Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цахим хэрэглээ хурдтай хөгжиж байна. Манай улсад ч гэсэн энэ хэрэглээ өндөр байгаа. Гурван сая гаруй иргэнтэй мөртлөө хоёр сая долоон зуун иргэн цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг. Цар тахлын үед иргэд гэрээсээ онлайнаар ажиллах, бараа бүтээгдэхүүнээ худалдах, худалдаж авах зэрэг цахим орчны харилцаа нэмэгдсэн. Харин луйварчид энэ боломжийг хүлээж байдаг. Шинэ нөхцөл байдал үүсэх бүрт залилан хийх аргаа нарийн төлөвлөж ажилладаг. Хамгийн гол нь танд юу дутагдалтай болохыг таниас түрүүнд мэдэж ажиллах аргаа боловсруулдаг гэсэн үг.
Хэдэн жилийн өмнө иргэдийн мэдлэг, мэдээлэл муутайг далимдуулан хүүтэй мөнгө зээлнэ, барьцаагүй мөнгө зээлдүүлнэ гэх мэт залилангийн хэргүүд ихээхэн үйлдэгддэг байсан бол одоо илүү нарийсаж мэйлээр та азтан боллоо, та “Green card” хожлоо энд дарж нэвтэрж шалгана уу зэрэг баталгаагүй, таныг итгүүлсэн санал ирэх нь нэмэгдэх хандлагатай болсон. Тэгэхээр энэ мэт нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид тоглолт хийдэг.
Мөн ажлын санал тавих, онлайн бизнес санал болгох, бараа бүтээгдэхүүн санал болгох гэх мэтчилэн олон аргаар залилах болсон байна. Өөрөөр хэлбэл залилагч этгээд тухайн цаг үед иргэдийн дунд ямар асуудал тулгамдаж байна түүн дээр санхүүгийн луйварчид тоглолт хийдэг гэсэн үг.
Тэгвэл энэ ЭРСДЭЛЭЭС бид өөрийгөө болон хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?
Дашрамд дурдахад, 2020 оны нэгдүгээр сараас эхлэн Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай хэрэгжүүлсэн. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын 20-ны өдрөөс орон даяр зохион байгуулж байна.
“Нягтлах тусам аюулгүй” аянг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй.
Цахим халдлага, цахим луйвар үйлддэг гэмт хэрэгтнүүд танаас ямагт нэг алхам өмнө явааг битгий мартаарай.
24news.mn