Ирэх гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлнэ.
Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, нарийвчилбал үүнийх нь 500 тонн нь гялгар уут байдаг аж. Тиймээс байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг гэх гялгар уутны хэрэглээг ирэх гуравдугаар сарын 1-нээс хориглох тогтоол гарсан юм.
Үүнтэй холбогдуулан, бид Бөмбөгөр худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзаж, гялгар уутны хэрэглээнээс татгалзахад бэлэн эсэхийг нь тодрууллаа.
Хамгийн эхлээд бид тус худалдааны төвд олон жил гялгар уут зарж байгаа залуутай уулзсан юм. Тэрээр, "Засгийн газрын уг тогтоолд зааснаар 0,035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэдэг гялгар уутыг хориглосон. Гэтэл одоо худалдаалагдаж байгаа зузаан, нимгэн бүх уутнууд 0,035 миллиметрээс зузаан байж чадахгүй. Тэгэхээр бараг бүх гялгар уутыг хэрэглэж болохгүй гэсэн үг. Тэгсэн хэрнээ оронд нь юугаар хэрхэн орлуулах уу гэдгийг холбогдох газрууд сайтар тооцоолоогүй. Яг энэ хуулийг санаачилсан хүн нь ТВ8 телевизэд яриа өгсөн байна лээ. Яг ямар уутыг хэрэглэх вэ гэсэн асуултад, "хүнсний зориулалтын тасалдаг уутанд хийнэ ээ" гэж байна лээ. Гэтэл одоо хууль хэрэгжихэд ганцхан хоног үлдсэн байхад бидний гар дээр 0,035 миллиметрээс зузаан тасалдаг уут ирээгүй байна. Ер нь ирэх ч үгүй байх. Хамгийн гайгүй зузаан тасалдаг уут нь монголд үйлдвэрлэсэн ОБ пластикийн тасалдаг уут байгаа. Тэр нь 0.025 миллиметрийн зузаантай. Тэгсэн хэрнээ өндөр үнэтэй. Тэгэхээр тэрнээс илүү зузаантай уут үйлдвэрлэнэ гэвэл бүр л үнэтэй тусна. Тэрийг хэн авах гэдэг нь бас л асуудал. Ер нь ямар тооцоо судалгаагүй, "түүхий" хууль" гэсэн юм.
Харин дараа нь бид тус худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзаж, гялгар уутны хэрэглээнээс ямар байдлаар татгалзаж байгааг нь тодруулахад, "Өнөөдөр өглөө Бөмбөгөр худалдааны төвийн захиргаанаас хүмүүс ирээд "бариултай нимгэн хальсан уут буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын цагаан уут болон цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглэж болохгүй. Бусад уутнуудыг зүгээр хэрэглэж болно" гэсэн чиглэл өгсөн гэлээ.
Өөрөөр хэлбэл, байгальд хортой хог хаягдлын нэг болох гялгар уутыг хэрэглээнээс бүр мөсөн хасах бус хоёрхон төрлийн гялгар уутыг хэрэглээнээс гаргахаар болжээ. Уг нь 0,035 миллиметрээс нимгэн гялгар уутыг хэрэглэх, худалдаадах, импортлохыг хориглосон шийдвэр гаргасан ч орлуулах бүтээгдэхүүн байхгүй гэх шалтгаанаар худалдаа эрхлэгчид эсэргүүцсэн тул эхний ээлжид 10-ын бариултай цагаан уут болон цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглэж болохгүй гэсэн аргачлалыг БОАЖЯ-наас гаргасан байна.
Энэ талаар бид БОАЖ-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч Р.Сарангоогоос тодрууллаа.
Т.Гэрэл
24news.mn