Монгол Улсын экспортын эрдэс бүтээгдэхүүний 40 хувийг эзэлдэг нүүрсээ бид зөвхөн урд хөрш рүү л гаргадаг.
Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон бол 2019 онд экспортын төлөвлөгөөгөө 42 сая тонн нүүрсээр төлөвлөж багагүй шүүмжлэл хүртээд байна. Түүхэнд байгаагүй өндөр хэмжээний нүүрс экспортлохоор ам авсан Засгийн газарт энэ удаа Австралид болсон үер болон урд хөршийн зарим хориг тус хүргэхээр байгааг шинжээчид, эдийн засагчид хэлж байна. БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг нийлүүлдэг хамгийн том тоглогч нь Австрали бол Монгол Улс нүүрс импортлогч хэмжээгээрээ хоёр дахь улс. Урд хөршийн нүүрсний зах зээлд нийлүүлэгчийн хувьд манай улстай ана мана өрсөлддөг Австралид ийнхүү байгалийн гамшиг нүүрлэж, олон хүн орон гэргүй болж, сая сая долларын хохирол учраад байгаа нь таагүй мэдээ хэдий ч энэ гамшиг Монголын нүүрсний зах зээлд богино хугацааны алтан боломж дагуулж байгааг мэргэжилтнүүд өлгөж авч байна.
БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр Монгол Улс энэ онд Австралийг давах магадлалтай талаар proactiveinvestors.com.au гэх Авсралийн сайтад мэдээлжээ. Урд хөрш далайгаар тээвэрлэн хүргэх нүүрсний нийлүүлэлтэд тавих хяналтаа нэмэгдүүлж буйг судалгааны “IHS Markit” фирм тэмдэглэснийг дээрх цахим хуудас эш татсан байв. Оны өмнө Австрали улс Хятадын Huawei гар утсыг 5G сүлжээндээ ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүнийгээ австраличууд “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс” хэмээн дипломат байдлаар тайлбарласан ч цаанаа АНУ-ын шахалт гэж харж байгаа. Хариуд нь Хятад мөн коксжих нүүрсэнд нь “дипломат хориг тавьсан”. Он гарахаас 40-өөд хоногийн өмнө “Манай улсын импортоор авах коксжих нүүрсний хэмжээ болсон. Хил гаалийн шинэчлэл хийж байна” гэсэн боловсон шалтаг хэлээд импортоо царцаасан. Ингээд хэсэг хугацааны дараа нүүрс импортолж эхэлсэн ч хэд хэдэн боомтоороо Австралийн нүүрсийг одоо ч оруулахгүй байгаа.
Дээрх нөлөөллүүд манай нүүрсэнд аль хэдийнэ алтан боломжийг олгоод эхэлжээ. Оны эхнээс биеллээ олсныг 2018 оны 1-р сард Гашуунсухайт боомтоор 500688 тонн нүүрс гарч байсан бол 2019 оны 1-р сард 930811 тонн гарснаас харж болно. Энэ тухай “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр өгүүлжээ.
Хятадын SXcoal.com-ийн мэдээллээр БНХАУ-ын хэрэглэгчид Цагаан сарын өмнө нүүрснийхээ нөөцийг хангалттай бүрдүүлж чадаагүй. Тиймээс Цагаан сарын дараанаас татан авалтаа огцом нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг хэлж буй.
БНХАУ 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жилүүдийг харвал ерөнхийдөө жилд 75-80 сая тонн нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч буй.
Энэ жилийн хувьд ОХУ-аас авдаг нүүрсний хэмжээ нь өмнөх жилээс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаглалыг “Фэнвэй Энержи” компани гаргаад байна.
Өөрөөр хэлбэл, бид Австрали улсыг өрсөлдөгч гэж хардаг байсан бол одоо ОХУ Монголын хувьд Австралитай эн зэрэгцэхүйц хэмжээнд зах зээл хуваах өрсөлдөгч болж мэдэхээр байгааг соргог ажиглаж, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй болсон гэж эрдэс баялгийн шинжээч Л.Наранбаатар ярьжээ.
Холын Австрали холдсон ч хойд хөрш хар алтан дээр чангарч буй энэ үед дээрх үер, нөөцийн татан авалтын бууралт, Австралийн нүүрсийг Хятад хэд хэдэн боомтоор оруулахгүй байгаа зэргээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний үнэ 70$-оос 90$ болж өсөх боломжийг алдахгүй ашиглах нь мөн л биднээс хамаарах болоод байна.
Төмөр зам юу болов...
Австралид үер болж төмөр зам нь урсаад ч бид төмөр замгүй цагт “хэрэг алга”. 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” 720 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Нүүрсээ ямар ч боловсруулалт, нэмэлт өртөггүйгээр 70 орчим долларын ханшаар зарсан дүн бол энэ. Хэрэв төмөр замтай байсан бол уурхайн амнаас нэг тонн нүүрс худалдах үнэ 100 ам.доллартай дүйх байсан хэмээн эдийн засагч хэлж байна. Өөрөөр хэлбэл бид төмөр замгүйгээс наад зах нь нэг тонн нүүрс тутамд 30 ам.долларын ашгийг алдаж байна. Ингэхэд, төмөр зам юу болов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид Тавантолгой болон бусад төслийг дагасан төмөр замуудын 51- ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компани эзэмших ёстой гэсэн заалт бий. Тиймээс л төмөр замын төслүүдийг “Монголын төмөр зам” компани хариуцаж байгаа юм. Энэ бодлогын дагуу “Тавантолгой төмөр зам” компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтарч байгуулжээ.
Гэтэл уг нүүрсээ борлуулах үүрэг хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой”-нхон уг төмөр замдаа хувьцааг эзэмшээгүй. Харин төслийн санхүүжилтийг хариуц хэмээн Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь долоон гишүүний дөрвийг нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос сонгосон байдаг. “Монголын төмөр зам” компанид энэ төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр хомс байгаатай холбогдуулан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалт, ажилчид, бусад дагалдах зүйлсээ бүгдийг нь “Тавантолгой төмөр зам”-д шилжүүлсэн байна. “Монголын төмөр зам” компани санхүүжилт босгохоор гадаадынхантай уулзахаар хөрөнгийн боломжийг нь харгалзаад тэдний саналыг хүлээж авдаггүй байна.
Харин “Эрдэнэс Тавантолгой”-н саналыг авах боломжтой ч “Тавантолгой төмөр зам” компанийн 51 хувь нь “Монголын төмөр зам”-д байгаа учраас тэднээс эргэн төлөлт, гүйцэтгэл, хариуцлагын баталгаа шаарддаг гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан байв.
Ийнхүү төмөр замаа тавьж орлого олох байтал хоорондоо зөрчилдсөн олон заалт, хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээ дагуулж бидний нүүрс дагасан эдийн засаг урт хугацаандаа айдас хүйдэстэй хэвээр байх нь ээ.
С.Сувд
24news.mn