Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг 6 аймагт барьж байгуулахаар болсон тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх IV конгрессийн нээлтийн үеэр мэдээллээ. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 онд ашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна” хэмээх чихэнд чимэгтэй мэдээллээр Ази номхон далайн бүсийн IV конгрессийн үйл ажиллагаанд амжилт хүссэн.
Конгресст нийт 43 улсын 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн дураараа тус хуралд оролцож байгааг ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлж байсан.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Аж ахуй нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах квот тогтоох, ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий болгохыг дэмжин ажиллаж байна. Засгийн газар Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгож байна. Амралт, орон сууцны үнийн хөнгөлөлт эдлүүлж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор байнгын асаргаа шаардлагатай тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалд нийт иргэдийн 90 орчим хувь нь хамрагдаж байна.
Цаашид Засгийн газар төрийн бодлого шийдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох, оролцоог хангахаар ажиллаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй ажиллахаар төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад бид хүний тулгамдсан асуудал болоод байна" хэмээн хурлын эхэнд онцлон тэмдэглэсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тулгамдаж байгаа асуудлаа бүс нутгийн хэмжээнд ярилцаж, нэгнээсээ сайн туршлагыг нь судалж, улс орондоо хөгжүүлэх сайхан боломж хэмээн оролцогчид хэлж байлаа. Оролцогчдын хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
“Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Н.Мөнхжаргал: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах боломж нөхцөлийн талаар илтгэл тавьж, үгээ хэлсэн. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалах, тэдний өдөр тутмын нийгмийг оролцоог нэмэгдүүлэхэд хувийн туслах үйлчилгээ нь хамгийн оновчтой нийгмийн халамжийн үйлчилгээ юм. Хэдийгээр хуулиар дээрх асуудлыг баталгаажуулсан хэдий ч бие даан амьдрахад дэмжих үйлчилгээний санхүүжилт болон хэнд, хэрхэн ямар хэлбэрээр хүргэх зэрэг нь нэн чухал. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрахад дэмжих төвүүд үүсгэн байгуулагдаж, олон улсын сан болон гадаад хамтынг ажиллагааны дэмжлэгээр хувийн туслах болон бусад шинэ хэлбэрийн үйлчилгээг загвар байдлаар туршиж, өөрийн орны онцлогт нийцүүлэх ажил хийгдэж байгаа сайн жишээ олон бий” гэсэн юм.
Монголын “DEF форум”-ын тэргүүн Б.Энхням: Jica төслийн хүрээнд 32 сургагч багш бэлтгэн гаргасан талаар танилцуулсан. Тэрбээр “2017 оноос хойш DEF сургалтыг 200 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 7000 гаруй хүн хамрагдаад байна. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо DEF сургалтын дараа хороогоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй өндөр настан, жирэмсэн ээжүүд, хүүхдийн гэх мэт хүнд ээлтэй хороо болгон өөрчлөх хүсэлт гаргасан боловч тэдэнд хөрөнгө санхүүгийн боломж байгаагүй. Иймээс хорооны ажилтан, албан хаагчид өөрсдөө мөнгө цуглуулан ханын бариул, налуу замаа өөрсдөө хийж гэж хэлж болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй бүх хүнд ээлтэй, найрсаг, хамт олон болж өөрчлөгдсөн” гэв.
Мирайров компанийн төлөвлөлтийн газрын Эми Айзава: Мирайрогийн загвар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар илүү сайн мэдээлэл өгч чадна гэсэн хүмүүсийн итгэл үнэмшил дээр тулгуурласан загвар юм. Энэ загварыг анх 21 настай тэргэнцэртэй оюутан санаачлан хөгжүүлсэн бөгөөд ээлтэй байгууллагуудын зураглалыг гаргах, энэ талаарх мэдээллээ хуваалцах аппликешн гаргах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх талаар сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх болон дохионы хэлний орчуулга хийх үйлчилгээг эрхлэх болсон. Өдгөө 50 гаруй ажилтантай. Ажилчдынх нь 20 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 16 нь хагас цагаар зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн зохицуулагч Танбир Ахмед: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь эмзэг бүлгийн иргэд дундаас хамгийн эмзэг бүлэгт хамаардаг хэмээн дэлхий нийтээрээ үздэг. Тэдэнд зориулсан хууль, төрийн байгууллагын хэрэгжилт муу, энэ төрлийн хүмүүсийг аливаа үйл ажиллагаанд татан оролцуулах боломж хомс, бусдын зүгээс тэднийг гадуурхан үзэх тохиолдол бий. Мөн тэдэнд зориулсан дэд бүтэц байдаггүй, мөн бие даан орлого олох боломж хомс байдаг нь эмзэг бүлэгт хамааруулах үндэс болдог. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах зорилгоор Бангладеш улсад төсөлд хэрэгжүүлж эхлээд байна. Тэднийг нэгтгэн нэг бүлэг болгон хамтран ажиллуулах замаар орлого олох боломжийг бий болгон гэж үзсэн. Төсөлд оролцогч авсан зээлээ нэг жилийн дотор бүрэн буцаан төлөх үүрэг хүлээдэг. Ийнхүү эргэн төлөлттэй зээлийн бодлогыг хэрэгжүүлсэнээр олон хүнд туслалцаа үзүүлэх боломжтой болсон. Энэ үйл ажиллагааны хүрээнд 1.861.000 Бангладеш долларын санхүүжилт олгоод байна. Одоогийн байдлаар нийт 214 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 39 төрлийн бичил бизнес эрхэлж сард дунджаар 2000-12000 Бангладеш долларын орлого олдог болсон.
CBM олон улсын байгууллагын ахлах зөвлөх Хуберт Сэйфэрт: Герман улсын Засгийн газраас Этиопийн орон нутгийн хөгжлийн байгууллагатай хамтран үүнтэй төстэй Тосгон дахь хадгаламж-зээлийн үйл ажиллагааны бүлэгт хамаардаг нийт 14 мянган иргэнийг хамруулсан төслийг хэрэгжүүлж байна. CBM олон улсын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор байгуулагдсан хадгаламж-зээлийн үйл ажиллагааг дэмжихээс гадна бусад иргэдийг энэхүү бүлэгт нэмж хамруулах талаар тодорхой ажил эрхэлдэг. Тухайлбал, энэхүү бүлэгт хамаарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс дор хаяж 5 хувийг нь дэмжиж ажиллахыг олон улсын төрийн бус байгууллагуудад уриалаад байна.
Айфо байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Д.Тулгамаа: 2016 оны ажиллах хүчний судалгаагаар Монгол Улсад 100.933 хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Энэ нь нийт хүн амын 3.24 хувийг эзэлж байна. Эдгээр хүний 91.904 нь 15, түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 29.389 эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж хэлж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж чадахгүй, эсвэл ажлын байрандаа удаан хугацаагаар тогтож чадахгүй байгаа нь олон шалтгаантай.
А.Дэмбэрэлсамбуу: Монгол Улсад соnewsнсголгүй иргэдийн ажилгүйдлийн түвшин 75 хувиас өндөр байна. Сонсголгүй хүмүүс дохионы хэлийг харилцаа холбооны нэг хэрэгсэл болгон ашигладаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс дохионы хэл ойлгодоггүй. Иймээс тэд олон нийтэд өөрсдий дуу хоолойгоо хүргэхэд томоохон бэрхшээлтэй тулгардаг. Өөрөөр хэлбэл, тэд олон нийттэй харилцаж чаддаггүй. Мөн эмнэлгийн үйлчилгээ авах, ажил эрхлэх, боловсрол эзэмших болон хууль эрх зүй гэх мэт олон бэрхшээлтэй тулгардаг. Иймээс бидэнд аэлын байр, боловсролын байгууллага, эмнэлэг, сургалтын төв гэх мэт газруудад дохионы хэлний хэлмэрч, орчуулагчид зайлшгүй байх шаардлагатай байна. Одоогоор сонсголгүй болон сонсголтой хүмүүст зориулсан Монгол хэлний дохионы сургалт явагддаггүй.
Манила хотын хамт олон түшиглэсэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн багш Паоло Мангун: Хөгжиж буй улс орнуудад ойролцоогоор 324 сая хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 97 орчим хувь нь нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2008 оны судалгаа, Филиппин улсын статистикийн газрын 2010 оны судалгаагаар тус улсын хүн амын 26 хувь нь буюу ойролцоогоор 9.1 сая хөгжлийн бэрхшээлтэй 0-19 насны хүүхдүүд байна. Тиймээс орон нутгийн захиргаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулах нь нэн тулгамдаж буй асуудал юм. Энэ хүрээнд төсөл хэрэгжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээн хамруулж, дүн шинжилгээ хийж нөлөөллийн үйлчилгээ үзүүлсэн.
Buzznews.mn
24news.mn