хүн хулгайлах гэдэг нь хэн нэг хүнийг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, бусдад мэдэгдэхгүйгээр авч явж өөрийн захиргаанд оруулж, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлаж байгаа үйлдэл юм. Сэдэлт нь янз бүрийн байж болно. Хууль зүйн ойлголтоор 14 хүртэлхи насны хүнийг бага насны хүүхэд гэх бөгөөд эмнэлэг зүйн хувьд бүрэн хөгжөөгүй хүнийг хэлнэ.

П.Батсуурь нь Монгол Улсын иргэн, 1981 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Төмөр замын өртөөнд ном сэтгүүл зарж орлого олдог гэх, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. Хэрэг  хариуцах чадвартай нэгэн аж.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Батсуурь мэдүүлэхдээ: “...Би Дархан руу 8 сарын 19-ний өглөө явсан. Тэнд миний дүү П.Батцэцэг өөд болоод ажил явдалд нь оролцох гэж очсон. Эгчийндээ орох гээд явж байхад Б.Энхжин охин машин зам дээр доошоо хараад тоглож байсан. Хажуугаар нь том тэрэг их явж байсан. Би очоод “наанаа тоглож болохгүй” гэхэд над руу хараад зайрмаг нэхсэн. Ойрхон дэлгүүр байсан учир зайрмаг авч өгсөн. Миний асрамжинд байдаг охинтой адилхан байсан тул хань датаад 2 хоног авч явсан нь үнэн. Хотод ирсэн амралтын өдрүүд таараад цагдаагийн газраар орж чадаагүй. Хагас сайн өдөр орой 6 цагийн үед Офицеруудын ордны хавьд явж байгаад цагдаад баригдсан. Б.Энхжин бид 2 хотын төвөөр зугаалах маягаар явсан. Нэг дэх өдөр болохыг хүлээсэн.” Гэж мэдүүлжээ.

Харин түүнд хулгайлагдсан охин буюу Б.Энхжин мөрдөн байцаалтад: “...Би гэрийн гадаа тоглож байхад танихгүй эгч ирээд надад “зайрмаг авч өгье” гэж хэлээд намайг голын тийшээ дагуулж яваад дэлгүүрээс зайрмаг авч өгсөн. Надад шокладтай зайрмаг авч өгсөн. Тэгээд том автобусаар тэр эгчийн гэр рүү явсан. Гэр нь хол байсан. Тэр эгчийн гэр нь муухай байсан. Тэр эгчийн гэрт нь хоол хийж идсэн. Өөр хүн хоноогүй. Тэр эгчтэй хамт автобусаар яваад буудалд хоносон. Би тэр эгчийг танихгүй”

Тэгвэл хүүхэд хулгайлсан П.Батсуурь нь архи хэрэглэдэг, өмнө нь төрж байсан. Хүүхэд нь аль нэг асрамжийн газарт байдаг аж. Түүний тухай ойрын эх сурвалж нь “...Түүнээс хойш П.Батсуурь өөрөө хүүхэд гаргахгүй гэдгээ мэддэг учраас өвчин зовлонтой ч бай хамаагүй үрчлэх хүүхэд олдвол хэдийг ч хамаагүй үрчилж авна гэж ярьдаг байсан. П.Батсуурьтай хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын эхээр уулзахад өвчтэй дүүгээ гэрт харж асраад байж байсан. Дараахан нь өвчтэй дүү нь нас барсан Дархан-Уул аймаг руу ажил явдлаар явах гэж байна. П.Батсуурьтай танилцаад нэг гэрт амьдарч байхад зан төлөвийн хувьд зүгээр их даруухан байснаа сүүлийн 2-3 жилийн өмнөөс сэтгэцийн хувьд яг эрүүл биш юм шиг санагддаг болсон. Зарим үед стрессдэх болгондоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон.” Гэдгийг хэлж байна.

Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүн айлын хүүхэд өөрийнх нь хүүхэдтэй ижил санагдсан болохоор хулгайлсан байгаа юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ танихгүй хүнийг дагаж явахгүй байх, зугтах тухай зааж өгөх хэрэгтэй байна. Эс бөгөөс хүүхдийг чихэр зайрмаг зэргээр хуурч хулгайлах энэ мэт тохиолдол дахин гарч болзошгүйг сэрэмжлүүлж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.