1914-1918 оны хооронд үргэлжилж, 40 сая гаруй хүний амийг авч одсон дэлхий дахины анхдугаар их дайн хэдий түүхийн хуудаснаа хар бараан мөр үлдээсэн ч өнөө бидний амьдралын салшгүй хэсэг болсон дараах онцгой зүйлс, содон нээлтүүдийг хүн төрөлхтөнд “бэлэглэжээ”.
10
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ
Дайн эхлэхээс өмнө Америкийн нэгэн жижигхэн компани хөвөн даавуугаар ариун цэврийн хэрэглэл хийж худалдаж байсан ч олигтой ашиг олсонгүй. Харин компанийн ахлах судлаач Герман, Австри болон Скандинавын орнуудын цаасны үйлдвэрүүдээр 1914 онд аялахдаа энгийн цаасыг хөвөн болон нийлэг эдтэй хольж боловсруулан самбайгаар ороовол жирийн хөвөнгөөс тав дахин нягтралтай болохыг олж мэджээ.
АНУ 1917 онд дайнд татагдан орсны дараа дээрх компани цэргийн эмнэлэгт зориулж мөнөөх хөвөн материалаа их хэмжээгээр буюу 1 минутад 150 метрээр нь үйлдвэрлэх болов. Харин байлдааны бүсэд ажиллаж байсан Улаан загалмайн нийгэмлэгийн сувилагч нар боловсруулсан хөвөн өөрсдөд нь хэрэгтэй эд болохыг нээснээр мөнөөх жижигхэн компанийн ашиг орлого нэмэгджээ. Тэрхүү компанийн нэр бол өдгөө ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн нэг болсон алдарт “Kimberly-Clark” бөгөөд 1920 оны аравдугаар сард тэдний анх худалдаанд гаргасан эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл нь “Kotex” аж. “Kotex” нь cotton texture буюу хөвөн даавуу гэсэн үгийн товчлол юм.
Эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл худалдах нь эхэндээ амар байсангүй. Энэ нь нэг талаар эрэгтэй худалдагчаас эмэгтэйчүүд ийм төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахаас ичиж, санаа зовдог байсантай холбоотой. Тиймээс “Kimberly-Clark”-ынхан эмэгтэй худалдан авагчдад зориулан өөртөө үйлчлэх багахан булан бий болгож, мөнгөө үлдээх хайрцаг тавьжээ. Харин жижигхэн хайрцагт мөнгө хийн, оронд нь цэвэр хөвөн материал авах эмэгтэйчүүдийг харсан “Kimberly-Clark”-ынхан целлюлоз материалыг индүүдэн нимгэхэн, зөөлөн эд гаргаж авах, түүнийгээ цэвэр байлгахын тулд хайрцаглах санаа олсон байна. Ийнхүү тэд амны анхны цаас буюу сальфеткийг 1924 онд худалдаанд гаргасан нь эдүгээ брэнд болсон “Kleenex” юм.
1918 оны өвөл гэхэд Берлиний хүүхдүүдийн тэн хагас нь сульдаатай, рахит өвчтэй байлаа. Яс нь хэврэгшиж, биеийн галбир нь алдагдсан хүүхдүүдийг хоол ундгүйгээс болж өвдөж байна гэж таамаглаж байсан ч нарийн учир шалтгааныг нь Берлин хотынхон мэдэхгүй байв. Харин Курт Хулдшинский гэдэг эмч өвчтөнүүдээ цонхийж цайсныг анзаарч, дөрвөн хүүхдийг хэт туяагаар ээх туршилтад оруулжээ. Эмчилгээний явцад хүүхдүүдийн үе мөч чангарч, тэнхэрсэн тул Хулдшинский эмч 1919 оны зун хүүхдүүдийг нарны илчээр эмчилж эхэлсэн байна. Туршилт амжилттай болсон тул Герман даяар хүүхдүүдийг нарны илч, нил өнгийн хэт туяан дор суулгаж эхлэв. Дрезден хотод л гэхэд замын дагуух гэрлүүдийг хүүхдийн эмнэлэгт ашиглахаар буулгаж байлаа.
Хүний ясыг бат бөх байлгахад D витамин голлох үүрэгтэйг судлаачид олон жилийн дараа нээсэн юм. Харин тэр хүртэл эмчилгээний туяа хүүхдүүдэд гол амин дэм болж байсан бөгөөд дайны уршгаар бий болсон хоол тэжээлийн дутагдлын дүнд дэлхий нийт анагаагч туяаны шидийг ийнхүү нээжээ.
Урь орж, өдөр уртсахад цаг наашлуулж, намар болмогц буцааж түлхэх санаа дайн эхлэхээс өмнө олон хүнээс гарч байлаа. Бенжамин Франклин хүртэл тэртээ 1784 онд “Парисын мэдээ” сонинд илгээсэн захидалдаа энэ тухай дурдсан байдаг. Хүмүүсийг унтаж амрахаас өмнө нар жаргаж, олон лаа үрэгддэг бол өглөө эртийн нарны илч туяаг хүмүүс ашиглаж чадахгүй байна хэмээн тэрбээр бичжээ. 1895 онд Шинэ Зеландад, 1909 онд Англид мөн энэ талаар нэлээд өргөн хүрээнд ярьж байсан ч ажил хэрэг болоогүй байна. Харин Дэлхийн I дайны үеэр буюу 1916 оны дөрөвдүгээр сарын 30-нд Германд анх цаг түлхсэн бөгөөд үдшийн 23.00 цагийг шөнө дунд руу шилжүүлснээр германчууд нүүрсний хомсдолоос сэргийлж байлаа. Британичууд Германаас санаа авч гурван долоо хоногийн дараа, харин америкчууд 1918 оны гуравдугаар сард тус тус зуны цагийн хуваарьт шилжжээ. Дайны дараа цаг хэмнэх аргачлалыг халсан ч удалгүй олон улс нийтээрээ ашиглах болсон юм.
Америкийн нэгэн цай үйлдвэрлэгч 1908 оноос цайгаа цаасанд ороон үйлчлүүлэгчдэдээ илгээх болж, худалдан авагчдын нэг нь боодолтой цайгаа санаандгүй юм уу, санаатайгаар ч юм уу буцалсан усанд дүрж орхисноор цайны уут бий болсон гэлцдэг. Гэхдээ “Teekanne” хэмээх герман компани энэ явдлаас санаа авч, хөвөн эдээр бүрсэн цайны ханд үйлдвэрлэж эхэлсэн нь дайны талбар дахь цэргүүдэд зориулсан эд байлаа. Тэд энэхүү бүтээгдэхүүнээ “Цайны бөмбөг” гэж нэрлэж байжээ.
Бугуйн цагийг зөвхөн дайчдад зориулан бүтээсэн гэдэг нь ор үндэслэлгүй. Гэхдээ Дэлхийн I дайн бугуйн цагны хөгжилд хамгийн их нөлөөлсөн нь хөдөлбөргүй баримт юм.
XIX зууны сүүлч, XX зууны эхээр эрчүүд халаасны, харин дээдсийн хүрээний эмэгтэйчүүд хүзүүний цаг зүүдэг байв. Харин гоёл чимэглэл төдий байсан энэ зүйл дайны үеэр гарцаагүй хэрэглээ болжээ. Ялангуяа фронтын дайчид болон нисгэгчид харахад хялбар цагтай байх шаардлага гарсныг Английн “Mappin&Webb” компани соргогоор анзаарч, халаасны дугуй цагны хоёр талд нүх гарган оосор зүүжээ. Галын шугам дээр харилцах хэцүү тул байлдагчид гал нээх цагаа тохиролцох боломжтой болсон нь бугуйн цагны олон давуу талын нэг байлаа.
Цаг үйлдвэрлэгч “H Williamson” компанийн тооцоогоор Дэлхийн I дайны үед Холбоотны дөрвөн цэрэг тутмын нэг нь бугуйн цагтай байжээ. Өнөө цагийн хамгийн үнэ цэнэтэй цаг ч гэсэн 100 жилийн тэртээх дайнтай холбоотой. Францын зохион бүтээгч Луи Картьегийн 1917 онд бүтээсэн Танкан цаг буюу Картьегийн танк нь Францын “Рено FT-17” танкны хэлбэрээс санаа авсан бүтээл юм. Оддын хэрэглээ гэгддэг энэ цаг Жэки Кеннеди, Диана гүнж, Мишель Обама, Анжелина Жоли нарын дуртай цаг аж.
Буурцагны зайдсыг Америкийн хиппичүүд 1960-аад онд бий болгосон гэж олон хүн таамагладаг. Харин энэ түргэн зуушийг Дэлхийн II дайнаас хойших Германы анхны Канцлер болох Конрад Аденауэр бүтээжээ. Тэрбээр I дайны үед Кёльн хотын захирагч байв. Британийн арми хотыг эзэлж, хоол хүнс хомсдож эхлэхэд К.Аденауэр хамгийн ховор хүнс болсон махыг орлох хүнсний эрэлд гарав. Эхлээд цагаан будааны гурил, арвай, румын эрдэнэшишийн нунтаг зэргийг хольж, илчлэгтэй талх хийн ард иргэддээ тарааж байсан ч Румын улс дайнд оролцох болсноор эрдэнэшишийн нийлүүлэлт зогссон байна. К.Аденауэр эрдэнэшишийг орлох хүнс удаан хайжээ. Харин махтай төстэй амттай, эрдэнэшишээс ч илүү амт сайтай нэг зүйл олсон нь буурцаг байлаа. Буурцагтай зайдсаа К.Аденауэр Энхийн зайдас хэмээн нэрлэж, Германы Зохиогчийн эрхийн хороонд бүртгүүлэхийг хүссэн ч махгүй учир патентын хорооныхон зайдас нэрээр бүртгэхээс татгалзжээ. Харин тэр үед Германы дайсан байсан Британийн V Жорж хаан Энхийн зайдсыг 1918 оны зургадугаар сарын 26-нд шинэлэг хүнс болохыг нь зөвшөөрч, зохиогчийн эрх олгосон түүхтэй.
XIX зууны дунд үеэс хойш зохион бүтээгчид товч, дэгээ, бүч зэргийн давуу талыг хадгалсан, хувцасны шинэлэг товч бүтээхээр оролдсон нь олонтаа. Тэднээс хамгийн их амжилт олсон нь швед гаралтай, Америкийн зохион бүтээгч Гидеон Сүндбэк юм. Тэрбээр “Universal Fastener” компанийн тэргүүнээр ажиллаж байхдаа жижиг төмөр шүднүүдийг оньслон түгжих бэхлэгч бүтээж, 1914 онд анх нийтэд танилцуулжээ. “Дэгээгүй бэхлэгч” нэрээр 1917 онд АНУ-ын Зохиогчийн эрхийн хороонд бүртгүүлсэн эл бүтээл нь өнөө цагийн цахилгаан товч юм. АНУ-ын Зэвсэгт хүчин 1917 онд дайнд мордохдоо Г.Сүндбэкийн “бэхлэгч” бүхий дүрэмт хувцас, түрийтэй гутлаар хэдийнэ жигдрээд байлаа. Дайны дараа цахилгаан товч энгийн иргэдийн дунд түгж, 1940-өөд оны сүүлч гэхэд бараг бүх хувцас ийм “гоёл”-той болжээ.
Британийн Зэвсэгт хүчин дайн дэгдэхээс ч өмнө зэр зэвсэг хийхэд тохиромжтой металл хайж байлаа. Нэг дор олон дахин галлах, доторх сум нь халуунд хэт халах зэрэг шалтгаанаар бууны гол төмөр дорхноо мурийдаг байсан нь гол бэрхшээл байв. Английн Шеффилд хотын төмөрлөгийн мэргэжилтэн Харри Брирли 1913 онд хатуу хайлш олох дарга нарынхаа даалгавраар цэвэр ганг хромтой хольж туршсан ч санасан үр дүндээ хүрээгүй тул хайлшаа хаяж орхижээ. Харин дараа жил нь дайн эхлэхэд мөнөөх хайлшаа дахин боловсруулж, хэсэг хугацааны дараа хартал өнгөө алдаагүй байсан нь Х.Брирлийг дуу алдуулсан гэдэг. Түүний нээлтийг Дэлхийн I дайны үед байлдааны онгоцны хөдөлгүүр хийхэд анх ашиглаж байв. Харин тэр цагаас хойш халбага, сэрээнээс эхлээд гал тогооны бүх л хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж зэрэг өргөн хэрэглээний төмөрлөг эд бүрийг зэвэрдэггүй гангаар хийж байна.
Дэлхийн I дайнаас өмнө нисгэгчид газар дээр үлдсэн хүмүүстэй бүү хэл хоорондоо ч харилцах боломжгүй байлаа. Харин дайны эхэн үед цахилгаан холбоогоор харилцаж байсан ч пуужин, танкны дайралтаас болж холбоо тасрах нь их байв. Хурдан гүйдэг цэргүүдээр хэл хүргэх, туг дарцаг хийсгэх, шууданч тагтаа нисгэх, гэрэл анивчуулах зэрэг холбооны хэд хэдэн арга байсан ч аль аль нь хүндрэлтэй байжээ. Заримдаа орилж хашгирч, дохио зангаагаар ойлголцохоос өөр арга байсангүй. Аз болоход, энэ үед радио технологи бий болоод байв. Харин түүнийг хөгжүүлж, цэргийн зориулалтаар анх ашигласан нь англичууд юм. Английн Брүклэндс хотын Холбооны газрын ажилтнууд байлдааны онгоцонд анх радио холбоо суулгаж, нисгэгчийг сатааруулахгүйн тулд микрофон, чихэвчийг нь хүртэл хамтад нь байрлуулжээ. Дайны дараа энэхүү системийг иргэний агаарын тээвэрт ашиглах болсон байна.
эх сурвалж: arav.mn
24news.mn