Дунд сургуулийн сурагчид зүрх нь өвдөөд байна гэсэн зовиуртайгаар мэргэжлийн эмчид хандах нь олширчээ. Гэтэл зовиур нь зүрхэндээ биш тулгуур эрхтэний эмгэгтэй холбоотой болох нь тогтоогдоод буцдаг талаар зүрхний эмч цахим хуудастаа бичжээ. Гол шалтгаан нь бага насны хүүхдүүдийн үүрч буй цүнхний жин хэт их байдагтай холбоотой аж. Зургаан настай монгол хүүхдийн биеийн жинд таарсан цүнхний жингийн хэмжээ нь 2.1 килограмм юм байна. Харин бодит байдал дээр зургаан настнууд маань 3.1 кг татахуйц хүнд цүнх үүрч буй. Энэ нь нурууны өвчин үүсэх суурь шалтгаан болж, цаашлаад өсөлтөд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад мэргэжлийн эмч нар санаа зовж байгаа юм. Цүнхэн доторх хичээлийн хэрэгслүүдээс хамгийн их жин дардаг нь ном. Манай хойд хөршид гэхэд ном хэвлэхдээ хөвсгөр, хөнгөн, гэсэн атлаа биетэй, зузааныг нь 16 мг-аас ихгүй байх цаас ашиглана гэсэн норм зааж өгдөг. Харин манайд цаасны нягтаршил, микроныг нь заахгүйгээр зөвхөн “80 грамм” цаасаар хэвлэнэ гэсэн ганц стандарт тавьж өгсөн нь өнөөдөр сурагчид бөхийж явах шалтгаан болж байна. Үүрч яваа цүнхээ даахгүй байгаа сурагчид маань гэртээ ирээд ч багагүй ачаалалтай тулгарч байна. Энэ бол гэрийн даалгавар. Ерөнхий боловсролын сургуулийн дийлэнх нь “Цөм” хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Энэ нь багш хүүхэд бүрийн авьяасыг нээж илрүүлэх зорилго бүхий хөтөлбөр. Гэхдээ энэ хөтөлбөрийг эцэг, эхчүүд хэт ачаалалтай, хүнд гэсэн дүгнэлтийг өгч байна. Нэг болон хоёрдугаар ангид сурдаг Б, А нарын ээж Ч.Болор-Эрдэнэ “Манай хоёр хүүхэд 85 дугаар сургуульд сурдаг. Өдөр 13:30-д хичээлдээ яваад орой 18:00 цагт тардаг. Хичээлээ тарж ирээд гэрийн даалгавраа хийсээр байгаад унтдаг. Өглөө босоод үргэлжлүүлж хийгээд үд өнгөрч, хичээлдээ явах болдог. Ялангуяа хоёрдугаар анги дүрэм, томъёо, хүрд үздэг гээд гэрийн даалгавраар их дардаг. Галзуурахад ганц хуруу л дутуу байдаг. Эцэг, эхчүүд нь л зааж өгдөггүй юм бол эмээ, өвөө нар мэдэх ч үгүй даалгавар өгч байна. Зарим эцэг, эх өөрсдөө хүүхдийнхээ даалгаврыг хийж чаддаггүй юм билээ” хэмээн ярив. Мөн зургаан настай А.Сарнайгийн ээж “Нэгдүгээр ангийнхны даалгавар хэрээс хэтэрсэн их байдаг. Энэ нь өнгөрсөн жил бэлтгэл бүлэг хичээлллэхийг сайдын тушаалаар хорьсонтой холбоотой” гэж хэллээ. Ингэж хүүхдүүдийг хэт их мэдлэгээр бөмбөгдсөнөөс болоод мэдрэлийн ядаргаанд орж, зарим нь сурах хүсэл сонирхолгүй болсноо ч ярьж байсан. Даалгавраар шахаж, хэт хүнд ачаа үүрүүлснээс амьдралын зөв дадал хэвшил, бие хүн болж төлөвшүүлэх талаас нь боловсролын байгууллага анхаардаггүй. Адаглаад л хотын соёл эзэмшүүлж, төлөвшүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй. Нэгэн жишээ дурдъя. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид гудамжинд шүлсээ хаясан өөр нэгэн сурагчид шаардлага тавьж байгаатай таарав. “Багш гудамжинд шүлсээ хаяж болохгүй гэж сануулсан шүү дээ. Чамайг багшид хэлнэ” гэж хэрэндээ л айлгаж, шаардлага тавих охины өөдөөс “Намайг гудамжинд шүлсээ хаялаа гэж хэн батлах юм бэ. Чиний үгэнд үнэмшихгүй шүү дээ” хэмээн хэгжүүрхсээр “хэргийн эзэн” цааш гүйж одов. Хан-Уул дүүрэг энэ жил эко дүүрэг болох зорилт тавьсан. Энэ хүрээнд гудамж талбайд хог, шүлс, нус, цэрээ хаяхгүй байхыг үргэлж сануулж байгаа. Энэ нь нэг талаасаа эко дүүрэг болох зорилгодоо хүрэх, нөгөөтэйгүүр тус дүүргийн нэгэн сургуульд сүрьеэгийн халдвар гарсантай ч холбоотой байх. Хотын соёлыг төлөвшүүлэх энэ сануулга сургуулийн удирдлагууд ч ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдсан. Ганц удаа нэг дүүргийн хэдэн сургууль хэсэгхэн хугацаанд хүүхдүүдэд гудамжинд нус цэрээ хаяж болохгүй гэж анхааруулаад өнгөрөх биш. Цаашид соёлтой иргэн болгоход зориулсан хөтөлбөртэй болмоор байгаа юм. Бүх сургуулиуд хүүхдүүдэд хотын соёлыг төлөвшүүлэхэд анхаарал тавьж санаачилгатай ажиллавал хэдэн жилийн дараа сургууль орчмын бүс цэвэр, цэмцгэр болно. Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж хэлдгийн утга учир энэ. Багаас нь сургууль бүр хүүхдүүдийн соёлч иргэн болгож төлөвшүүлж чадвал хожим үр дүн нь гарна гэсэн үг.
Эх сурвалж: zgm.mn
24news.mn