Ганцхан товчлуур дарахад л цахим гэмт хэргийн хохирогч болох аюул биднийг отож байдгийг та мэдэх үү? Орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч гэмт этгээд таныг “олзолж” чадна. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас энэ төрлийн гэмт хэрэг газар авсныг анхааруулав.
Сүүлийн үед сошиал орчны хэрэглээ өсөхийн хирээр үүнийг дагасан цахим залилангийн гэмт хэргүүд их бүртгэгдэх болжээ.
Тодруулбал, 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар цахим орчинд 19 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс фэйсбүүк орчинд иргэдийг залилсан 15 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа аж. Эдгээр гэмт хэргээс харахад иргэд фэйсбүүкийн баталгаагүй линкээр нэвтрэн орсноор хувийн мэдээлэл болон нууц үгээ алдаж гэмт хэргийн хохирогч болжээ. Залилагч этгээд бүртгэлтэй гар утасны дугаар, цахим шуудангийн мэдээлэл ашиглан, интернэт банкных нь нэвтрэх нэр, нууц үгийг сэргээж, мөнгийг нь шилжүүлэн авдаг байна.
Мөн хуурамч цахим шуудан, фэйсбүүк, твиттер хаяг нээн олон нийтийн сүлжээнд анхаарал татахуйц мэдээлэл байршуулж, иргэдийг итгүүлдэг. Жинхэнэ юм шиг харагдах тэр хуурамч холбоосоор дамжуулан бусдын фэйсбүүк болон цахим шууданд нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг нь мэдэж авдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхийг фишинг хэмээдэг. Олон нийтийн сүлжээнд хуурамч хаягаас “Өндөр цалинтай ажилд оруулж өгнө, дуртай киногоо доорх хаяг дээр дарж үзнэ үү” гэх мэт холбоосыг хүмүүс рүү илгээдэг. Та цахим орчинд байхдаа иймэрхүү эх сурвалж нь баталгаагүй мэдээлэл олныг харсан байх. Уг холбоос руу нэвтэрсэн хүн бүр фэйсбүүк, цахим хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг алддаг байна.
Мөн энэ төрлийн гэмт хэргээс гадна хилийн гаднаас үйлдэгдэж байгаа цахим залилангийн гэмт хэргүүд ч их байна. Олон гишүүнтэй, идэвхитэй фэйсбүүк групп, хандалт их авсан постны доор ч юмуу, чатаар “бага хүүтэй их хэмжээний мөнгө зээлүүлнэ” гэх төрлийн зар их явж байгааг та ч харсан биз. Иргэд ийм төрлийн зард хандсанаар зээлийн анкет бөглөхөөс эхлээд хувийн мэдээллээ алдахаас гадна шимтгэл болгож шилжүүлсэн мөнгөө алдаж байгаа тохиолдол их байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тэгвэл залилагч этгээдийг хэрхэн таних вэ?
Залилагчийг таних маш амархан. Тэд танд итгэл үнэмшил төрүүлж, маш их хэмжээний мөнгийг богино хугацаанд олж өгнө гэдэг. Өөрөөр хэлбэл, хялбар аргаар, богино хугацаанд их мөнгө амлаж л байвал тэр залилагч байх өндөр магадлалтай юм. Жишээ нь ямар нэгэн байдлаар сургуулийн диплом гаргуулах, гадаадын виз гаргуулах, тендер зөвшөөрөл авах, мөнгийг чинь өсгөөд өгье хэмээн хэлэх, гэртээ сууж байгаад мөнгө олох гэх мэт хэрэгцээнд тань тулгуурлан таньтай найз болдог. Та хувийн мэдээлэл болон хүсэл сонирхолоо олон нийтийн сүлжээнд байрлуулснаар залилагчийн өгөөш болдог.
Залилагчийн хамгийн их хэлдэг үг нь ХУРДАН, ХУРДАН, ХУРДАН.
Бусдын гуйлт, ятгалгыг нягтлахгүй зөвшөөрөх, өөрийн дансны мэдээллийн нууцлалыг хадгалахгүй байх нь залилагчдад боломж олгож байгаагаас ялгаагүй гэдгийг ТА МЭДЭХ ҮҮ?
24news.mn