2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
УИХ-ын дарга Монголбанкны дэд ерөнхийлөгчид өөрийнхөө хүнийг зүтгүүлэх бололтой

Монгол Улс саарал жагсаалтад орсон буруутанг хайж, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Харин оронд нь хариуцлага хүлээлгэж, чөлөөлж байгаа хүмүүсийн удирдлага дор ажиллаж байсан дэд ерөнхийлөгч, дэд захирлыг нь даргаар томилсон. Тодруулбал, Н.Баяртсайханы удирдлага дор ажиллаж байсан Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг  Монголбанкны ерөнхийлөгчөөр томилов. 

Саарал жагсаалтад оруулсны хариуцлага нэртэй боловч цаад шалтгаан нь УИХ-ын дарга асан М.Энхболдын үед томилогдсон хүмүүсийг чөлөөлж, өөрсдийн хүнээ томилж байна гэж эрх баригч намын зарим гишүүн ярьсан нь үнэний ортой. 

Монголбанкны  дэд ерөнхийлөгчийн суларсан албан тушаалд хэнийг томилох вэ гэдэг марафон МАН-д өрнөж эхэлжээ. Тэдэн нь дундаас өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргалыг МАН-ын томчууд зүтгүүлж байгаа сурагтай. Түүнийг өнгөрсөн хавраас Монголбанкны ерөнхийлөгчөөр томилно гэх яриа гарч байсан. Тэгвэл энэ удаа Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдож магадлалтай боллоо. Д.Энхжаргалыг  УИХ-ын дарга Г.Занданшатартай ойр, итгэлт хүн гэх яриа бий.

Д.Энхжаргал гэж хэн бэ

Д.Энхжаргал нь 2018 оны сүүлээс Оюутолгой компанид Монголын талын 34 хувийг төлөөлж, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Дунд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнийг чөлөөлөх албан бичгийг Оюутолгойн ТУЗ-д хүргүүлсэн. Гэхдээ эцэслэн шийдээгүй байгаа юм.   

Тэрээр ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм байна.

Монгол Улсын банкны салбарт олон жил ажилласан бөгөөд Монголбанкны дэд ерөнхийлөгч, Монголбанкны Лондон дахь салбарын захирал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан.

Банкны салбарт ажиллаж байхдаа албан тушаалын давуу байдлаа ашигласан асуудалд мөн холбогдож байсан нэгэн юм. Түүнийг хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан Транс банкны  хувь эзэмшдэг гэдэг.

Г.Батжаргал

Эх сурвалж: Itoim.mn  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.