Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга солонгос онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг сүүлийн хэдэн өдөр Солонгосын хэвлэл мэдээллийн бүх сувгийн хамгийн халуун сэдэв байлаа.
Солонгосчууд бэлгийн дарамттай холбоотой асуудал дээр ингэж ихээр эмзэг ханддаг болсон нь энэ улсад ч мөн манай цэцийн дарга Одбаярын адил этгээдүүд дуулиан тарьж, эх орныхоо нэрийг унагаж байсан учраас тэр аж.
БНСУ-д "Одбаярууд" байсан уу? Тийм ээ, байсан.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн 2013 онд АНУ-д хийсэн албан айлчлалын үеэр түүний хэвлэл мэдээллийн албаны дарга Юүн Чан Жун гэгч Вашингтонд орчуулга хийж байсан эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт орооцолдон Солонгосыг дэлхийд шившиг болгож байв.
Үйл явдлыг товчлон хүргэхэд:
2013 оны тавдугаар сарын 7-8-ны өдөр - Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжиглэгдэв
2013 онд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн АНУ руу хийсэн албан айлчлалын хүрээнд Вашингтон явах зуур АНУ дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд дадлага хийж байсан оюутан эмэгтэйн өгзгийг базсан, өрөөндөө чармай нүцгэн хүлээн авах зэргээр бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжиглэгдэв.
Хэрэг гарсан даруйд хохирогч Вашингтон хотын цагдаад мэдэгдсэнээр хэрэг үүсгэгдсэн. Юүн Чан Жун асуудалд орсноо мэдээд албан айлчлалыг дундаас нь хаяж, нэн яаралтай буюу тавдугаар сарын 9-нд Солонгост зугтан ирэв.
2013 оны тавдугаар сарын 9-нд - Хөх ордны хэвлэлийн төлөөлөгчийн суудлаас мултрав
Ерөнхийлөгчийн АНУ дахь албан ёсны айлчлалын үеэр ёс бус үйлдэл гарган, улмаар улс орны нэр хүндийг сэвтээсэн гэх үндэслэлээр Хөх ордноос түүнийг албан тушаал төдийгүй төрийн албан хаагчийн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэв.
2013 оны тавдугаар сарын 11-ний өглөө - Юүн Чан Жүн "БИ ГЭМ БУРУУГҮЙ" хэвлэлийн бага хурал
Тэрбээр хохирогч эмэгтэйн бүсэлхийнд хальт л гар хүрсэн, магадгүй соёлын ялгаанаас гарсан эндүүрэл мэтээр өөрийгөө зөвтгөн худал мэдэгдэл хийж, хийсэн хэргээ бүрэн үгүйсгэв.
2013 оны тавдугаар сарын 11-ний орой - Гарсан хэргийг бүрэн үгүйсгэж “НУУГДАВ”
Ийнхүү хэвлэлийн бага хурлын дараа олны нүднээс нуугдаж, гэртээ бүгэв.
2013 оны тавдугаар сарын 12-нд - Юүн Чан Жүний өмнөөс Хөх ордны төрийн нарийн бичгийн дарга АРД ТҮМНЭЭсээ албан ёсоор уучлал хүсэв.
2013 оны долдугаар сарын 13-нд - Хөх ордон Юүн Чан Жүнийг газардсан даруйд авсан мэдүүлгийг олон нийтэд дэлгэв.
Өгсөн мэдүүлэгтээ “Өгзгийг нь базсан нь үнэн, дотоожгүй байсан нь үнэн” гэсэн байжээ. Ийнхүү тэрбээр буцах газаргүй болж, эцэстээ бүх карьер, нэр хүнд нь хөөс болон замхарсан билээ.
АНУ-д болсон хэрэг учир өөрийн биеэр АНУ-руу очихгүй байсаар хэрэг хэлэлцэх 3 жилийн хугацаа нь өнгөрч, хэрэг нь хаагдсанаар хуулийн өмнө ямар нэг ял шийтгэл авалгүй өнгөрсөн ч улс эх орон, ард түмнийхээ ял шийтгэлээс мултарч чадалгүй нийгэмдээ дөнгөлүүлж, хэн ч биш болсон юм.
Харин энэхүү шуурганы дараа өөрчлөлт, шинэчлэлт БНСУ-д хийгдэж чадсан нь энэ удаагийн Монголын ҮХЦ-ийн даргын хэрэгт хандаж буй ханплага харуулж байна.
2013 оны тавдугаар сард Юүн Чан Жүн-тэй холбоотой хэрэг гарсны дараа БНСУ “Бэлгийн гэмт хэргийн тухайн хууль”, тэр дундаа бэлгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулах талаар хуулиндаа нэн даруй нэмэлт шинэчлэл хийж, зургаадугаар сарын 19-нд нь батлан, мөрдүүлж эхэлсэн байдаг. Уг өөрчлөлтийг хийхээс өмнө хохирогч өөрийн биеэр ирж гомдол гаргах шаардлагатай байсныг шинэчилж, хохирогч гомдол гаргаагүй байсан ч хохирогчтой тохиролцсон байсан ч, ял оногдуулдаг болов.
Энэ явдлаас хойш Солонгост гарсан бэлгийн гэмт хэргийн хамгийн том тэсрэлт бол 2017 онд Холливүдээс эхлэн өрнөсөн #Metoo хөдөлгөөн байсан юм.
2018 оны нэгдүгээр сарын 29-нд эхэлсэн энэхүү хөдөлгөөн Солонгост эрчимтэй өрнөж, олон хохирогч эмэгтэй томоохон улстөрчид, төрийн албаны өндөр албан тушаалтан болон албан хаагчид, боловсрол, урлаг соёл, спорт зэрэг бүхий л салбарын нөлөө бүхий хүмүүстэй холбоотой бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийллийн асуудлыг зоригтойгоор илчилж, нийтэд ил зарласан юм. Тодруулбал, Солонгосын олны танил 20 гаруй хүн шалгагдаж, зохих ял шийтгэлээ авч, зарим нэг нь нотлох баримтгүй гэж суллагдсан ч АРД ТҮМНИЙХЭЭ ял шийтгэлийн хажуугаар зүгээр өнгөрч чадаагүй. Амьдралынхаа туршид хуримтлуулж ирсэн алдар нэр, карьераа алдсан билээ. Солонгосын хууль дүрэм ч улам чангарч, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийллийн хохирогчид хуулиар өөрсдийн эрхээ хамгаалуулсаар байна.
Хэрэв Монголд #Metoo хөдөлгөөн өрнүүлбэл хэчнээн дарга нарын нэр гарах бол...
Монгол эмэгтэйчүүд бүгд өөрсдийн эрхийн төлөө тэмцэн, хуулийг зүгээр санаачилдаг биш, ХЭРЭГЖҮҮЛЖ, ХАМГААЛУУЛдаг юм гэдгийг мэдрүүлэх тохиромжтой цаг нь ирээд байна. Одоо ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ хийх цаг болсон.
Соёл уламжлал гэсэн нэрийн дор далдлагдсан эдгээр бүхий л төрлийн бэлгийн гэмт хэргийг бид "мэдээжийн хэрэг шүү дээ, байдаг л асуудал, юун сүртэй юм, зүгээр шүү дээ" гээд дуугүй өнгөрөн, нүдэн балай чихэн дүлий явж, хувь заяатайгаа эвлэрээд амьдраад байж болохгүй.
Эхлэл нь тавигдсан...
Таарсан таар шуудайнууд нь түүнийг өмөөрөн, хаацайлснаар зохих шийтгэлийг нь оногдуулж чадах болов уу гэдэгт хүн бүр эргэлзэж байгаа. Тиймдээ ч Солонгосын хуулиар зохих ял шийтгэлээ авахыг хүн бүр хүсэж байна.
Өнөөдөр та энэ асуудлыг зүгээр нэг ХОШИГНОЛ НАРГИА болгон, тоолгүй өнгөрөөвөл таны нүдний цөцгий мэт хайрлан өсгөсөн охин үрд тань, хайрт гэргийд, ээж, эгч, дүүд тань нэг л өдөр бэлгийн дарамт учирч болохыг хэн ч таашгүй.
Өнөөдрөөс энэ асуудлыг, энэ хандлагыг, энэ нийгмийн уур амьсгалыг бид зогсоох хэрэгтэй, зогсоохын төлөө тэмцэх хэрэгтэй. Нэг ёсондоо бүхий л төрлийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг дуугаа нэгтгэх цаг нь ирээд байна. Хууль нь өөрөө иргэнээ хамгаалж чадахгүй учир БИД өөрсдөө ХАМГААЛУУЛАХын төлөө тэмцэх хэрэгтэй, дуугаа өргөх хэрэгтэй.
Енсэй Их Сургууль, Докторант Л.Баттуяа
Фэйсвоок хуудас “Researchers for Mongolia“
24news.mn