2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. 

Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүлэв.

“Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

“Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө санхүү, тээвэрлэлт гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Одоо хотын захиргааны хийх ажил үлдлээ. Ирэх өвөл утаатай байх эсэх нь хотын даргаас шууд хамаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд ямар нэг хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд онцгойлон анхааруулав.

Мөн УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, бүх шатны Засаг дарга, хороодын хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй оролцох ёстой гэлээ. Иргэд ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж  хэвшихийг уриалав.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори батласан байна. Шинжилгээний хариуг тус улсын мэргэжилтэн Пак Сан Ху Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөв.

Цаашид илүү сайн чанартай шахмал түлш үйлдвэрлэх туршилт явуулах, шинэ технологи бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Тавантолгой түлш” компанитай хамтран ажилладаг Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд хэлэв. 

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж байгаа.

Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна.

Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой. Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Olloo.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.