Ирэх дөрвөн жил төрд хэнээр төлөөлүүлж, засгийн эрхийг хэнд бариулахаа шийдэх сонголтоо монголчууд сарын дараа хийнэ.
Энэ жилийн сонгуульд 500 гаруй хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд буй. Тэдний дунд сонгогчдын арван хуруу шигээ мэддэг болсон нь ч бий, сургийг нь дуулаагүй шинэ горилогчид ч бий. Сонгогчид мэдээлэлтэй байж, хэрсүү сонголт хийхэд нь нэмэр болох үүднээс нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг “Хэн нь хэн бэ” булангаараа хүргэж байна. Энэ удаа УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Булган аймагт нэр дэвшиж буй хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.
Булган бол үе үеийн сонгуулиар МАН-д илүү итгэл хүлээлгэдэг “улаан” тойргуудын нэг. Хэдийгээр СЕХ нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаагүй ч нам, эвслүүдийн нэр дэвшүүлэлтийн мэдээллээс харвал, хоёр мандаттай тус тойрогт МАН-аас Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, АН-аас С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр, ЗОН-аас А.Манлайбаатар, “Зөв хүн электорат эвсэл”-ээс Б.Гүнбилэг, “Сахигтун, Үндсэн хуулийн эвсэл”-ээс Л.Отгонжаргал, Ч.Эрдэнэчимэг, “Та, бидний эвсэл”-ээс Ш.Булган, Б.Санчир, “Шинэ эвсэл”-ээс Ц.Мэндээ нарын хүмүүс “уралдах” нь. Олон нам, эвсэл хүнээ нэр дэвшүүлсэн харагдаж байгаа ч гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд өрнөх нь тодорхой.
Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, салбартаа танигдсан нэгэн хэдий ч нийтэд төдийлөн танил бус тэрбээр “Байраа зараад сонгуульд өрсөлдөнө” гэх мэтийн марзан зүйл ярьж, микрофон барин сурвалжилга хийх зэргээр сонгуулийн өмнөх улстөрчдийн жишгээр “алиалж” олны анхаарлыг татах пиар чамгүй хийж байгаа.
Өмнөх долоон удаагийн УИХ-ын сонгуулийн зургаад нь тус тойрогт МАН ялсан. Найдвартай дэмжигч байж ирсэн Булганы тойргоо энэ сонгуулиар “улаан”-аар нь хадгалж чадах, эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, МАН-ын сойсон хоёрын нэг Ц.Анандбазар олны дунд нэр муутай нэгэн. Угаас, эрх баригч намын удирдлага энэ сонгуульд муу түүхгүй нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн хэрнээ Ц.Анандбазарыг Булган руу явуулсан нь ам, ажил зөрсөн хэрэг байв. Н.Энхбаярыг Соёлын сайдаар ажиллаж байхад нь шадар туслахаар нь ажиллаж, улс төрийн замналаа эхлүүлсэн гэгддэг Ц.Анандбазар улс төр, бизнесийн салбарт удсан хэрээрээ хар бараан түүх зузаантай.
Тэрбээр 2008 оны сонгуульд нэр дэвшихээр горилж явахдаа “Би Булганых” хэмээн тус аймгийн сонгогчдыг тойлдог байсан. Тэгснээ тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, хутга шөвгөндөө тулсан гэсэн хэл аманд ороогдсон. Тэр жил УИХ-д дэвших эрх намаасаа авч чадаагүй тэрбээр нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж, “Би нэгдүгээр хорооллын хүүхэд” хэмээх болсон. 2012 оны сонгуулийн өмнө мөн л нутгаа өөрчилж, “Би Дорноговийн Сайхандулаан сумынх” гэчихсэн таваргаж явсан. Тэрбээр 2012 онд Дорноговьд нэр дэвших бэлтгэлээ хангачихсан явсан ч хуулийн байгууллагад шалгагдаж, баригдаж, хоригдоод сонгуульд оролцож чадаагүй юм.
Ц.Анандбазар байсхийгээд л шүүх цагдаад дуудагдаж, хоригдож, саатуулагдаж явдгаараа зартай. Тухайлбал, 2003 онд рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, Ганцхудагт хоригдож байв. Мөн түүнийг төрийн мөнгөөр тэжээгддэг том толгойтнуудын нэг гэдэг. Онгоцны шатахууны ханш тонн тутам нь 710 ам.доллар байхад Ц.Анандбазарын “Сод Монгол” компани МИАТ-д 1065 ам.доллароор шахдаг талаар нь УИХ-ын гишүүд чуулганы танхимд ярьсан удаатай. Тэгэхдээ “Ц.Анандбазар орос түншүүдээрээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхныг дарамтлуулсан” хэмээн бухимдацгааж, төрийн яамыг дарамтлуулдаг том толгойтой нөхрийг дарах аянд мордоцгоож байлаа. Энэ мэтчилэн түүний тухай хар бараан яриаг багтаана гэвэл сонины талбай хүрэхгүй.
Сүүлийн үеийнхээс нь дурдахад, Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн байхдаа “Японы хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Шинэ нисэх онгоцны буудал гэдэг томоохон төсөл сүүлийн арваад жилд хэрэгжиж байгаа. Энэ зээлийн хүрээнд 5.3 сая иень буюу монголоор 125 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Үүнийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компанид ашиглуулах ёстой байтал “Содмонгол” компанитай шууд гэрээлэхээр болсон. Үүний дараа МИАТ-ын дэд захирал “Содмонгол”-ын Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан гэсэн мэдээлэл явсан. Энэ мэдээлэл Засгийн газрын дээрх шийдвэрээс 14 хоногийн дараа гарсан. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа. Ц.Анандбазар ч гэсэн тэр үед гадагшаа зугтаасан. Надад нотлох баримтууд нь байгаа” хэмээн мэдэгдэж байлаа. Энэ мэтчилэн хулгай, дээрмээс эхлээд авлига, хахууль хүртэлх бүх л гэмт хэрэгт нэр нь холбогддог Ц.Анандбазарт Булганыхан итгэл хүлээлгэх нь юу л бол.
Өнгөрсөн дөрвөн жилд булганчуудыг парламентад төлөөлсөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намаасаа дахин мандат авсан. Түүний амьдралын цөөнгүй жил зам тээврийн салбартай холбоотой. МИАТ, Монголын төмөр зам ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, ЗТАЖ, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрбээр анх удаагаа парламентад сонгогдсон шинэ гишүүн боловч У.Хүрэлсүхийн Зас¬гийн газрын бүрэлдэ¬хүүнд багтаж, Зам тээврийн хөгжлийн сайд болсон нь салбартаа нэр хүндтэйнх болов уу. Ж.Бат-Эрдэнэ 2018 онд яамны албан хаагчдын гаргасан асуудалд ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилд хэр ажиллаж, булганчуудыг төрд төлөөлөх үүргээ хэрхэн биелүүлснийг сонгогчид нь дүгнэнэ биз ээ.
АН-д төдийлөн итгэл хүлээлгэдэггүй булганчуудад АН олны танил болоогүй “цоо шинэ” нэр дэвшигчид илгээжээ. Цэнхэр намаас Булганд мандат авсан эхний хүн бол аймгийн АН-ын дэд дарга С.Гал-Эрдэнэ. Тэр эхнэр, дөрвөн хүүхэдтэй, “MGT майнинг” компанийн захирлаар ажилладаг. Яармагийн гэр хороололд өссөн, ХААИС-ийг газрын кадастрын мэргэжлээр төгссөн, багаасаа машин угааж, хиаман цехийн борлуулагч хийсээр харуул хамгаалалтын алба байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлсэн гэхээс өөр түүний талаарх мэдээлэл хомс.
Дараагийн хүн нь УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Орхонд нэр дэвшихээр горилж байсан Д.Өсөхбаяр. Тус тойргийг нэлээд усалж, өөрийгөө таниулах ажил чамгүй хийж байсан түүнийг АН Эрдэнэтэд бус Булганд илгээжээ. Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Орхон аймгийн МоАХ-ын дарга, “Орхон чандмань” компанийн захирал Д.Өсөхбаярыг энэ сонгуульд өрсөлдөж буй Ерөнхийлөгчийн багийн хүн гэж болно. Д.Өсөхбаяр улс төрд шинэ хүн. Тэр 2012 оноос АН-ын гишүүн, 2015 оноос Орхон аймгийн намын хорооны гишүүнээр сонгогдсон бол 2016 оноос аймгийн МоАХ-ны даргаар ажиллаж буй юм. “Эрдэнэт үйлдвэр”-т таван жил ажилласан, Солонгост модны үйлдвэрт жил гаруй шургааг зөөсөн тэрбээр Эрдэнэтэд “Чандмань” бөөний төвөө байгуулснаар бизнесийн гараагаа эхэлсэн. Худалдаа үйлчилгээ, барилгын салбарт бизнес эрхэлдэг.
Сонгуулийн гол өрсөлдөөн хоёр том намын дунд л өрнөдөг зүй тогтол энэ удаа ч давтагдах нь ойлгомжтой. Харин тэдний хүчтэй өрсөлдөгч нь хуульч Б.Гүнбилэг байх болов уу. М.Энхболдыг УИХ-ын дарга байхад хуулийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан түүнд МАН мандат өгөөгүй учир “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн. Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, салбартаа танигдсан нэгэн хэдий ч нийтэд төдийлөн танил бус тэрбээр “Байраа зараад сонгуульд өрсөлдөнө” гэх мэтийн марзан зүйл ярьж, микрофон барин сурвалжилга хийх зэргээр сонгуулийн өмнөх улстөрчдийн жишгээр “алиалж” олны анхаарлыг татах пиар чамгүй хийж байгаа.
Бас олны танил нэгнийг ашиглаж өөрийгөө таниулах тактикийг ч хэрэглэж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу нэлээд ноцсон. Хоёр мандаттай Булганы тойргийн нэр дэвшигчдийг харахад хоёр томоос бусад нам, эвсэл, бие даагчдад нэг “нүх” гарч мэдэхээр дүр зураг тодорч байгаа. Тэгэхээр зэгсэн тактиктай үзэж буй, суурь сайтай Б.Гүнбилэгт УИХ-д орох боломж байж мэдэх юм. Харин бусад нэр дэвшигчийн тухайд намтраа зузаатгахаас өөр үр дүнг өөрсдөө ч энэ сонгуулиас хүлээгээгүй биз.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
24news.mn