Өнгөрсөн зургадугаар сард Дархан чиглэлийн замыг засварлахаар хааж, хажуугаар нь түр зам гаргасан байгаа билээ.
Тэгвэл сар гаруйн хугацаанд зам шинэчлэн засварлах ажил дорвитой явагдахгүй байна гэсэн шүүмжлэлийг ард түмэн гаргасан. Учир нь Улаанбаатар Дархан чиглэлийн замыг хаасан хэрнээ өнөөдрийн байдлаар ажил хийж байгаа нь харагдахгүй байгаа юм. Ухсан нүх, овоолсон шорооноос өөр юм алга гэх.
Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орсонтой холбоотойгоор Дархан-Улаанбаатар чиглэлийн шинээр тавьсан түр зам эвдрэл ихтэй, зорчигчдын бухимдлыг ихэд төрүүлж, замын ажил түр хугацаагаар зогссон байгаа юм.
Харин дөрвөн эгнээ болгож засварлах үндсэн замын ажил яагаад дорвитой явагдахгүй байна. Өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явж байгаа талаар “Зам тээвэр хөгжлийн яам”-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодруулахад “Зам засварын ажил зургадугаар сарын 17-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зам засварын ажлын явц 4-6 хувьтай байна. Осол аваар их гардаг есөн цэг дээр нийт 453 хүн, 267 ширхэг техник хэрэгсэл ажиллаж байна. Засвар хийгдэх замын урт 202,3 км. Бид бүгдийг нь хуулаад хаяхгүй, аль болохоор иргэдийг энэ замаар зорчуулах үүднээс 5, 10 км-аар хэсэгчилж засч байна.
Нэн тэргүүнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, үзэгдэх орчин муу, осол аваар их гардаг есөн цэгийг засварт оруулж байна. Тэмдэг, тэмдэглэгээ, босоо, муруй шугамууд гээд замын стандартыг хангасан байхаар хийж байна. Их засварын дараа Дархан-Улаанбаатарын зам 8 мм-ийн өргөнтэй, 5 см-ийн хучилттай, цементээр хучсан хоёр үе суурьтай болох юм. Төсөл нэг жилийн хугацаатай явагдана. Гэхдээ бид яаравчлаад өвлөөс өмнө арваннэгдүгээр сард замаа ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна” гэжээ.
Өнөөдрийн байдлаар 5 хувьтай явагдаж байгаа энэ ажил ирэх арваннэгдүгээр сар гэхэд дуусах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз дээ.
О.Гэрэл
Оллоо.mn
24news.mn