2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Төв цэвэрлэхэд гарсан ослын шалтгааныг нуух сонирхолтой хүмүүс байгаа гэв

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-нд үйлдвэрлэлийн ослоор дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь анхан шатны авран туслах үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн, харин дөрвөн хүний цогцсыг алдагдсан лагаас гарган авсан байдаг.

Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн шахуурганы станцад гарсан бөгөөд ослын газар ажилласан ажлын хэсгийнхний урьдчилан мэдээлснээр, лаг шахах, сорох хоолойн шахуургыг нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудын амь насыг эрсдүүлсэн гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр (2019.04.22) Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар нэг ноцтой асуудлыг хөндлөө. Тодруулбал, тус байгууламжийн яг үйлдвэрлэлийн осол гарсан газарт 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээний ажил хийгдсэн гэнэ. Гэвч тэр ажил чанаргүй хийгдсэний улмаас хаалт боолт нь задарч осол гарахад нөлөөлсөн байж болох тухай тайлбарыг хэлж байна. Түүний хэлснээр чанаргүй засвар үйлчилгээнээс болж эрдэнэт дөрвөн хүний амь эрсэдсэн байх магадлалтай уг асуудлыг нуун дарагдуулахын тулд зарим нэг хүмүүс үүнд асар их анхаарал тавьж байгаа гэнэ. Гэхдээ чухам хэн сандарч тэвдэж байгаа вэ гэдэг дээр тодорхой нэр хэлсэнгүй.

Ямартай ч нялх биетэй, бие давхар, эрүүл мэнд нь хүнд байдалтай дөрвөн өрх асран халамжлагчгүй үлдсэн энэ ослын цаана дээр дурдсан хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллагынхан тогтооно. Хэрэв Хотын даргын ярьсан зүйл бодитой бөгөөд ослын шалтгаант нөхцөл болсон бол холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэхдээ гадны нөлөөгүй гэдэг дүгнэлт дахин нэгээр нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй.

https://updown.mn/80562.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.