Өчигдөр Улсын ерөнхий прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдээллээ. Тэднийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, АТГ-аас мөрдөн шалгаж байсан билээ. АТГ-ыг уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлснийг прокурор шүүхэд шилжүүлжээ.
Ингэхдээ чухам ямар нотлох баримтад үндэслэж тэдний гэм бурууг тогтоосон, ямар үйлдэл, эс үйлдлийг нь гэмт хэрэг гэж нотолсон талаар товч боловч мэдээлэл хийсэнгүй. Буруутгаж байгаа зүйл нь өнгөрөгч сард (тавдугаар сарын 29-нд) УИХ-ын ЭЗБХ-нд танилцуулсан Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн тайлан юм байна гэж ойлгохоор байна.
Жил гаруй хугацаанд ажилласан ажлын хэсэг “Монголын тал 2055 он хүртэл Оюутолгой төслөөс ердөө 31 хувийн ашиг хүртэх юм байна. Төслийн 34 хувийн зэзэмшдэг атлаа өнөөдрийг хүртэл 1,79 тэрбум долларын өрөнд оржээ. Үүний хүү нь 541 сая доллар болж өссөн байна” хэмээн дүгнэсэн билээ.
Үүний улмаас УИХ-ын гишүүд “Рио Тинто Монголын төрийн толгой дээр гараад суучихжээ. Хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг ямар хөрөнгө оруулагч байсан юм. Рио Тинто бол хөрөнгө оруулагч биш, мөнгө хүүлэгч компани” гэх мэтээр дэлхийгээр нэг хашгирч байна. (Юуны төлөө "дэлхий хавтгай" гэж ярьдаг билээ дээ)
Тухайлбал, Оюутолгой төслөөс "Рио-Тинто" компани 2017 онд 744 сая ам.долларын өгөөж хүртсэн бол Монгол Улс 175 сая ам.долларын ашиг хүртжээ. (Менежментийн төлбөрт 133 сая ам.доллар, өртөг дэх мэргэжлийн үйлчилгээнд 69 сая ам.доллар, xувь нийлүүлэгчдийн зээлийн хүүнд 470 сая ам.долларыг манай талаас суутгасан) “Хоёр тал ийм харьцангүй ашигтай ажилласан нь "Рио-Тинто" хөрөнгө оруулагч компани биш, харин мөнгө хүүлэгч компани. Энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх хэрэггүй” гэж Х.Болорчулуун гишүүн хэлсэн байдаг. Зээл авсан бол хүүгээ төлөхөөс яахав, менежмэнтийг нь ашигласны хувьд төлбөрөө төлөхөөс ч яахав. Энэ бол ердөө гэрээний нөхцөл юм л даа.
Харин нөгөө төлөөс ямар үр дүн харагддаг вэ гэхээр "Рио Тинто" компани өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөлд нийтдээ 12 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ. Үүнээс гурван тэрбумыг нь хувьцааны буюу өөрийн хөрөнгөөр, зургаантэрбумыг гадаадын 15 том банкны зээлээр, дөрвөн тэрбумыг төслийн санхүүжилтээсхийсэн (УИХ-ын ажлын хэсгийн тайлан) гэсэн байна.
Хоёр талын ашиг, алдагдлын ялгаа ердөө л энэ. Нэг нь хөрөнгөө оруулсан, нөгөө нь зээл авсан. Хөрөнгө оруулагчид хувьцааныхаа тодорхой хувийг борлуулах замаар, эсвэл банкнаас зээл авах замаар л хөрөнгө босгодог. Энэ бол бизнесийн хууль. Түүнээс биш тэнгэрээс унаад, эсвэл газраас ургаад ирдэг мөнгө гэж байхгүй. Тэдний хэрхэн мөнгө босгосон нь маньд бол пад ч үгүй хэрэг. Үүнийг “Оюутолгойг барьцаанд тавьчихсан байна штээ” гэж хашгирах нь мань мэтийн л мунхаг оюунд найдсан тархи угаалт юм даа.
Мөн Оюутолгой компани 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 18 тэрбум долларын борлуулалт хийжээ. Энэ мөнгөний тэн хагас нь буюу 9.1 тэрбум доллар нь Монголын эдийн засагт шингэсэн байна. Тодруулбал, зургаан хувь нь үндсэн болон гэрээт ажилчдын цалинд, 19 хувь нь төрийн байгууллагуудад татвар, хураамж, төлбөр хэлбэрээр, 75 хувь нь Монголын 800 гаруй ханган нийлүүлэгч компаниудаас авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт явсан байна. Харин нөгөө хагас нь тоног төхөөрөмж зэрэг үндсэн болон эргэлтийн хөрөнгө худалдан авах, менежмент болон захиргааны, бусад зардалд зарцуулагджээ.
Оюутолгой компани 2029 он хүртэл хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй, Монголын Засгийн газар ч гэсэн зээлээр бүрдүүлсэн 34 хувиа хүүтэй нь төлж барагдуулахаас нааш ногдол ашиг авахгүй гэдгийг “Эрдэнэс Оюутолгой” компани мэдээлжээ. Гэсэн ч тэр хүртэл гэрээ хүчин төгөлдөр хэвээр байвал төслийн үр ашиг Монголын эдийн засагт үлдсээр л байх болно.
Эдүгээ далд уурхайн бэлтгэл ажил ид явагдаж, 16 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 93 хувь нь монголчууд. (2023 онд далд уурхайн бүтээн байгуулалт дуусч,олборлолт эхлэхээр Оюутолгойн уурхайд 6000 орчим хүн л тогтмол ажиллана) Ханган нийлүүлэгчдийг оролцуулвал Монголын 45 мянган хүн энэ төсөлд хамрагдаж, ар гэрээ авч явж байна. Өмнөговь аймагт л гэхэд энэ хугацаанд 400 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Ханбогд сум орчин үеийн хот болох сууриа тавиад байгаа.Хамгийн гол нь Монголын залуучууд мэргэжлийн хувьд олон улсын түвшинд мэргэшин дадлагажиж байна. Энэ л төслийн үр ашиг юм даа.
Оюутолгой төслийг битгий зогсоогооч ээ гээд байдаг нь ийм учиртай. Харин гэрээнд өөрчлөлт оруулах бол хоёрдугаар асуудал. Хэрвээ алдаа эндэл, сул тал байна гэж үзвэл тэр талаараа хөрөнгө оруулагчтайгаа зөвшилцөөд шаардлагатай нэмэлт, засваруудыг хийгээд, сайжруулаад явж болох зүйл. Хамгийн гол нь үүний тулд бидэнд улс төрийн соёл хэрэгтэй. Хөрөнгө оруулагчаа элдвээр зүхээд, шахаж дарамтлаад байвал хэн ч бидэнтэй хамтрахыг хүсэхгүй нь тодорхой.
Сануулахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хоёр талын бизнесийн гэрээ. Энэ тохиолдолд хэн илүү хувь эзэмшиж байгаа нь менежмэнтээ хийдэг. Түүнээс биш "Рио Тинто" Монголын Засгийн газрын толгой дээр гараад эсвэл, Засгийн газар "Рио Тинто"-гийн толгой дээр суух асуудал байхгүй. Тэр тусмаа дураа хүрэхээр лиценз олгочихоод дургүйгээ хүрэхээр хураагаад авчихдаг, дарлаад сууж байдаг үндэсний хэдэн компаниудтай адилгүй.
Хоёр тал адил тэгш эрхтэйгээр хэлэлцээрт оролцож гэрээ байгуулсан учраас аль аль талдаа хүндэтгэлтэй хандах учиртай. Тэгж байж бизнес явна. Үгүй бол зогсоно. Тиймээс манай улстөрчид Оюутолгойгоор улс төр хийхээсээ өмнө эхлээд ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа ярилцаж тооцоолоод, дараа нь түүндээ хүрэх арга замаа эрүүл саруул ухаанаар эрх хайх ёстой болов уу.
Өчигдөр Монголын мэдээллийн сайтуудаар “Рио Тинто компанийн хэрэгжүүлж байгаа “Оюутолгой” төсөлтэй холбоотой хэргийг шалгахад Австралийн хууль, хяналтын байгууллагууд хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн” тухай мэдээлсэн байна. Энэ ч гэсэн зүй ёсны зүйл. Яахаараа хоёр талын гэрээний маргаан (энэ тохиолдолд Монголын Засгийн газар ч гэсэн бизнесийн хамтрагч болохоос шийдвэр гаргагч биш гэдгийг хэлсэн) дээр хөндлөнгийн нэг улсын (Рио Тинто компанийн менежмэнтийн төв нь Австралид байдаг) хуулийн байгууллага орж ажиллах ёстой гэж.
Эрүүгийн хэрэг байлаа ч эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хоёр улсын гэрээ байхгүй бол аль ч улс хөдлөхгүй. Харин манай нөхөд яаж сэтгэхээрээ Австралийн талд тийм хүсэлт тавьж чаддаг байна аа.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
24news.mn