Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг өнөөдөр СЕХ-ноос албан ёсоор зарлалаа. Тодруулбал, МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшихээр болж, тэдний үнэмлэхийг ирэх тавдугаар сарын 27-нд зарлахаар болов.
Мэдээллийн эхэнд СЕХ-ны ажлын албаны дарга Болдсайхан “Гадаадад байгаа монголчуудын саналыг ирэх зургадугаар сарын 11-нд авна. Одоогийн байдлаар 1983 сонгуулийн хэсэг байгуулагдаад байна. 22 аймаг 339 сум дүүрэгт сонгуулийн хороод байгуулагдсан. Сум дүүрэг болон иргэдийн хурлын тогтоолоор зурагт хуудаст байршуулах 23500 орчим газрыг тогтоогоод байна. Сонгуулийн зардлын хэмжээг намууд 6.8 тэрбум, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон.
Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын гэрчилгээ олгох сургалтыг нийслэлийн дүүрэг, аймгуудад хийж, гэрчилгээг нь олгосон байна. Аймаг, нийслэлийн хороодод 183 хүн томилогдон ажиллаж байна. Хэсгийн хороо буюу санал авах байрууд энэ сарын 27-ноос өмнө байгуулагдах ёстой. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд олгоно” гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Нэр дэвшигчдийн нэр ямар дарааллаар бичигдэж байгаа вэ?
-Парламентад олон суудал авсан дарааллаар нь бичнэ. Тэгэхээр саналын хуудсанд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар бичигдэнэ.
-МАХН-аас нэр дэвшигч ХҮН-ын гишүүн байсан. МАХН-д элссэн үү?
-МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар бичиг баримтаа өчигдөр СЕХ-нд бүртгүүлсэн. Бичиг баримтад МАХН-д элссэн нотариатаар батлуулсан батламж байсан. Он сар нь өчигдрөөр байсан. Тэгэхээр өчигдөр МАХН-д элссэн гэсэн үг. Мөн ХҮН-аас гарсан бичиг баримтаа ч хавсаргасан байсан.
-Саналын хуудсыг хэзээ хэвлэх вэ?
-Саналын хуудас хариуцсан ажлын хэсэг байгуулагдана. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна. Тэгэхээр саналын хуудсыг хэвлэх боломж энэ сарын 27-ноос нээгдэнэ. Саналын хуудас хэвлэгдээд санал авах өдрөөс гурван хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
-Нэр дэвшигчид хандив цуглуулна. Тэгэхээр үүнд Аудитын газар хяналтаа тавих уу?
-Гурван нэр дэвшигч нэр дэвших үнэмлэхээ гардаж авсаны дараа хандивын дансаа нээнэ. Нээхдээ Татварын Ерөнхий газар, СЕХ, Аудитын газарт хандивын данс нээснээ мэдэгдэнэ. Хуулийн этгээд 15 сая, иргэдээс 3 сая хүртэлх төгрөгийн хандив авч болно.
-Гадаадад байгаа хэчнээн хүн санал өгөх вэ?
-Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. 33 улсад 45 комисс байгуулагдаад байгаа. Энэ салбар комисст 200 орчим хүн ажиллаж байна. Сонгогчид энэ сарын 20-ны дотор бүртгүүлэх ёстой.
Б.Чимэг
24news.mn