ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ АРД ИРГЭДЭД САНХҮҮГИЙН ДАРАМТ УЧРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байна. Тэдний нэг бол мах. Махны үнэ тэнгэрт хадлаа гэж нэг хэсэг шуугисан ч мартаад өнгөрөх юм биш. Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ч илүүтэй үнийн хөөрөгдөл үүсгэж иргэдийг сөхрүүлж байна.
Өчигдөр “Барс 2” худалдааны төвийн мах зардаг лангуун дээр 70 гарсан эмээ 2 кг мах худалдаж авах гээд чадахгүй зогсож байхтай таарав.
Хэдхэн хоногийн өмнө 9000 төгрөгөөр авсан хонины цул мах нь өнөөдөр 10500 болтлоо өссөнд эмээ гайхаж бас бухимдаж байв. Эмээд 9000 төгрөг их санагдаж байгаа нь илт.
Тэрбээр махны худалдагчтай “Би чамаас өнгөрсөн долоо хоногт 9000 төгрөгөөр хоёр кг мах худалдаж авсан шүү дээ хүүхдээ. Яагаад ингээд өсөв. Эмээдээ хуучин үнээр нь ганц кг мах өгчихөөч. Эмээд нь илүү мөнгө байдаггүй” гэж гуйж учирлаж зогсоо нь өрөвдмөөр. Худалдагч залуу “9000 төгрөгөөр өгөх боломжгүй ээ. Өөр газарт ч ийм үнэтэй байхгүй дээ” гэж хэнэггүй хариулна.
Өнөөгийн өнгө төрх ийм л байна. Ганц кг мах ч 9000 мянган төгрөгөөр худалдаж авч идэж чадахаа байсан үед амьдарч байгаадаа харамсах юм. Хуучин ястай хонины мах 5500 цул нь 7500 төгрөг байдаг байв. Гэтэл өнөөдөр 9500-10500 болтлоо өссөн байна. Үхрийн цул мах бүр нэг кг 13500 төгрөгийн үнэтэй байна. Хаа сайгүй ийм үнэтэй гэж хариулах худалдаачид цаанаас үнэ нь нэмэгддэж байгаа гэхээс өөр зүйл хэлэхгүй юм.
Уг нь жил бүр махны үнийг тогтворжуулахаар нөөцийг махыг бэлтгэж ирсэн. Гэвч энэ жилийн хувьд нөөцийн мах хэрэглэгчдэд оройтож хүрэхийн зэрэгцээ өмнөх жилүүдийнхээс үнэтэй, ховор байгаа гэсэн шүүмжлэл дагуулсаар байна.
Өнгөрсөн сард нөөцийн мах худалдаанд гарсан талаар албаныхан мэдээлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар нөөцийн мах худалдаанд гарсан гэх ч нүдний гэм байна. Барс-2 худалдааны төвийн махны лангуун дээр нөөцийн мах зарахгүй байна. Нэг лангуу зардаг байсан ч мах нь дууссан гэнэ. “Драгон” төвийн хажууд байрлах “Махны худалдааны төв” ч мах хомсдсон гэх шалтгаанаар хаалгаа хаажээ.
Хаа сайгүй махны хомсдол бий болж, олдож байгаа хэсэг нь үнэтэй зарагдаж байна. Малаар баян улс орон байж монголчууд махаа дийлж хүчирч худалдаж авч идэж чадахгүй мацаг барихаар болов.
Амьжиргааны түвшин хэр билээ, авдаг цалин, тэтгэвэр тэтгэмж нь ямар билээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг ард иргэд өрийн дарамтад амьдарч байна. Өлсөж үхэхгүй тулд өр зээлээр ч амьдарч байна.
Хүнсний ногооны үнэ нэмэгдэв
Махны үнээ дагаад хүнсний ногооны үнэ ч нэмэгдсэн гэдгийг хүнсний ногоо зардаг худалдаачид хэлж байна. Байцаа монгол, хятадаараа хоёр өөр үнэтэй буюу 1800-2500 төгрөг, төмс 1500, лууван 1500, манжин 2000, монгол сонгино 2500, монгол сармис 15000 төгрөгийн үнэ ханштай байв. Жижиглэнгээр зарагддаг барааны үнэ нэмэгдсэн нь мэдэгдэхгүй ч өссөн байдаг.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна.
Шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдлээ
Өчигдрөөс эхэлж АИ-92 шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдэж ард иргэдийг бухимдуулав. Петровис, Шунхлай гэх мэт ШТС-иуд үнээ нэмсэн харагдана.
Үүнийг шатахуун түгээх станцийн түгээгч нар тайлбарлахдаа “Сайн мэдэхгүй байна. Цаанаас нэм гэсэн үүрэг даалгавар өгсөн” гэх бол зарим нэг ШТС-ийн түгээгч нар “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдээд байхад бинзений үнэ дагаад өсөлгүй яах вэ” гэв.
Бас дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэж байгаа учраас шатахууны үнэ нэмэгдсэн талаар импортлогч компаниуд тайлбарлаж буй.
Жолооч нар үнэхээр бухимдалтай байна. Өдрөөс өдөр амьдрал сайжирч байгаа юм алга. Өрийн сүлжээ, үнийн өсөлтөд дарамтуулсаар байгаад дуусах юм байна. Нэг нэгнээ дагаад үнэ өсгөдөг муухай жишиг тогтов. Шатахууны үнээ дагаад идэж уух, эдэлж хэрэглэх бүх зүйлийн үнэ нэмэгдэх нь ойлгомжтой.
Үнийн өсөлт иргэдийн эдийн засаг санхүүд нь шууд байдлаар нөлөөлдөг учраас ингэж бухимдах нь аргагүй юм. Ард түмнээ боддоггүй, ямар нэгэн аргаар шулах арга олдог шулаач төр засагт ч гомдолтой байгаагаа ард иргэд хэлж байна.
О.Гэрэл
Оллоо.mn
24news.mn