2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Бөөр хамгаалах дэлхийн өдөрт: Өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна

Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
 Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. 

Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байна.
Өнөөдөр дэлхий дээр 700 орчим сая хүн бөөрний архаг өвчтэй, эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг.
Монгол Улсын хувьд хүн амын өвчлөлийн жагсаалтаар бөөрний архаг өвчин нь сүүлийн таван жилийн дүнгээр гуравдугаар байранд, хэвтэн эмчлүүлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна. Тиймээс дэлхий нийтээр бөөр хамгаалах өдрийг зарлаж, энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг хандуулдаг байна.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Япон Монголын хамтарсан “Улаанбаатар-Мед” Нэгдсэн эмнэлэг нээлттэй өдөрлөг зохион байгуулж, нээлтэнд Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Бөөр хамгаалах дэлхийн өдөрт: Өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна

Бөөр хамгаалах дэлхийн өдөрт: Өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна

Бөөр хамгаалах дэлхийн өдөрт: Өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна
Тус арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эмнэлгийн дотрын тасгийн эмч сувилагч нар иргэдэд бөөрний үзлэг, өвчлөл эм бэлдмэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. 
Энэ өвчин улс орон, хувь хүний эдийн засагт хор хөнөөлтэй өвчин юм. Бөөр биед гүйцэтгэдэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төлжихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог аж.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Оюунчимэг:

Бөөр хамгаалах дэлхийн өдөрт: Өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна
Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Анагаах ухаанд аливаа өвчнийг эрт илрүүлэх боломжтой болсон энэ үед и ргэд тогтмол шинжилгээнд хамрагдах нь чухал. Энэ нь эмчилгээний чанар үр дүнд ихээхэн нөлөөтэй. 
Манай улс эрүүл мэндийн салбартаа бөөр эмчлэх шинэ технологиудыг нэвтэрүүлснээр бөөрний дутагдалд орсон хүмүүсийг эмчилж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг  амжилттай хийж байна. Өнөөдрийн байдлаар 20 аймагт бөөр орлуулах эмчилгээг хийж байна.
Мөн бөөрний донорын асуудлыг сайжруулах зорилготой Эрхзүйн баримт бичгүүдийг боловруулж гаргалаа. Өдгөө манай улсад бөөрний дутагдалд орсон 700 гаруй хүн бий. 

1975 онд Улсын төв 1 дүгээр эмнэлэгт хоёр диализийн аппараттайгаар эмчилгээ хийж байсан өдгөө 170 гаруй аппаратаар дээрх хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

Өмнө нь бид эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудалд илүү анхаарал хандуулдаг байсан бол өнөөдөр чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үзүүлдэг зарим эрүүл мэндийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж эхэлсэн. 

Ийм шинэ тогтолцоонд орсоноор хувийн долоон эрүүл мэндийн байгууллагаар 200 гаруй хүнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн Энэ маань маш том  дэвшил буюу хөрөнгө оруулалт юм. 

Бид цаашдаа эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох, эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургалтанд хамруулах, мэдлэг чадвараа хоорондоо туршлага солилцохоос гадна үйлчилгээгээ иргэд рүү илүү чиглүүлэх шаардлагатай байгаа. 

“Улаанбаатар-Мед” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, гемодиализийн эмч Б.Уламбаяр:

Бөөр хамгаалах дэлхийн өдөрт: Өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна

Манай эмнэлгээс зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа иргэдэд бөөрний өвчлөл, дутагдлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх, анхан шатны оншилгоо хийх зорилготой. 

Иргэдийн маань ихэнх нь  урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй, өвдөөд аргагүй байдалд орохоороо л шинжилгээ өгдөг.Тэр үед аль хэдийн  бөөрний дутагдалд орчихсон байх зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байна.

Манайд ирж буй эмэгтэйдийн ихэнх нь бөөр шээсний үрэвсэл давамгай, мөн даралт ихсэх юмуу сахарын эмгэгтэй байдаг. Шинж тэмдэг илрэх үедээ сайн гэсэн газруудаар явж янз бүрийн эм уугаад өвчин нь хүндрээд бөөрний дутагдалд орсон хойно нь хүрээд ирдэг. 

Тэгэхээр даралт ихэссэн үед яах ёстой, чихрийн шижин илэрсэн үед яах ёстой юм тэр тал дээр заавал эмчид үзүүлж, эмээ тогтмол уух хэрэгтэй. Даралт ихсэх, чихрийн шижин нь бөөр өвчилөхөд хамгийн их нөлөөлдөг. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг хүүхэд байхаас нь өгч эхлэх нь чухал байна л даа.

Бөөрний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх тухай өгсөн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

Бөөр бол хүний биед ялгаруулах болон дотоод шүүрлийн гэсэн 2 чухал үүрэг гүйцэтгэдэг. Бөөрөөр нэг минутанд 1,2л цус эргэлдэж байдаг.

Бөөр нь хүний биеийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүд, илүүдэл хорт бодисуудыг шүүн гадагшлуулж, бусад эрхтэн системийг хордохоос сэргийлдэг гол эрхтэн юм. Мөн хүний бие дэх ус, сахар, амин хүчил, эрдэс давсын хэмжээг тэнцвэржүүлэхээс гадна цус төлжилтөнд оролцдог.

Бөөрний өвчлөл

Бөөр нь хүний биеэр эргэлдэх янз бүрийн хортой бүтээгдэхүүнийг шүүж цэвэрлэдэг тул бөөрний үйл ажиллагаа муудахад бусад эрхтэнд үзүүлэх хор нөлөө хамгийн их байдаг.
Бөөр өвчлөх шалтгаан

• Шээсний замын халдвар

• Нянгаар үүсгэгдсэн шүд, гүйлсэн булчирхай, хамрын хөндийн идээт үрэвсэл

• Цаг агаарын эрс тэс байдал

• Эрүүл ахуйн болон амьдралын буруу дадал зуршил

• Зөв зохисгүй хооллолт

Бөөрний эмгэгийн үед илрэх гол шинж тэмдэг

• Толгой эргэх

• Ууц нуруу орчмоор чилж, хөшиж өвдөх

• Чих шуугих

• Хавагнах

• Шээсний өнгө, гарц, үнэр өөрчлөгдөх

• Тамирдах

• Бүсэлхий ууцаар хүйт оргих

• Даралт ихсэх
Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх

• Амны хөндий, шүд, гүйлсэн булчирхай үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, эмчлэх

• Шээс бэлгийн замын ариун цэврийг сахих, бүрэн эмчлэх

• Ханиад томуунаас сэргийлэх

• Даарах, норохоос сэргийлж цаг улиралд нь тохируулан хувцаслах

• Эмийг эмчийн зааврийн дагуу хэрэглэх

• Онцын шаардлагагүй бол бөөрөнд сөрөг нөлөө үзүүлэх эмийг удаан хугацаагаар хэрэглэхээс татгалзах

Дэлхийн хүн амын өсөлт, тэдгээрийн хэрэгцээ, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэргээс хүн төрөлхтний амьдралын хэвшил, цаг уур болон хоол хүнсний эрүүл ахуйн байдал алдагдаж байна.

Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд халдварт бус өвчний тохиолдол эрс нэмэгдсэн. Тэдгээр өвчнүүдээс бөөрний эмгэг нь халдварт бус өвчлөлийг тэргүүлж байгаа юм. Иймд хүн бүр бөөр хэмээх амин чухал эрхтэнээ хайрлан хамгаалаарай.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.