Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
Тус хэргийн талаарх мэдээлэл болон хохирогчийн нэрсийг http://www.bkhs-criminalcourt.gov.mn// сайт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн фейсбүүк хуудсаар тухай бүр мэдээлэх болно.
Хэргийг эргэн сануулахад,
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь “Жи Тайм” гэх компанийг үүсгэн байгуулсан байдаг. Тус компани нь Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ.
Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас гэр бүлийнхээ хамт хилээр гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Гэвч хэргийн холбогдогч мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан.
Энэ хэргийн улмаас тус сүлжээнд элсэж, хохирсон 11 мянга 734 иргэн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна. Нийт 6.9 тэрбум орчим төгрөг, 400 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашин, 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хохирогч нарын нөхөн төлбөрийг төлүүлэхээр битүүмжлээд байсан юм.
Тэгвэл “Жи тайм” гэх сүлжээг Монголд оруулж ирэн манай олон мянган иргэнийг хохироосон хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Казахстаны иргэн Маженов Марат болон манай улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт 2019 оны долдугаар сард дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн аж. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид энэ сүлжээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс 11 734 иргэн элсэж, 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг нь тогтоогоод буй. Прокурорын хяналтад шилжсэнээс хойших олон сарын хугацаанд прокурор, мөрдөгч, шинжээч нар хохирлын тооцоог дахин нягталж, хүн нэг бүрт ногдох хэмжээг дахин тогтоохоос гадна тайлбар мэдүүлгээ дутуу хагас өгсөн иргэдээс ч дахин байцаалт авсан гэнэ. Ингээд М.Маратад холбогдох үйлдлийг нь тусгаарлаж, Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор удахгүй шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсныг мөрдөх байгууллагын хэд хэдэн эх сурвалж хэллээ.
24news.mn