2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Малыг амьдаар экспортлоход ОЛОХ ОЛЗ, ГАРАХ ГАРЗЫН аль нь илүү вэ

- Малыг амьдаар экспортлох нь нэмүү өртөг шингээлгүй гаргаж байна гэсэн үг-

БНХАУ-руу малаа амьдаар нь экспортлох шийдвэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг “улайлгаж” мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна.  Сайдын хэлснээр жилд 600 мянган толгой малыг урагш нь амьдаар нь экспортлох бэлтгэл хангагдаад байгаа. Бүр цаашдаа дотоодын махны хангамж тогтвортой байвал ахиад 5, 6 сая мал борлуулах шаардлага байгаа гэжээ. Гэхдээ энэ асуудал өнөөдөр биш харин хоёр жилийн өмнөөс яригдаж бэлтгэл ажил нь хангагдаад байгаа юм билээ.

Дуулдаж буйгаар амьд малыг зөвхөн урд хөршид бус ОХУ-д ч бас нийлүүлэхээр ярьж байгаа гэнэ. Харин хойд хөршийн хувьд таваарын бус дан үржлийн мал авах юм байна. Эхний удаад 60 мянган үржлийн охин төлөг гаргана гэсэн яриа байна. Яахав, үржүүлж өсгөе гэж байгаа газарт өгөхөөс цааргалах юу байв гэж. Гэхдээ асуудал бас бий.  Үржлийн малын экспорт өндөр шалгууртай байх нь ойлгомжтой. Тиймээс малчид малаа мөнгө болгохын тулд аль сайн, бие томтой, шилмэл шилдэгээ өгч таарна. Энэ нь эргээд цөм сүргийн бүтцэд нөлөөлж, сүрэг давжаарах вий гэсэн болгоомжлол юм.  

Малыг амьдаар нь гаргасан тохиолдолд арьс шир, ноос үс, ноолуураас эхлээд гэдэс дотор гээд дайвар бүтээгдэхүүнүүд нь үнэгүйдэнэ. Хятадуудын элдэж боловсруулсан хонины арьс АНУ-ын зах зээл дээр нэг бүр нь 100 орчим ам доллараар зарагддаг. Намрын адаг өвлийн эхэн сараар нядлагдаж байгаа ямааны ноолуур хэдийнэ ургаж гүйцсэн байдаг. Энэ утгаараа ямаанаас гэхэд ноолуурыг нь арьстай нь хамт алдаж байна гэсэн үг.

Хэдэн жилийн өмнө өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх адууг амьдаар нь экспортолж байгааг зогсоох шийдвэр гаргаж,  олны талархлыг хүлээж байсан удаатай. Үнэхээр ч малыг амьдаар нь гаргана гэдэг хөөрхий буянт  малаа там руу илгээж байгаагаас өөрцгүй гэж  ярьдаг. Хэдийгээр бурхны хуваарилалт ч гэлээ малдаа хүндэтгэлтэй хандах учиртай гэдгийг тодотгодог. Түүнээс гадна айж зовсон малын мах хоол гэхээсээ хор болдог тухай судлаачид анхааруулдаг. Тэр их айдас хүйдэс, зовж тарчилсан бүхэн маханд нь шингэдэг гэх юм билээ. Хятадуудад амьдаараа очих учиртай энэ 600 мянган малыг ачиж тээвэрлэж таарна. Тэгснээс Архангайгаас хонь ямаа тууж урд хилээр гаргана гэж үгүй. Хүлээж авсан Хятадын тал ч бас цааш тээвэрлэж нядалгаанд хүргэнэ. Хүйтэн нойтонд олон хоног хоол усгүй тээвэрлэсэн мал зовж ядардаг гээд энэрэнгүй талаас нь яривал асуудал олон бий. Гэхдээ энэ удаад малаа амьдаар нь экпортлох нь эдийн засгийн үр өгөөж нь хэр байх вэ гэдэг талаас нь харахыг хичээлээ. Ер нь амьдаар нь гаргана гэдгийн анхдагч утга нь улс төрчдийн ярьдагаар нэмүү өртөг шингээлгүй  гаргаж буй хэлбэр. Нэмүү өртөг шингээгүй бүхэн эдийн засгийн утгаараа үр ашиг багатай байдаг.

Нэн тэргүүнд яригдах асуудал бол ийм хэмжээний мал экспортолсноор дотоодод махны үнэ нэмэгдэж хангамж буурах вий гэдгээс энэ жилийн махны үнэд нуруугаа хотойлгож байгаа хэрэглэгчид  эмээж болгоомжилж таарна. Харин сайдын хариулт “600 мянган толгой мал амьдаар нь экспортод гаргахад үнэд нөлөөлөхгүй”  гэж байгаа.

Монголчууд малын амьсгалаас бусад нь алт гэж ярьдаг. Аргал хоргол нь түлш, шээс нь тэр аяараа шимт бордоо гэлцдэг. Тэр үнэн. Энэ бол наад захын жишээ. Харин малыг амьдаар нь гаргасан тохиолдолд арьс шир, ноос үс, ноолуураас эхлээд гэдэс дотор гээд дайвар бүтээгдэхүүнүүд нь үнэгүйдэнэ. Хятадуудын элдэж боловсруулсан  хонины  арьс АНУ-ын зах зээл дээр нэг бүр нь 100 орчим ам доллараар зарагддаг. Намрын адаг өвлийн эхэн сараар нядлагдаж байгаа ямааны ноолуур хэдийнэ ургаж гүйцсэн байдаг. Энэ утгаараа ямаанаас гэхэд ноолуурыг нь арьстай нь хамт алдаж байна гэсэн үг. Нэг ямаанаас наанадаж 500-700 гр ноолуур авна. Ингэж тооцвол зөвхөн ямаа нэг бүрийн арьсан дахь ноолуур нь 60-80 гаруй мянган төгрөг болно.

Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Амьд мал экспортолсноос болоод ганцхан махны үйлдвэрүүд бус арьс шир, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дампуурахад хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь, зургаан сая толгой мал амьдаар гаргасан тохиолдолд 120 мянган тонн тураг мах, зургаан сая ширхэг арьс, нэхий, ойролцоогоор 1.05 тонн ноолуур Монголын зах зээлээс хасагдахаас гадна ямар ч татвар төлөхгүй түүхий эд экспортод гарахаар тооцоо гарч байна” гэжээ.

Монголчууд бог малын өлөн гэдсэнд анхан шатны боловсруулалт хийж Европын зах зээлд экспортлоод удаж байна. Энэ талаар мэргэшиж туршлагажсан гэж хэлж олно. Хэрэв малаа амьдаар нь экспортолвол энэ бизнес ямар нэг хэмжээгээр хумигдаж таарна. Тоо баримтаас харвал өлөнгийн салбарынхан жилд 3.5 сая бог малын өлөн гэдсийг боловсруулж гаргадаг ажээ. Хэрэв Ч.Улаан сайдын хэлснээр цаашдаа 5,6 сая мал амьдаар нь нийлүүлбэл Монголын өлөнгийн салбар түүхий эдгүй болох  магадлал тун ойрхон харагдаж байна.

Сайдын төлөвлөгөөнд 10 мянга орчим адууг амьдаар нь гаргах тооцоо бий. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн шадар сайд байхдаа адууг амьдаар нь экспортлохыг хориглосон шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа шиг санагдах юм.

Малыг амьдаар нь гаргахын нөгөө нэг сөрөг тал нь үндэсний үйлдвэрлэгчдээ “золигт гаргах”  эрсдлийг дагуулж байгаа явдал. Үндэсний цөөн үйлдвэрлэгчид маань ихэнхдээ малынхаа түүхий эдэд түшиглэж үйлдвэрлэл явуулж байгаа. Ялангуяа ноос ноолуур, хүнсний үйлдвэрлэлийн салбарт.

Түүнээс гадна сүүлийн жилүүдэд махны үйлдвэрлэл сэргэж, мал төхөөрч боловсруулах 50 гаруй үйлдвэр бий. Энэ нь 5,000 гаруй ажлын байрыг бий болгожээ. Мөн хоногт 7,000 гаруй бод, 25,000 гаруй мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай болсон байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрүүд экспортын махыг бүрэн боловсруулж гаргах боломж бүрджээ.

Ийм нөхцөл боломж байсаар байхад малыг заавал амьдаар гаргах  нь хэр зөв шийдэл вэ гэдгийг улстөржилгүй ярилцмаар байгаа юм.

Г.Хантулга

Эх сурвалж: Bolod.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.