Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Вьетнамын Ханой хотод болсон хоёр дахь уулзалтын үеэр тохиролцоонд хүрч гэрээ байгуулж чадсангүй гэж мэдээлэв. Тэрээр гаргасан мэдэгдэлдээ “Талууд гэрээ байгуулж чадаагүй ч уулзалтад оролцсон багийнхан ирээдүйд тэднийг дахин уулзана гэж найдаж байна” гэж дурджээ. Түүнээс гадна хоёр орны тэргүүнүүд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах олон хувилбарыг хэлэлцсэн гэв. Харин үүнээс минутын өмнө Сара Сандерс тэдний барихаар тохиролцсон өдрийн зоог цуцлагдсан гэж мэдээлсэн байна. Цуцлах болсон шалтгааныг ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар 16:00 цагт хийхээр төлөвлөсөн хэвлэлийн хурлаа хоёр цагаар урагшлуулсантай холбоотой гэжээ.
Түүний дараа тэд уулзалт болсон “Метрополь” зочид буудлаас буусан зочид буудал руугаа буцсан. Ингэснээр хамтын тунхаглалд гарын үсэг зурах ажиллагаа болохгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Харин удирдагч Ким Жон Ун өчигдөр болсон уулзалтын үеэр “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагүй бол би Вьетнамд ирэхгүй байсан” гэжээ. Түүний энэ хариултыг сонссон Дональд Трамп магадгүй түүний сонсч байсан хамгийн сайн хариулт гэж ярьсан байна. Түүнчлэн Пхеньянд оффис нээх бол сайхан санаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ким Жон Ун үүнийг их сайшаамаар зүйл. Гэхдээ Дональд Трамптай энэ асуудлыг ганцаарчлан хэлэлцэхийг хүсч байна гэсэн юм.
Ким Жон Уны шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн уулзалтаа хурдан өндөрлөх болсон шалтгаанаа “Гэрээнд гарын үсэг зурах нэг ч сайн зүйл байгаагүй” гэсэн дүгнэлт хийсэн гэж тайлбарлажээ. Учир нь Ким Жон Ун АНУ зөвшөөрч чадахгүй зүйл, Вашингтоныг Пхеньянд тавьсан бүх хоригийг бүрмөсөн цуцлахыг шаардсан гэв. Мөн хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагчтай нааштай сайн харилцахыг эрмэлзсэн. Гэвч зарим тохиолдолд уулзалтыг хойшлуулахаас өөр аргагүй байдал бий болдог. Энэ уулзалт нь тийм уулзалтын нэг байлаа гэж Дональд Трамп мэдэгджээ. Хэдийгээр Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулахаар амласан ч АНУ-ын зүгээс хоригийг цуцлахыг хүссэн.Гэхдээ бид үргэлжлүүлэн ажиллахаас гадна юу болохыг нь харна гэж ярьсан байна.
Түүнчлэн Ким Жон Ун уулзалтын эхний өдөр цөмийн болон пуужингийн туршилтыг дахин хийхгүй гэж амласан. Би түүний хэлсэнд итгэж байна. Тиймээс бид сайн найзууд болсон гэдэгт итгэж байна. Түүнчлэн Хойд Солонгосыг их хүчтэй орон гэж үзэж байгаагаа дахин мэдэгдсэн байна. Бид энэ орныг хөгжиж сайжраасай гэж хүсч байна. Гэхдээ одоогоор бидэнд тавьж байгаа шаардлагыг зөвшөөрч чадахгүй гэв. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлэхдээ “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цаашид өөр алхам хийхээс татгалзсан. Тэрээр “Бид АНУ-ын хувьд их чухал асуудалд амжилтад хүрч чадсангүй. Ким Жон Унаас илүү зүйл хийхийг хүссэн ч тэр үүнд бэлэн байгаагүй” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийн талаар өөдрөг бодолтой хэвээр байгаагаа илэрхийлжээ.
Берлин хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг шаарджээ
Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас Ханойд болсон АНУ, Хойд Солонгосын хооронд цөмийн зэвсэг хураахтай холбоотой гэрээний үр дүнгээс үл хамааран үргэлжлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Өнөөдөр энэ гэрээ үр дүнд хүрсэн ч бай, үгүй ч бай цаашид үргэлжлүүлэх ёстой. Учир нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийг царцаах талаар яригдаж байна. Тиймээс гэрээг үргэлжлүүлэхийг шаардаж байна гэж “ARD” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
Бээжин АНУ, Хойд Солонгосыг зөвлөгөөнөө үргэлжлүүлнэ гэж найдаж байна
Бээжингийн зүгээс Вашингтон, Пхеньян Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд харилцан яриагаа үргэлжлүүлж болно гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгджээ. Тэрээр “Бид талууд шулуун шударга зангаа харуулах, тэдний санааг зовоож байгаа асуудлыг анхаарч харилцан яриаг үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Тухайлбал, цөмийн зэвсгээс ангижрахын тулд хамтран ажиллах, Солонгосын хойгт найрамдал тогтоох тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй” гэж хоёр орны уулзалтын үр дүнг тайлбарлахдаа ярьсан байна. Түүнээс гадна сүүлийн нэг жилийн турш Солонгосын хойгийн байдал улс төрийн зөв замд орох шийдвэрийг гаргаснаар мэдэгдэхүйц өөрчлөгдөж амжилтад хүрсэн гэж нэмж хэллээ. Мөн Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг харилцан яриа, зөвшилцөл хийх замаар шийдвэрлэж болохыг онцолсон байна.
Сөүл харамсч байгаагаа илэрхийлэв
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос Дональд Трамп, Ким Жон Уны хооронд болсон уулзалт амжилтгүй өндөрлөсөнд харамсч байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ уулзалтын үеэр ахиц гарсныг онцолжээ. Өмнө нь хийж байсан уулзалтад гарч байгаагүй мэдэгдэхүйц амжилтад хүрсэн мэт харагдаж байна гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Юу Кёом онцолсныг “Ёнхап” агентлаг гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.
Сэтгүүлчид эсэргүүцжээ
Барууны орны олон сэтгүүлч ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын дараа сэтгүүлчидтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Спутник” агентлагийн сэтгүүлчийн асуусан асуултын хариуд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ үеэр сурснаараа хуруугаараа түүнээс асуулт асуухыг хүссэн сэтгүүлчдийг онцлон заажээ. Ингэснээр “Спутник” агентлагийн сэтгүүлч түүнээс АНУ Хойд Солонгост дахин цөмийн зэвсгийн байгууламж байгаа эсэхийг шалгах талаар асуусан байна. Дональд Трамп сэтгүүлчээс их аяархан асуусан учраас хэлснийг нь сонссонгүй. Тиймээс асуултаа давтахыг хүссэний дараа АНУ-ын шинжээчид Хойд Солонгосын цөмийн зэвсгийн байгууламжтай бүс нутгийг шалгаж болно гэж хариулсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
24news.mn