Өчигдөр Нийслэлчүүд "гамшиг тохиолдвол хэрхэн амь насаа аврах хийгээд ямар бэлтгэлийг базаасан байх" талаар томоохон сургуулилалт хийлээ. Манай улсад хоёр дах удаагаа болж буй энэ гамшгийн сургуулилалтыг холбогдох байгууллагын ажилтнууд хэрэндээ л олон өдөр бэлтгэсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын хөдөлгөөнийг хааж иж бүрэн гамшгаас хамгаалах сургууль болно гээд нэлээдгүй хэдэн өдөр мэдээлэл түгэв. Гэтэл мэдээллийн эрин зуунд амьдарч буй гэж өөрсдийгөө тодотгоод авдаг их хотын иргэдийн чамгүй хэдэн хувь нь энэ талаар огт мэдээгүй байх жишээтэй. "Би өглөө ажилдаа явах гээд 07:30 цагт гэрээсээ гараад автобусны буудал дээр иртэл ганц ч машин явдаггүй. Бүр хүмүүс ч явахгүй болохоор нь их гайхсан. Тэгсэн чинь нөгөө сургуулилалт нь болж байсан юм байна лээ" хэмээн хээв нэг найздаа хуучилж байх юм. Нөгөө хэсэг нь "Манай хажуу талын хүнсний дэлгүүрт зарлан дуудах хуудас нь байсан. Тэрийг уг нь айл болгонд тараахгүй тэгсэн бол "би очих л" байсан. Гэртээ унтаж байхад нөхөр нөгөө хуудсыг нь дэлгүүрээс олж ирлээ маргааш явна гэж орж ирэхээр нь мэдсэн" гэх нь тэр. Тэгээд тэр сургуулилалт очиж оролцсон эсэхийг лавлахад "Гэртээ унтаад үлдсэн. Нөхөр л очоод бүртгэлээ хийлгээд ирсэн" гэв. Нийслэлчүүдээ ийм хэнэггүй байж болох уу.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж бүтэн сарын турш олон хүний хөдөлмөр хүч шингэсэн ажил байсан гэдгийг мэдэж байна уу. Нөгөөтэйгүүр, энэ ажлын цаана улсын төсвөөс мөнгө гарсан, гамшиг болсон үед өөрийгөө болоод бусдыг хэрхэн яаж амьд үлдээхийн төлөө ажиллах вэ гэдэгт чамгүй хөрөнгө зарцуулсан. Гэтэл та....Нөгөө хэсэг нь дэндүү гэмээр их идэвхитэй оролцсон байгаа. Ямар сайндаа л үзүүлэн сургуулилалт учраас бараг л кино дээр гардаг шиг гамшиг болоод өөрийнхөө амь насыг авруулж байгаагаар төсөөлчихсөн очоод "гоё сургуулилалт болсонгүй" гэж гомдолж байхав дээ.
Харин гамшгийн сургуулилалтад оролцсон иргэд зохион байгуулалтад "муу" дүн тавьсан. Магадгүй анхны удаа томоохон хэмжээний сургуулилалт байсан учир албаныхан алдсан байх нь дамжиггүй. Цуглах газрыг заасан зарлан дуудах хуудас нь хүн бүрт, айл өрх бүрт сонгуулийн сурталчилгааний хуудас шиг тараагдаж чадаагүй юм. БГД-ийн 5-р хороонд хорооны ажилтан айл болгонд ганц л хуудас түгээсэн. Зарим айлуудад бүр ганц ч очоогүй бөгөөд гэрийнхээ ойролцоох дэлгүүрийн лангуунаас өөрсдөө олж авсан гээд эл ажлын талаарх зарлан мэдээлэх ажил тааруу явагдсан нь эндээс тод харагдаж байна. Түүнчлэн "гамшиг болоод гэрээсээ гараад цуглах талбайд очсон иргэдэд зөвлөгөө мэдээлэл муу түгээсэн. Зөвхөн бүртгэлийн хуудас дээр тамга даруулах л төдий болж өнгөрсөн" гэдгийг зарим иргэд хэлж байлаа.
Уг нь манай улсад гамшгийн давтамж нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаар газар хөдлөлт болон цаг агаарын онц үзэгдэл ихэссэн гэдэг. Тиймээс мэргэжлийн байгууллагаас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг зохион байгуулсан нь энэ. “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт газар хөдлөлтийн зарлан мэдэгдэх дохио ажилладаг. Үүнд Засгийн газрын тогтоолтой бүх албан байгууллагууд оролцож, “Гамшиг гарсан үед байгаа газраа хэрхэн аюулгүй орхиж гарах вэ”, “Гамшгийн үед нөөц хэрхэн бүрдүүлж, холбоо харилцаагаа яаж тогтоох вэ” гэдэг чиглэлээр сургуулилалт хийдэг. Мөн жил бүр 2-3 аймагт бүх иргэдийг оролцуулан гамшгийн үед ажиллах сургуулилалт хийдэг. Хэнэггүй монгол зангаараа "амиа аврах"-гүй гэдгийг хатуу санах хэрэгтэй.
Энэ удаагийн Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үед зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан дохиог 08:00 цагт дуугарсан юм. Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй хамрагдав. Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцсон гэх урьдчилсан тоон мэдээлэл гарчээ. Ямартай ч Аюулгүйн талбай”-гаа мэдэж авсан нь бас авууштай юм даа.
24news.mn