2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”

- Хэрвээ Ц.Сандуй 2016 онд үнэмлэхүй олонх болчихоод, тэр схемийг нь хэрэгжүүлсэн бол, өнөөдөр Г.Доржзодов мөнгөө авчихаад чимээгүйхэн, дуугүй сууж байх байсан болов уу-

УИХ-ын 2016 оны, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэс л өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн хөзөр болсон “60 тэрбум”-ын гэх хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн тухайг өнгөрсөн баасан гарагт прокурорынхон мэдээллэсэн. Уг нь Нийслэлийн Прокурорын газарт хэргийг хүргүүлсэн нь саяхан. Гэтэл тус газрын хяналтын прокурор гэрлийн хурдаар хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэнээ зарлачихав.

Тэгвэл хохирогчгүй, үйлдэлгүй энэхүү “60 тэрбум”-ын хэрэг гээчийг шүүх үнэн, зөв шийдвэрлэж чадах уу гэдэгт олон хүн, тэр дундаа хуульчид эргэлзэж байгаа дуулдана.

Учир нь “60 тэрбум”-ын гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг буруутгаж буй гэх. Гэхдээ энэ хэргийг шүүх шийдэж чадах, эсэхэд хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа мөрдөгч, прокурорууд өөрсдөө ч эргэлзэж байгаа юм. Учир нь уг хэрэг нь ямар ч хохирогчгүй нэг нөхрийн зохиосон схемийг сонссоныхоо төлөө нэг хүн буруудаж орчин цагийн хэлмэгдүүлэлт болох гээд байгаа учраас тус хэрэг дээр ажилласан тагнуулынхан, прокурорынхон, шүүхийнхэн гээд бүгд айдас хүйдэст автаж цаг хугацааны дараа С.Зориг агсны хэрэг дээр ажилласан хуулийнхан шиг хэрэгт татагдаж толгой дээгүүрээ дээлээ нөмрөх вий гэх айдастай буй юм.

Өөрөөр хэлбэл, ажил хэрэг болоогүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Түүнчлэн санаачлагчийг нь хариуцлагаас мулталж, жирийн иргэн Г.Доржзодов болгочихсон яваа. Г.Доржзодов энхийн цагаан тагтаа байгаагүй учраас хууль сахиулагчид түүнийг энэ хэргээс мулталж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд гайхаж, дээрх хоёр хүнийг шүүхээр хэлэлцүүлж гэм буруутай гэж үзвэл орчин цагийн хэлмэгдүүлэлт болно хэмээн өөр хоорондоо ярилцаж буйг нуух юун. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар орчин цагийн, өнөө үеийн хэлмэгдүүлэлтийг хийхийг үгүйсгэхгүй хэмээж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шүүгч нарыг томилж чөлөөлж байгаад өмнөх Ерөнхийлөгчөө “дарсан” шиг, Х.Баттулга уг мэхийг өрсөлдөгч МАН-ынханд хэрэглэх гэж байгаа юм хэмээн хардагсад ч байх боллоо.

Тухайлбал, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдож байсан Г.Доржзодовыг “Шинэ Монгол хаад” ХХК-ийн захирал А.Ганбаатар өөд нь татаж, улмаар тухайн үеийн нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйтай танилцуулсан байдаг. Танилцсаныхаа дараа Г.Доржзодов 60 тэрбумын схем гэгчийг дээрх хүмүүст тайлбарлаж, мөнгө босгож болох талаараа ярьсан ч түүний санаачилсан схемийг нь сонссон ч ажил хэрэг болгоогүй харин ч хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлснийхээ төлөө өдгөө Ц.Сандуй буруутан болж Г.Доржзодов ардын баатар болчихсон байх жишээтэй.

Ганцхан жилийн дараа хуулийнхан Б.Хурц нарын зовлонг эдлэх вий...

Иргэн Г.Доржзодовыг МАН-ынханд энэ схемээ танилцуулахаас өмнө Хөдөлмөнийн үндэсний нам (ХҮН)-ынхан санаачилж, намын жагсаалтаа мөнгө босгох хэрэгсэл болгох гэж байсан талаар тус намыг нэг хэсэг удирдаж байсан, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганболд “25 дугаар суваг”-т өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Тодруулбал, “Г.Доржзодов ХҮН-д зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үедээ Болд гэдэг нэртэй байсан. 60 тэрбум гэдэг энэ схемийг хамгийн анх ХҮН-д тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нь ярьж схем хийсэн байсан. Тухайн үед сонгууль холимог системээр санал хураадаг байсан. Улмаар ХҮН-ынхан жагсаалтын ханш гаргасан. Гэрэл гэгээг харах гэсэн маш олон мэдлэг боловсролтой залуу үүнийг нь сонсоод гутарсан. Ярьж байгаа, хэлж байгаа үзэл бодлоосоо огт өөр, наймааны схем болоод явчихсан. Намайг тэдэн тэрбумаар тэр жагсаалтад ор гэсэн болзол тавьсан” хэмээн өгүүлсэн байдаг. Тэгэхээр иргэн Г.Доржзодов эрүүгийн хэрэгт холбогдож, гэмээ цайруулахын тулд нэрээ солиод, нам дамжин төрийн эрх, албан тушаалыг мөнгө болгох схем зохиож, явсан гэдгийг ганц Т.Ганболд ч бус тус намын Доржханд хүртэл тус нэвтэрүүлэгт орох үеэрээ ярьж байсан.

Хэрвээ Ц.Сандуй 2016 онд үнэмлэхүй олонх болчихоод, тэр схемийг нь хэрэгжүүлсэн бол, өнөөдөр Г.Доржзодов мөнгөө авчихаад чимээгүйхэн, дуугүй сууж байх байсан болов уу. Түүний схемийг сонссон хэрнээ амьдралд хэрэгжүүлээгүй учраас мань эр МАН-ын удирдах албаны хүмүүсийг шантаажилж, мөнгөтэй болох гээд өрсөлдөгчид нь ярианы бичлэгээ борлуулсан нь лавтай. Үүнээс үзэхэд Г.Доржзодов 60 тэрбумын схемийг санаачилсан нь тодорхой байгаа юм. Гэтэл “60 тэрбум”-ын гэх хэргээс түүнийг мулталсан нь хууль сахиулагчдын гайхлыг төрүүлж байна. Магадгүй манай улс гадны улс орон шиг шударга ёсыг эрхэмлэдэг байсан бол Ц.Сандуйг бус Г.Доржзодовыг гэмт хэрэгтний ширээний ард суулгах байсан. Даанч өрсөлдөгчөө дарах гэсэн увайгүй хүмүүсийн эрх мэдэлд дарагдсан хуулийнхан энэхүү хэргийг улстөрийн захиалгаар шийдэхээр улайрч байгаа нь бодит үнэн.

Яг үнэндээ захын хуульчид “60 тэрбум”-ын гэх энэ үйлдэл төгс үйлдэгдсэн гэмт хэрэг биш. Түүний дэргэд өндөр түвшний авлига буюу Засгийн газрын эсрэг кноп дарахаас сэргийлж УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд ЖДҮХС-гаас хэдэн зуун сая, тэрбумаар нь зээл нэрээр, асар их хөнгөлөлттэй мөнгө тараасан нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг прокурор, мөрдөгч нар хэлж байна. Тус сангаас авсан мөнгөө зориулалтын зүйлд зарцуулаагүй, уул уурхайн компани, банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж мөнгө хүүлэхээс гадна өөрийнхөө эмчилгээнд зориулаад “улсад буцааж төлөх мөнгө байхгүй” хэмээн хээв нэг сууж байгаа УИХ-ын гишүүд гэмт хэрэг төгс үйлдсэн хүмүүс болох нь хууль сахиулагчдын ярианаас тодорхой болж буй юм.

ЖДҮХС-гаас зээл авчихаад бүрэн эрхтэйгээ сууж байгаа УИХ-ын гишүүд, ажил хэрэг болоогүй улстөрийн захиалгатай, орчин цагийн хэлмэгдүүлэлт болсон “60 тэрбум”-ын гэх хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Эцэст нь эрх мэдэлтний захиалгаар тус хэргийг буруугаар шийдвэрлэвэл магадгүй ганцхан жилийн дараа Б.Хурц нарын хүмүүс шиг ялтан болж торны цаана сууна шүү гэдгийг тагнуул, прокурор, шүүхийнхэнд анхааруулахад илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: erennews.mn

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.